Н.Баярмаа: Би Норад хайртай

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

Н.Баярмаа: Би Норад хайртай

Н.Баярмаа: Би Норад хайртай

Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр саяхан энгэрээ мялаалгасан Н.Баярмаа өдгөө УДЭТ-ын нэгэн өнгө төрх болон гялалзаж буй. Тэрбээр театрынхаа тайзнаа Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, В.Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмиральда, М.Сервантесийн “Кихот ноён”-ы Мариторнес, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Шага хатан, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”-ын Пагмадуламын дүрээр олны танил болсон.

Найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, А.Чингүний “Намайг хайрла” , “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” зэрэг кинонд тогложээ. Түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлээс эхэлье?  

-Сайн, сайн байна уу. Одоогоор театрынхаа уран бүтээлд анхаарал хандуулаад тун завгүй л байна. Саяхан УДЭТ-ын уран бүтээлчид “Адууны түүх” жүжгээ үзэгч олондоо толилууллаа.

Миний хувьд энэ намар “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” олон ангит кинонд гол дүр бүтээлээ. Тус киноны нэгдүгээр бүлэг саяхан гараад дууссан. Харин хоёрдугаар бүлэг нь Univision кино санд удахгүй орох байх. Бид гурав киноныхоо дууг өөрсдөө дуулсан юм. Тэгээд дөнгөж сая дууныхаа клипний зураг авалтаас орж ирлээ.

-“Бүсгүйчүүд хайрыг хүснэ” киноны Болорын дүрээр дамжуулан үзэгчдэд юуг хүргэхийг зорьсон бэ?

-“Бүсгүйчүүд хайрыг хүснэ” кинонд гурван гол дүр байдаг. Эдгээр дүрүүдээр бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог асуудлыг харуулахыг зорьсон. Миний дүр ганц бие, биеэ даасан эмэгтэйн дүр л дээ. Анх зохиолоо уншиж байхад хөнгөмсөг эмэгтэй гэж үзэгчид дүгнэх вий дээ гэж бодож байсан. Амьдрал дээр ганц бие бүсгүйчүүд олон. Харин үзэгчид  хөөрхөн кино байна гэж хүлээн авсан. Миний хувьд энэ дүр маань их таалагдсан. Одоогийн байдлаар айхтар шүүмжлэл сонсоогүй байна. “Харин хайр эргэсэн хавар” кинонд эсрэг дүрд тоглосон юм. Тэр киноноос бага зэрэг шүүмж сонссон. Үзэгчид киног шууд үзсэнээрээ хүлээн авдаг учраас дүрийнхээ ньюансыг тооцоолох ёстой юм байна гэж их боддог болсон шүү. Гэхдээ ямар ч дүрд тоглосон жүжигчин хүн тэр дүрдээ сайн хувирдаг байх ёстой. Түүнд л жүжигчний гол мөн чанар, авъяас билэг бүхэн оршино.

-Та саяхан соёлын тэргүүний цол тэмдгээр шагнууллаа. Ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тухайн мөчид маш их баярлаж хүлээн авсан. Миний хүлээгээгүй шагнал байсан учраас гэнэтийн санаанд оромгүй явдал болсон. Театрынхаа хамт олонд маш их баярласан.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Дараачийн уран бүтээлийнхээ ажлыг төлөвлөчихсөн үү?

-Ирэх онд би театрынхаа уран бүтээлд түлхүү орно гэсэн бодолтой байна. Мэдээж кино урлагийг орхихгүй. Ганц хүний Монодрам хийж үзнэ гэсэн бодолтой байна. Монодрам бол жүжигчнээс их ур чадвар шаардсан төрөл. Хүн нэг зүйл хийгээд дуусахад илүү хөгжсөн, нэг алхам урагш алхсан байдаг санагддаг. Тиймээс ирэх жил үзэгчидтэйгээ Монодрамаар уулзах төлөвлөгөөтэй байна.

-УДЭТ-аар овоглоод таван жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд таны хамгийн их ур чадварыг  шавхсан, хайртай дүр тань юу байсан бэ?

-Жүжигчний мэргэжил бол насан туршдаа суралцдаг онцлогтой. Яагаад гэвэл дүр болгон өөр шүү дээ. Нэг хүн тэр олон дүрийг бүтээнэ гэдэг хэцүү. Миний хувьд УДЭТ-д 2012 онд ороод удалгүй, дагалдан жүжигчин байхдаа гол дүрд тоглож байсан. Тухайн үед Нора жүжгийн гол дүрд тоглосон юм, маш их сэтгэл хөөрч байж, билээ. Нэг ч жүжигт тоглож үзэлгүйгээр тийм том дүрийг бүтээнэ гэдэг хэцүү байсан шүү /инээв/.

Гэхдээ нэг л мэдэхэд ард нь гарчихсан. Тэгээд тухай бүрт өөрийгөө цэгнээд сайжруулах гэж хичээсэн. Нора жүжиг жилээс жилд чанаржаад улам гоё болж байгаа. Анхны дүр учраас Норад их хайртай. Түүнээс хойш хамгийн хэцүү санагдсан дүр гэвэл  Пагмадуламын дүрд тоглох хэцүү байлаа. Гэхдээ үзэгчдийн алга ташилт, магтаалын үгнээс их урам авдаг. Тайзан дээр надтай хамт хүмүүсийн сэтгэл хамт буцалж буйг мэдрэх жүжигчин хүний хамгийн аз жаргалтай мөч шүү.

-Урлагийн хүн байна гэдэг бусад хүмүүстэй харьцуулахад маш их чадвар хүч хөдөлмөр шаардсан мэргэжил шүү дээ. Золиослох зүйл их байдаг болов уу?

-СУИС-ийн багш гавьяат жүжигчин С.Сугар гэж мундаг хүн байдаг. Би тэр хүний шавь байсан юм. Багш маань хэлэхдээ урлагийн хүн гэдэг заавал золиос гаргадаг гэж хэлж билээ. Тухайн үед би амьдралыг зохицуулж болно гэж бодож байсан. Хэдийгээр тайзнаа гараад богино хугацааг өнгөрүүлсэн ч гэсэн үргэлж золиос гардаг юм байна гэдгийг олж харлаа. Үүнд эмзэглээд байх юм байхгүй. Золиосгүй амжилт, золиосгүй аз жаргал гэж байхгүй. Харин урлагийн хүнийх илүү том байж магадгүй. Ахмадуудын түүхийг сонсохоор их урам авдаг юм. Хамгийн дотно хүнээ алдчихсан атлаа тайзан дээр дүрээ амилуулж байсан жишээ олон сонссон. Тэр бол урлагийн хүний давах ёстой даваа гэж бодогддог. Хөшиг нээгдсэн л бол буцах зам байхгүй. Энэ бүхэн надад ч тохиолдож болно. Тиймээс аль болох сэтгэлээ тэнцвэртэй байлгахыг хичээдэг дээ.

-Одоогоор танд кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?

-Өнгөрсөн зун олон киноны санал ирсэн. Миний хувьд саяхан олон ангит кинонд тоглосон учраас энэ намар кинонд явах сонирхол багатай байсан. Уран бүтээлч хүний хувьд тоглосон дүр болгоноо өөртөө ч хэрэгтэй, өрөөлд үзэх дуртай кинонд тоглохыг боддог юм. Гэхдээ цаашдаа театрынхаа уран бүтээлд анхаарна гэсэн бодолтой байгаа.

-Тоглосон киногоо дараа нь  үзэхээр танд ямар санагддаг вэ?

-Кинонд тоглохоосоо өмнө би шууд л дүрдээ орчихдоггүй. Эхлээд шугамын дагуу бэлдээд явдаг. Тиймээс тоглосон дүр бүрээ эргэн нягталж,  алдаа оноо бүхий зүйлээ эргэцүүлэн боддог. Дараа нь үзэхэд мэдээж сайхан санагддаг.

-Тайзны урлаг гэдэг жүжигчин хүнээс маш их хүч хөдөлмөр авьяас шаарддаг. Таны хувьд дүрээсээ гарахад хэцүү зүйл байдаг уу?

-Театрын уран бүтээлд дүр авсан цагаасаа эхлэн судалгаа хийдэг. Тэр хүний оронд эхлээд өөрийгөө тавьж үзнэ. Хөдөлгөөн яриа хөөрөө зэргээр тэр дүрдээ аль болохоор шингэхийг хичээдэг. Тайзнаа сургуулилалт хийх явцад үнэхээр дүрийнхээ нэг хэсэг нь болсон үе байдаг. Гэхдээ дүрдээ орлоо гээд дараа нь өөрийгөө амархан чөлөөлж чаддаг байх хэрэгтэй гэж ахмад уран бүтээлчид зөвлөдөг юм. Үүний дагуу л дүрээсээ амархан гарч чаддаг.

-Та шүүмжлэлийг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Шүүмжлэлд үнэн үг их байдаг. Шүүмжлэлээс авах юм аа дотроо сэмээрхэн авчихдаг. Эмзэглэж өөрийгөө зовоодоггүй.

-Энэ хугацаанд таны зан чанартай хамгийн их дөхсөн дүр байдаг уу?

-Аливаа дүрийг амилуулах бүртээ хамгийн түрүүнд надтай адилхан зан чанар энэ дүрд юу байна вэ гэж боддог. Би нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэдэг үгтэй зарим талаар санал нийлддэггүй. Байгалийн хүчтэй өгөгдлийг дийлэхэд хэцүү. Гэхдээ аль болох дүрдээ нийцэхийг хичээдэг.

-Нийгэм хөгжиж залуу хүнээс маш их зүйл шалтгаалж байна. Та одоогийн залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Сүүлийн үеийн залуучууд дунд гэр бүл салалт их байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Залуучуудыг сатааруулдаг сайн муу зуршил их болчихсон байна. Хүн өөрөө л ухаантай байхгүй бол халтирхад амархан цаг үе болж. Өнөө үеийн залуусыг хорт зуршлаас хол, гэр бүлдээ үнэнч хайраар бялхуулдаг байгаасай л гэж боддог. Бас эрүүл энх байх нь хамгийн чухал шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж