АТГ-т шалгуулж байгаа "акулууд"

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

АТГ-т шалгуулж байгаа "акулууд"

АТГ-т шалгуулж байгаа "акулууд"

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж буй дуулиант хэргүүдийг тоймлож байна. Өнгөрсөн Засгийн газрын гурван ч сайд албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх хэрэгт холбогдон, шалгуулж буй.


Н.БАТБАЯР УЛСАД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллагдагчаар татсан эхний сайд нь Н.Батбаяр. УИХ-ын гишүүн асан тэрбээр 2012-2014 оны хооронд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг АТГ-аас албаны эрх мэдлээ хэтрүүлэн ‘’Монроуд’’ компанид хууль бусаар давуу байдал олгож улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт буруутган нэг жилийн өмнөөс шалгаж эхэлсэн. Улмаар Эрүүгийн хуулийн 264.2 зүйл заалтаар буруутгасан юм. Тодруулбал, энэхүү заалтад“…Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэжээ.  Улмаар энэхүү заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байсан юм.

Харин прокурор хэргийг хянаад хорь хоногийн өмнө /2017.12.06/ яллагдагчаар татах тогтоолыг баталжээ. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. 


М.СОНОМПИЛИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Эрүүгийн хэрэгт холбогдсон хоёр дахь сайд нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар  ажилласан М.Сономпил. Одоо түүнийг АТГ-аас яллагдагчаар татан гадуур байцааж байна. М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрт ашиг хонжоо олгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан “Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “СМЕК” компаниар гүйцэтгүүлэх гэрээ хийсэн гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.  Мөн барилга угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж буруутган шалгаж буй юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүний “Залуу Монгол” компанийн байр болон гэрт нь өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр нэгжлэг хийн шаардлагатай бичиг баримтыг хураан авсан. Ингээд хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авчээ.

 


ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС Д.ЗОРИГТЫГ ШАЛГАЖ ӨГӨХИЙГ ХҮСЧЭЭ

АТГ-т шалгуулж буй гурав дахь сайд нь 2014-2016 оны үед Эрчим хүчний сайдаар ажилласан Д.Зоригт. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дөнгөж шалгаж буй учир холбогдсон хэргийн мэдээлэл нь бүрхэг байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоол зэрэг бичиг баримтад үндэслэн Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийсэн аж. Эрх бүхий байгууллагын үнэ тарифын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг 2015 оноос энэ жилийн эхний улирлыг хамруулан шалгасан байна.

Шалгалтаар зарим тохиолдолд зохицуулагчид эрчим хүчний үнэ тарифыг үндэслэлгүй тогтоож, илүү мөнгө олж байсныг баталжээ. Тиймээс Үндэсний аудитын газраас АТГ-т Д.Зоригт нарын хүмүүсийг шалгаж өгөх гомдлыг тавьсан байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг албаны эх сурвалж мэдээлэв.


Н.ЗОЛЖАРГАЛ ГАДААДАД БАЙШИН ХУДАЛДАЖ АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Дуулиантай хэргүүдийн нэг нь Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас баривчилсан үйлдэл. АТГ-аас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт буруутгасан. Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-30 нд шилжих шөнө Н.Золжаргалыг гэртээ байхад нь АТГ, ЦЕГ-ын хамтарсан багийн мөрдөгчид саатуулсан билээ. Гэхдээ гурван хоногийн дараа /2017.12.21/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Золжаргалд хилийн хориг тавьж сулласан. Учир нь тухайн үед нийслэлийн Прокурорын газраас Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлжээ. Прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг суллах шийдвэр гаргаж байсан юм. Уг нь АТГ-аас түүнийг нэг сар цагдан хорьж, шалгах шаардлагатай гэж прокурорт санал гаргасан.

Одоо АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Н.Золжаргалыг гадуур байцааж байна. Тодруулбал, түүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдад болон өөрийн хамаарал бүхий хүмүүст нийгмийн асуудал шийдвэрлэх нэрийдлээр давуу байдал олгосон, банкны хууль тогтоомжийг зөрчсөн, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлыг нарийвчлан шалгаж буй юм. Түүнчлэн зарим арилжааны банкаар гадаад улсад хамаарал бүхий этгээд буюу Н.Золжаргалын эхнэрийнх нь дансаар их хэмжээний мөнгө шилжсэн, эд хөрөнгө худалдаж авсан зэрэг үйлдлүүд мөрдөн байцаалтын явцад илэрч эхэлжээ. Тиймээс энэ асуудлыг нягтлан судлахаар гадаад улсад Мөрдөгчийн даалгавар хүргүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн тухайгаа АТГ-аас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж