БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-ин 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 10 мянган вонд хүргэх амлалтын дагуу 2018 оны эхний өдрөөс эхлэн тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх юм. Эхний ээлжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогийн түвшнээс 16.4 хувиар нэмэгдэж, нэг цагийн хөлс 7530 вон болох юм.
Нийт ажил эрхлэгчдийн 23.6 хувьд энэ нэмэгдэл ашиг тусаа өгнө. Ялангуяа худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, загас агнуур, мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын цалин нэмэгдэх боломжтой гэж Ерөнхийлөгчийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ажлын албанаас мэдэгдсэн байна.
Гэхдээ ерөнхийлөгчийн энэ шийдвэр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж буй талаар Korea Times онцолжээ. Ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалин нэмэгдүүлэхийн хэрээр ажлын орон тоогоо цөөлөхөөс аргагүйд хүрч байгаа аж.
Өмнө Солонгосын Статистикийн албаны мэдээллээр 2017 оны зургадугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан цагаас хойш ресторан, дэн буудалд ажиллагсдын тоо тасралтгүй буурсан байна. Түүнчлэн тоног төхөөрөмж, худалдаа, үйлчилгээний салбар дахь ажил олголт аравдугаар сараас буурч эхэлжээ. Хаалгач, цэвэрлэгч, зөөгч гээд бага цалинтай ажил эрхлэгчид ажилгүй болох эрсдэл бий болсон байна.
С.ЦЭЛМЭГ