“Идэж, уух нь дутаад ирэхээр эдийн засгаа үүрч яваа ажилчдынхаа халаасыг хоослох боловсон дээрэм татварыг эрс эсэргүүцэж байна” гэсэн бичигтэй самбар барьсан эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд өнөөдөр /2017.12.26/ ирэх оноос хувь хүний орлогын татварыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж буй эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын тэтгэврийн насыг хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилчидтай адилтган таван жилээр нэмэгдүүлсэн. Гэтэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж буй энэ салбарын ажилчдын авсан цалингаас илүү татвар авах хууль эрх зүйн орчинг хэрэгжүүлэх гэж байгаа нь шударга биш гэдгийг салбарын төлөөллүүд хэлж байв. Мөн тэд УИХ, Засгийн газарт шаардлагаа хүргүүлнэ гэв.
“Цалингаасаа сард 30 мянган төгрөгийн татвар төлөх болно”
“Ирэх оноос хувь хүний орлогын албан татвар хэрэгжсэнээр бидний цалингаас сард дунджаар 30 мянган төгрөгийн татварыг суутгана. Уг татварын хэрэгжүүлэхээсээ өмнө өрхийн гишүүдийн тоог бас харгалзаж үзэх ёстой. Өнөөдөр уул уурхайн салбарт ажиллаж буй нийт ажилчдын үндсэн цалин нь 2.3 сая төгрөг биш шүү дээ. Энэ салбарын ажилчдын үндсэн цалин нь 1.5 сая төгрөг. Үүн дээрээ илүү цагийн, шөнийн, хээрийн нэмэгдлээ л нэмж авдаг. Бид гэр бүлээсээ хол газар өглөө 05:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл ажилладаг. Засгийн газраас судалгаагүй, тухайн салбарынхны санал бодлыг тусгаагүй ийм шийдвэр гаргах гэж байгаад бухимдаж байна” гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Ажилчдын хорооны дарга Н.Элдэв-Очир ярилаа.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг, экспортын 86 хувийг уул уурхайн салбарт үйлдвэрлэж байна. Одоогийн байдлаар уул уурхайн салбарт нийтдээ 46.579 ажилтан, эрчим хүчний салбарт 16 мянган ажилтан ажиллаж байгаа ажээ. Харин Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулснаар уул уурхайн салбарын 80 хувь нь буюу 37.256 ажилтан, эрчим хүчний салбарын 46 хувь буюу 7360 хүний гар дээр очих орлого буурна гэдгийг тооцооллыг гаргаад байгаа аж.
"Бид нийгмийн дундаж давхаргын ажилчид"
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Уул уурхай, эрчим хүчний салбарын ажилчид нь дуу чимээ ихтэй, хортой нөхцөлд 1.3 км газрын гүнд орж, ажиллаж байна. Бид өдөр тутам амь нас эрсдэх, өндөр эрсдэлүүдтэй нүүр тулдаг. Манай салбарынхан мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр их өвчилж, эрүүл мэндээрээ хохирдог эрүүл мэндийн судалгаа ч бий. Тухайлбал, нийт мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүмүүсийн дотор нүүрсний уурхайд ажиллагсад 35.3 хувь, өнгөт металлийн уурхайд ажиллагсад 23.2 хувь, эрчим хүчний салбарт ажиллагсдын 14.6 хувийг тус тус эзэлж байна. Тийм учраас бидний цэвэр хөдөлмөрийн хөлсийг баячуудын цалингийн таван хувийн татвар гэж ард түмэнд ойлгуулж байна. Бид бол нийгмийн дундаж давхаргын ажилчид” гэв.
Мөн ‘Уул уурхайн салбарын ажилчны сарын цалин бол нэг өрхийн орлого. Ар гэр нь ажил хийх боломж байдаггүй. Дэлхийн маш олон орон энэ татварыг хэрэгжүүлдэг ч АНУ, Герман зэрэг оронд ганц хүний орлого болон өрхийн орлого гэсэн тусдаа хэлбэрээр шаталсан татварыг хэрэгжүүлдэг. Жишээлбэл, ганц бие хүн 2.5 сая төгрөгийн орлого олоод, 15 хувийн татварыг төлж байвал АНУ-д гэр бүлтэй бол таван сая төгрөгт 15 хувийн татвар ногдуулдаг. Энэ салбарын ажилчид үндсэн цалин болох 1.5 сая төгрөг дээрээ л хуулиараа олгогдсон нэмэгдэл цалинг авдаг. Гэтэл тэр хуулиар олгогдсон хөдөлмөрийн хөлсийг нь ‘дээрэмдэж’ байгаа нь шударга бус зүйл’ гэдгийг ‘Оюутолгой’ компанийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Г.Баярмаа тайлбарлав.
А.Сүрэн
Гэрэл зургийг Э.Энхбат