Израилийн гадаад хэргийн дэд сайдын мэдэгдсэнээр АНУ, Гватемалын жишээгээр дахин 10 улс Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрөх гэж буй гэнэ.
Гватемалын ерөнхий сайд Жимми Моралис өнгөрсөн ням гаригт дээрх шийдвэрийг гаргаж, элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэхээ мэдэгдсэн.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдаан дээр Иерусалимын статусын талаарх АНУ-ын шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолыг 128 орон дэмжиж, есөн улс эсэргүүцсэн. АНУ болон Израилаас гадна уг тогтоолыг эсэргүүцсэн долоон орны нэг нь төв Америкийн ядуу буурай Гватемал улс юм. Бусад зургаан улс нь Гондурас, Маршаллын арлууд, Микронез, Науру, Палау болон Того ажээ. Израилийн гадаад харилцааны дэд сайд Иерусалимын талаарх АНУ, Израилийн статусыг хүлээн зөвшөөрөх гэж буй орнуудын нэрийг зарлаагүй боловч дийлэнх нь Христийн шашинтай гэж хэлжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын тогтоолд санал өгөхөөс түдгэлзсэн Филиппин, Чех болон Румынь зэрэг орнууд АНУ, Гватемалыг дагаж, шийдвэр гаргах магадлалтай байна.
Израиль Палестины зөрчлийн эмзэг асуудал болох Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн зарласнаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп бүс нутагт тодорхойгүй нөхцөл байдал авчрахын зэрэгцээ АНУ-ын дипломат бодлогод ухралт хийсэн гэж олон улсын шинжээчид хэлж байгаа юм.
Эх сурвалж: reuters