Улаан асрын зүүд​​​​​​​ (2-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд​​​​​​​ (2-р бүлэг)

“Улаан асрын зvvд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Хоёрдугаар бүлэг

ЖЯ ФҮ РЭНЬ, ЯН ЖӨҮ ХОТОД ТӨРЛИЙН ХҮНЭЭ ЕГҮҮТГЭЖ, ЛӨН ЗЫ ШИН РУН ГУОФҮГИЙН ЗУГААГ ХЭЛЭВ

Өгүүлэх нь: Фөн Сү албаны зарлагын дуудлагыг сонсоод мэгдэн гарч ирээд юу болсныг царайчлан инээмсэглэж асуухад тэр хүмүүс: “Жэнь Ег түргэн залж гарга” гэж шуугилджээ. Фөн Сү сонсоод: “Өчүүхэн миний овог Фөн болохоос Жэнь биш. Харин урьд Жэнь овогтой нэг хүргэн байсан. Тэрбээр яваад хоёр жил болсоон. Та нар түүнийг асууж байна уу” гэсэнд тэдгээр албаны хүмүүс: “юуны чинь Жэөн, Жя вэ. үнэн худлыг чинь бид мэдэхгүй. Хэрэв чиний хүргэн мөн бол чамайг аваачиж хошууны ноёнд тушаавал барав” гээд бүгдээр Фөн Сүг түлхэн явахад Фөн овогтныхон гэр хотлоороо ямар учир болсныг мэдэлгүй цочин балмагдав. Үдшийн харуй бүрийгээр Фөн Сү гэртээ хүрч ирэв. Бүгдээр яаран учрыг асуувал:

-Энэ шинэ ирсэн ноён бол Жя овгийн Хуа нэртэй, Ху Жөү газрын хүн юм байна. Манай хүргэний найз байсан юм гэнээ. Манай үүдээр өнгөрөхөд нь шивэгчин охин үзээд таньжээ. Ноёнтон, манай хүргэнийг энд нүүж ирж гэж бодоод хүн явуулж дуудуулсан юм байна. Би учир шалтгааныг нь хэлж өгөхөд тэр ноён нэг хэсэг эмгэнэв. Бас жаахан охиныг нь асуусанд би дэнлүүний наадам үзэж байгаад алга болсон гэлээ. Тэр ноён: “Хамаагүй, би хүн явуулж эрүүлье. Заавал олно” гэж байна. Үүнийг Жэнь Шы Иньний эхнэр сонсоод ихэд эмгэнэжээ.

Маргааш нь, өглөө эрт Юй Цүнь хүн зарж Жэнь Шы иньний эхнэрт хоёр боодол мөнгө, дөрвөн толгой магнаг илгээж, найрсгаар тал засчээ. Бас нэг дугтуй нууц захидлыг Фөн Сүд өгүүлж, түүнийг Жэнь Шы иньний эхнэртэй зөвлөлдөөд шивэгчин охин Жяо Шин охиныг татвар эм болгож өгөхийг гуйжээ. Фөн Сү тэсгэлгүй баярлаж, тэр дороо хошууны ноёныд хүрч бялдуучилсугай хэмээн охиноо өдөөж Жяо Шинийг шөнөдөө нэг бяцхан сүйхээр яамны газар хүргүүлжээ. Энүүнд хошуу ноён ч баярласан нь тоймгүй. Хариуд нь Фөн Сүг нэг зуун лан мөнгөөр шагнаж Жэнь Шы иньний эхнэрт бас их бэлэг өгч үүгээр амьдралын тэтгэмж болгон, охиныхоо сураг чимээг чагнаад байж бай гэж хэлүүлжээ.

Тэрхүү Жяо Шин бол урьд өдөр нь Юй Цүнийг харсан шивэгчин охин билээ. Гэнэтийн тохиолоор эргэж нэг харснаар энэ өдрийн ийм гайхамшигтай барилдлага болох нь үнэхээр санаанд оромгүй хэрэг болов. Ялангуяа түүнд хувь зохиол хосолсныг хэн мэднэ. Тэрбээр Юй Цүний дэргэд очоод нэгээхэн жилийн дараа хөвгүүнтэй болж, бас хагас жилийн дараа ноёнтоны авааль эхнэр өвчнөөр бие барсны учир түүний жинхэнэ гэргий болжээ.

Увайгүйгээр эргэж нэг хараад

Олноос охь манлай хүн болсон ажгуу.

Энд Өгүүлэх нь: Юй Цүнь тэр жил Жэнь Шы иньний тусалсан мөнгийг аваад даруй нийслэлийн зүг мордож, их шалгааны хугацаанд хийморь нь сэргэж, орогсод болж гадаа рашаанд ороод1 эдүгээ тус хошууны ноён болсон ажээ. Тэрбээр хэдий чадал эрдэмтэй сүрхий боловч даанч авлигач ховдог бөгөөд юм мэддэгтээ эрэмшиж дээд ноёноо доромжилдог учир түүнтэй хамт алба хаагчид нь цугаар хялайж хардаг ажээ. Тийнхүү дөнгөж нэг жил болоогүй байхад дээд ноён нь, эзэн хаанд бичиг өргөж, түүний гадаад байдал нь эрдэм чадалтай мэт боловч зан ааль нь маш зусар хулжин гэж айлтгасан бөгөөд бас түүнийг найр тал харж алба гувчуурыг хэлтрүүлсэн, нутгийн баячуудтай сүлбэлдсэн зэрэг учрыг дурдсанаар эзэн ихэд хилэгнэж, даруй тушаалаас нь огцруулах зарлиг буулгажээ. Зурган яамны зар ирмэгц алба хаагчид цөм баярлалдав. Тэр үед Юй Цүнь дотроо гэмшиж хорссон боловч гадаад өнгөн дээрээ гомдож горойсон байдал огт гаргалгүй угийн хэв янзаар баяртай явж албаа тушаамагц хэдэн жил хурааж цуглуулсан мөнгө зоосоо авч гэрийнхнээ дагуулан уугуул нутагтаа очиж төвхнөн, хонгор салхи, хувилгаан шарга хорвоо ертөнцийн ховор гайхамшгийг үзэхээр аялав. Нэгэн өдөр санамсаргүй Вэй Ян2 газарт аялж яваад энэ жилийн давсны хэргийг шалгах тушаалд Линь Рүхай гэгч хүнийг томилсныг сонсчээ. Тэр Линь Рүхай гэгч бол /овог Линь, нэр Хай, өргөсөн нэр Рү Хай/ өнгөрсөн шалгааны үед удаа шилдгээр3 шалгарч Лань Тай сы яамны дайфү түшмэл болсон Гү Сү газрын хүн бөлгөө. Эдүгээ хааны зарлигаар давсны хэргийг шууд байцаах түшмэл болж ажилдаа ороод удаагүй байв. Энэ Линь Рүхайн дээдэс нь хэүгийн зэрэгтэй байсан бөгөөд Линь Рүхайд хүрч иртэл таван үе болжээ. Чухамдаа гурван үе залгамжлах ёстой байтал хаан эзний өршөөл хишиг гүн зузаан тул Линь Рүхайн эцэг нь бас нэг үе залгамжлав. Линь Рүхайд хүрч ирээд шалгуулаар зэрэг зүүв4. Тийнхүү хэдийгээр үе улиран хишиг пүнлүү хүртсэн айл боловч мөн бичиг эрдэм эрхэмлэдэг улс ажээ. Ганц харамсалтай нь энэ Линь овогтны гэрийн ундрал төдий элбэг биш. Хүн бүлээр мөхөс, хамаатан садан нь хэдэн өрх байвч цөм Линь Рүхайн үеэл хаяал болохоос биш, ойрын садан залгасан төрөл биш болой. Эдүгээ Линь Рүхай нэгэнт тавин нас хүрээд, гурван настай ганц хүүгээ алдаад, татвар эм хэдтэй ч үр хүүхдийн заяагүй болжээ. Авааль эхнэр Жя овогтоос ганц охин төрсөн. Түүний багын нэрийг Дай Юй гэнэ. Энэ жил таван настай болж, эр эм хоёр алган дээр тавихад бөмбөрүүзэй, аманд ороход хайлуузай хэмээн энхрийлж хайрлана. Охин нь цэцэн сэргэлэн, гоо үзэсгэлэнтэй төрсөн учир хэдэн үсэг сургаж, хөвүүний ор болгон уйтгараа сэргээхийг бодно. Үүнийг эс өгүүлэн өгүүлэх нь:

Жя Юйцүнь, зочид буудалд суух зуураа салхинд цохиулж өвдөөд төдөлгүй илааршиж явах гэтэл замын зардалгүй болсон тул буудлаас гарч нэг газар олж амрах санаатай байтал санаандгүй давсны түшмэлийг таньдаг хоёр хуучин найзтайгаа уулзав. Мөнөөх хоёр түшмэл охиндоо гэрийн багш залах санаатайг мэдэх учир тэр даруй Юй Цүнийг түүнтэй танилцуулав. Юй Цүнь ч даруй түшмэлийн санаанд таарсан учир багшаар залагдсан байна.

Түшмэлийн охин сурагч боловч нас бага, бие муу тул хичээлийн олон цөөнийг хамаарахгүй бөгөөд хамт сурагч нь бас хоёр шивэгчин учир Юй Цүньд ядах юмгүй, далимд нь биеэ сувилахад яг тохирчээ. Тэгээд багшилж байтал нэг мэдэхнээ жил илүү болчихжээ. Энэ үед охины ээж Жя Фүрэнь гэнэт өвчлөөд төдөлгүй бие барав. Түүний охин эхийнхээ хойноос эмгэнэн өвчилж угийн улбагар бие нь бүр дордсон учир удтал сургуульдаа очиж чадсангүй. Юй Цүнь ч зүгээр суугаад уйтгарлах болов. Салхи жаваргүй сайхан өдөр, хоолоо идээд гадуур сэлгүүцэн зугаална. Нэгэн өдөр санамсаргүй хотоос гарч хөдөө тосгоны өнгө үзэмжийг сонирхъё гэж бодоод аажуухан алхалж, уул хүрээлж, ус ороолдсон, ой бүрхэж хулс жигдэрсэн сайхан газар хүрвэл нэг хийд бөртөлзөн харагдаж байв. Ойртон очвол, хаалга үүд нь хазайж, хэрэм нь хэлтийгээд, хашаа нь халцран нуржээ. Сүмийн хаалганы шошго дээр билиг төгссөн “Жы Тунсы” сүм хэмээн бичиж, хаалганы хоёр хажуугийн хожийж эмтэрсэн бичээст өгүүлсэн нь:

Элбэг дэлбэг байхдаа, гараа татахыг мартана

Эцэст тулж мөхөхдөө эгэж харахыг санана.

Юй Цүнь түүнийг уншаад: “Энэ хоёр мөрийн үг нь энгүүн боловч утга нь гүн байнам. Миний бие хэдийгээр өдий төдий нэрт уул, их хийдээр тойрсон боловч энэ мэтийн үгийг үзсэнгүй бөлгөө. Бодвоос, энд лав нэг чадлыг олсон хүн байж мэднэ. Орж уулзахгүй байж яаж болох вэ” гэж бодоод дотогш алхан орвол нэг өвгөн лам шингэн будаа чанаж суув. Энэ нь Юй Цүньд тэгтлээ сонин санагдсангүй. Түүнээс хэдэн үг асуувал, Хуушааны чих дүлий, нүд муу, шүд нь унаж, хэл нь цулчирсан тул тэрхэндээ л ам нь хөдөлнө. Юй Цүнь ярих гэж аргаа бараад, тэндээс явж архины мухлагаар орж хэдэн хундага балгаж, сэтгэлээ хөгжөөе гэж бодоод алгуурхан алхалсаар тосгон орж архины мухлагт очоод хаалгыг нь түлхэн ортол, ширээнээ сууж архи уугчдын дотроос нэгэн хүн өндөсхийн босож: “Гайхалтай учирлаа” хэмээн ангайж инээсээр хүрч ирэв. Юй Цүнь анзааран харвал, нийслэл хотын хуучин барааны худалдааны наймаачин Лөн овогт Зышин гэгч урьдын хуучин танил нь байжээ. Түүнийг их чадалтай хүн гэж бахаддаг байсан бол цаадах нь Юй Цүнийг бичиг эрдэмтэй гэж үзээд түшиглэх санаатай тул хоёул сэтгэл ихэд нийлдэг байлаа. Юй Цүнь инээгээд: “Эрхэм та хэзээ ирэв ээ. Ядуу би мэдсэнгүй. Харин энд уулзаж байгаа бол ховор ерөөл юмаа” гэхэд нь Зышин: “Ноднин жилийн эцсээр гэртээ харьсаан. Энэ жил бас нийслэлд ирэх болоод, энүүгээр явж байгаад хуучин найзтайгаа уулзаж жаахан ярих гэсэнд тэр маань намайг энд хэдэн хоног байлгах гээд… би ч бас онцын яараагүй болохоор хэдэн өдөр саатаад сарын дундуур буцнаа. Өнөөдөр тэр маань өөр газар ажилтай болоод, би энүүгээр дэмий явж байгаад энд орсон биш, завшаанаар тантай таарлаа” гээд хуучин найзаа ширээндээ суулгаад, архи зууш нэмүүлэн аажуухан шимж түрүү уулзаж салснаасаа хойших явдлыг ярьцгаав. Юй Цүнь сониучирхан:

-Нийслэл хотоор шинэхэн, соньхон юм юутай вэ дээ гэсэнд цаадах нь:

-Гойдын сонин юмгүй. Харин эрхэм таны төрлийн айлд нэг сэвүүн гайхалтай хэрэг гарчээ гэв. Цаадах нь инээж:

-Миний төрөл төрөгсдөөс нийслэлд суугаа хүн байхгүй. Та юун юм ярьж байна вэ гэсэнд Зы Шин:

-Та нар овог нэг байж, төрөл биш гэж үү гэж асуув.

-Тэр чинь тэгээд хэнийх юм бэ гэсэнд Зы Шин инээгээд:

-Рун Гуофүгийн Жя овогтныг хэлбэл, эрхэм таны үүд өрөхөд арай гутаал болохгүй биз гэсэнд Юй Цүнь:

-Манайх биш, тэднийх байх. Өчүүхэн манай угсаа бол хүн ам цөөн биш. Эртний зүүн Хан улсын Жя Фүгээс5 нааш салаа мөчир нь дэлгэрсээр муж бүхэнд тархжээ.

Үүнийг хэн нарийн магадалж чадах юм бэ. Хэрэв Рун Гуофүгийн энэ салбарыг хэлбэл үнэхээр нэг угсаа болно. Гагцхүү тэд бол баян ихэмсэг тул бид очиж төрөл саднаа тодруулж чадахгүй. Тийнхүү явах тутам холджээ гэж хэлэв. Зы Шин сонсоод шүүрс алдан:

-Эрхэм абугай та битгий ингэж хэл. Одоо Рун, Нин хоёр Фү бас уруудсаар, хуучиндаа хүрэхгүй болжээ гэв.

-Урьд үед Нин, Рун хоёр овог хүн ам олонтой байсан. Одоо яагаад уруудаж байгаа юм бэ гэж асуусанд цаадах нь:

-Тиймээ, ярихаар бас үг олон болно гэлээ. Юй Цүнь:

-Ноднин би, Жинь Линд очоод нэг өдөр зургаан төрийн түүхэн дурсгал6-ыг үзье гээд Чулуун хотод7 очиж тэдний үүдээр гарсан. Гудамжны зүүн талд Нин Гуофү-гийнх, баруун талд нь Рун Гуофүгийнх. Хоёр хүрээ залгалдан нийлж урт гудамжны ихэнхийг эзэлжээ. Хаалганы гадаа төдий л хүнгүй боловч хашаан дотор орд харш сэхүйн сүндэрлэж байсан бөгөөд ар талын цэцэрлэгийн мод, чулуунаас ч хөхрөн туналзах уур дэгдэж байсан зэрэг нь хаанаас уруудан доройтсон байхав даа гэв. Зы Шин инээж:

-Чи ураг садны хүн байж, үүнийг бас мэдэхгүй юү. Тэмээний хом барагдавч илжигний тохом хоёр гарна гэдэг үг бий шүү. Энд хэдийгээр, урьдын юм үгүй боловч хэвийн ноёд түшмэдийн гэр орныг бодвол их ялгаатай болжээ. Одоо хүн ам олон болж, хэрэг явдал нэмэгдэж, дээд эзэн доод боол цөмөөр амирлангуй тайван, баян эрхэм байгаа боловч арга ухаан гаргаж, додомдож төлөвлөх хүн харин нэг ч үгүй болжээ. Өдөр тутмын зардал үрэгдэлд хэмнэж арвилахыг хайхрахгүй болж, гаднах байдалд дор орсон янз харагдахгүй ч, дотроо нэгэнт хоосорч эхэлжээ. Гэхдээ, энэ бага хэрэг. Харин нэн их нэг учир байна. Энэ мэтийн хонх хөгжим үүсгэж, хоол цав барьдаг их айлын үр ач нар нь өнгөрсөн үедээ хүрэхгүй болж байгааг хэн мэдэж байна вэ! гэжээ.

Юй Цүнь сонсоод дуугүй байсангүй.

-Энэ мэтийн бичиг эрдэм, ёс сурталтай айл хүүхдээ чандлан сургахгүй байх ёс байна уу. Би бусдыг мэдэхгүй боловч тэр Нин, Рун нарын ордныхон бол хүүхэд ач нарыг сургах талаар гойд сайн байсан юм. Яагаад иймд хүрчих вэ гэж гайхан асуув. Энэ үгийг сонсоод Зы Шин шүүрс алдаж:

-Яг л энэ хоёрыг хэлж байгаа юм шүү. Та миний ярихыг сонсогтун. Урьд цагт, төр төвшитгэгч Нин Гуогүн болбоос нэг л эхээс төрсөн ах дүү хоёр. Нин гүн ах нь хоёр хүүтэй. Нин Гүнийг үхсэний дараа ахмад хүү Жя Дайхуа нь зэрэг залгаад бас хоёр хүүтэй болов. Их хүү Жя Фү нь найм естэйдээ үгүй болж, үлдсэн бага хүү Жя Жин нь зэрэг залгасан юм. Одоо бумбыг шүтэж, рашаан, үрэл боловсруулахаас өөр юм бодохоо байжээ. Золоор залуудаа, нэг хүүтэй болсон бөгөөд нэрийг нь Жя Жэнь гэдэг юм. Эцэг нь сэтгэлээрээ бурхан болох гэсэн тул ноён зэргээ хүүгээрээ залгамжлуулсан юм. Түүний эцэг бас гэртээ сууж үхэхгүй, нийслэлийн хавийн бумба лам нартай зууралдаад салдаггүй байлаа. Энэ Жэнь ноён, бас нэг хүүтэй. Одоо арван зургаатай. Нэрийг нь Жинь Рун гэнэ. Одоо Жин Лао е, учир явдлыг хайхрахаа байсан тул энэ Жэнь ноён яаж сайн явдал хийх вэ. Өдөржин жаргаж цэнгээд, ханахгүй мөртөө тэр Нин Гуофү ордныг ёроолоор нь эргүүлсэн ч түүнийг анхаарах хүнгүй болжээ. Одоо дахиад төр бадруулагч ордон Рун Гуофүгийн ордны учрыг чи сонсогтун. Саяын хэлсэн гайхалтай сэвүүн хэрэг гэгч даруй энд гарчээ. Рун гүнийг үхсэнээс хойш ахмад хөвгүүн Жя Дай шань зэрэг залгаж, Жинь Лингийн сурвалжит айл болох Шы Хөүгийн охиныг гэргий болгон авч хоёр хүүтэй болсон бөгөөд ахмад нь Жя Шө, бага нь Жя Жэнь юм. Жя Дай шань эрт нас нөгцсөн учир Тай Фүрэнь хатан нь, тэнхлүүхэн байсаар бөлгөө. Том хүү Жя Шөд гүнгийн зэргийг залгамжлуулжээ. Тэрбээр голч төвлүүхэн зантай боловч гэрийн хэргийг хамаардаггүй байлаа. Гагцхүү хоёрдох хүү Жя Жэнь нь багаасаа бичиг номтой, төв чигч, шударга зантай учраас өвөг эцэг нь түүнийг энхрийлэн хайрлаж, шалгалтад оруулж, зэрэг тушаал олгоё гэж байжээ. Санамсаргүй, Жя Дай шаны эцэс болсон айлтгалын бичгийг хаанд өргөсөнд, эзэн хаан түүнийг гавъяат эцэг хэмээн хүндэтгээд том хүүгээр нь гүнгийн зэрэг залгамжлуулж, цаана нь хэдэн хүү байна гэж асууж, тэр даруй дуудан авчруулж уулзаад энэ Жөн Лао ед хувиас гадна тэмдэглэгч түшмэлийн8 зэрэг шагнаж, түүнийг яаманд оруулж суралцуулагтун гэсэн бөгөөд тэгээд туслагч түшмэл9-ийн зэрэгт дэвшүүлжээ. Энэ Жэнь ноёны ван овогт хатны төрсөн ууган агь Жя Жу бол арван дөрөвтэй, даруй мөчлөгөөс шалгарч хожим эхнэр аваад хүүтэй болсон ч хорь хүрэлгүй өвчнөөр үхжээ. Дараа нь цагаан сарын шинийн нэгэнд амаржаад охинтой болжээ. Арван хэдэн жил болоод бас санамсаргүй нэгэн хүүтэй болов. Энэ бол нэн гайхалтай ажээ. Энэ хөвгүүн эхийн умайнаас унахдаа, таван өнгийн гэрэл цацарсан хаш үмхэн төрсөн бөгөөд тэр хаш дээр нь олон арван үсэг байжээ. Энэ их сонин шүү гэлээ.

Юй Цүнь инээж: “Энэ үнэхээр хачин. Бодвол энэ жир хүн биш байхаа” гэсэнд Зы Шин хүйтнээр инээж: “Хүн бүхэн ингэж хэлнэ. Түүнийг эмэг эх нь амьд эрдэнэ мэт хайрлана. Насны ой болоход нь Жөн Лао е хожим ямар хүн болохыг нь дэнсэлж үзсүгэй хэмээн дэлхий дахины олон зүйлийн юмыг цуглуулж дэлгээд түүгээр сонгуулсанд, оо энгэсэг, ээмэг хатгуурыг атгаж аваад тогложээ. Үүнийг Жэн Лао е үзээд дургүйцэн, хожим өнгө дарсанд шунах амьтан болно гээд хайрлахаа больжээ. Ганцхан хөгшин эмээ нь л амь гол мэт хайрлана. Хэлбээс бас сонин. Энэ хөвгүүн арваад наслаад хэтэрхий алиа болсон боловч цэцэн сэргэлэн, цовоо цолгины нь хэлбэл зуун хөвгүүн ч түүнд хүрэхгүй. Түүний үг яриа нь бүр сонин. Тэрбээр, охин хүний яс мах бол усаар бүтэж, хүүгийн яс мах бол шавраар бүтжээ. Би охин хүнийг үзвэл дотор саруулшиж, эр хүнийг үзвэл бухимдан амьсгал бүтнэ гэж ярина. Энэ их инээдтэй ажээ. Хожим лав өнгөний голог болох нь дамжиггүй” гэжээ. Үүнийг сонсоод Юй Цүнь, царайгаа төв болгож:

-Тийм биш. Харамсалтай нь, та нар тэр хүний үүслийг мэдэхгүй байна. Бодвоос Жөн их хүн ч, түүнийг садар самуун амьтан хэмээн эндүүрч байна. Үүнийг хэрэв бичиг судар олон уншиж юм мэдсэн, хэрэг бодсын зүй ёсыг ухах чадалтай, нууцыг тайлах билиг нээгдсэн эрдэмтэй хүн биш болбоос мэдэж чадахгүй гэв.

Зы Шин, түүний энэ мэт хүндэтгэн хэлэхийг сонсоод, яаран учрыг асуувал, Юй Цүнь “Тэнгэр, газар хүнийг төрүүлэхэд их өршөөлт ба их нүгэлтийг гаргаваас, бусад нь цөм онцын ялгаагүй болой. Их өршөөлт бол ивгээлд тохиолдон төрнө. Их нүгэлт бол гайд тохиолдон төрнө. Ивгээлд тохиолдон төрөгсөд дэлхий дахиныг амгуулж, гайд тохиолдон төрөгсөд дэлхий дахиныг түйвээнэ. Яо, Шүнь, Юй, Тань, Вэнь, Ү, Жөү, Кун, Мөн, Дун, Хань, Жөү, Чөн, Жу, Жан нар бол ивгээлд тохиолдон төржээ.

Чы Ёу, Гүн Гүн, Же, Жөү, Шы Хуан, Ван Ман, Цао Цао, Хуан Вэнь, Ан Лүшань, Чин Гүй нар бол цөм гайд тохиолдон төржээ. Их өршөөлтөн болбоос дэлхий дахиныг засна. Их нүгэлтэн болвоос дэлхий дахиныг түйвээнэ. Ариун тунгалаг, соргог сайхан хэмээгч тэнгэр газрын төв амьсгал буюу. Тэр нь их өршөөлтөнд бий. Хэрцгий харгис, башир заль хэмээгч тэнгэр газрын гажуу амьсгал ажгуу. Тэр нь нүгэлтэнд бий. Одоо бол ивгээл буян ихэд хөгжөөд аюул зовлонгүй болсон амар амгалан цаг тул дээд хаанаас доод харц хүртэл цөм ариун тунгалаг, соргог сайхан амьсгалыг олжээ. Түүнчлэн үлдсэн сайхан амьсгал нь бас арилах газаргүй тунасаар. Рашаан хур, урин салхи болж дөрвөн далайд цутгав. Тэрхүү хэрцгий харгис, гажуу жигтэй амьсгал бол гэгээн тэнгэр, гэрэлт нарны дор хөвхөлзөн тунаж чадахгүй тул ээдрэн зууралдаж, гүн их гуу суваг дотор хургаад, хааяа салхинд хийсэх буюу үүлэнд туугдвал бас баахан хөвхөлзөж, баагих санаа орно. Хэрэв далим таарч бага сага сэвэгнэн гараад агшин зуурт соргог сайхан амьсгалтай учирвал зөв нь гажууг агуулахгүй, гажуу ч мөн зөв лүгээ мөчөөрхөхгүй тул хэн алиндаа автахгүй. Салхи, бороо, аянга, цахилгаан мэт хямралдана. Хэрэв газар доор учирваас аль нь ч арилахгүй. Бас харилцан нөхцөлдөхгүй тул эрх биш авалцан ноцолдож, ойлон босно. Хэрэв тэр гажуу амьсгал нэгэнтээ ойлон гарахад хүрвэл бас заавал хүний биед шингэнэ. Эр, эм ялгалгүй, хэн хүн гэнэт энэ амьсгалыг олж төрвөөс дээш өршөөлт сайд, эрдэмтэн болж чадахгүй. Дорогш бас их харгис их балмад болохгүй. Түүнийг мянга түмэн хүний дунд тавибал, цэцэн сэргэлэн, соргог сайхнаар мянга түмэн хүний дээр гарч овжив муруй зөрүү, авцаат байдлаараа мянга түмний доор орно. Ийм хүн, хэрэв гүн, Хэү-гийн баян элбэг гэрт төрвөл урин тачаангуйн нүглийн хөрөнгө болно. Хэрэв бичиг эрдэмтэй, цэвэр яданги гэрт төрвөл нуугдан суугч бичгийн хүн болно. Тэрчлэн хэдийгээр буян нимгэн, ядуу чирамхан гэрт төрсөн ч нэрт дууч, цуут хуульч болохоос биш, яагаад ч зарц хөтөч болж, эгэл мунхагчуудад захирагдахгүй бөлгөө. Жишээлбэл, эрт урьдын Шюй ёу, Тао Чянь, Руань Жи, Жи Кан, Лю Лин, Ван Ше хоёр овогтон, Гу Хутөү, Чэнь Хөүжу, Тан Минхуан, Сун Хуйзун, Лю Тинжы, Вэнь Фэйчин, Ми Наньгүн, Шы Маньчин, Лю Чичин, Чинь Шаоёу, одоогийн Ни Юньлинь, Тан Боху, Жу Жышань нар бас дахиад хэлбэл, Ли Гүйнянь, Хуан Фаньчуо, Жин Шиньмо, Жуо Вэньжюнь, Хун Фш, Шюэ Тао, Цүй Ин, Чао Юнь нар бол цөм өөр өөр нутаг газарт төрсөн авч адил төрлийн хүмүүс болой” гэжээ.

Зы Шин хэлэхдээ: “Таны хэлээр бол дийлбэл Гун Хөү болж дийлэгдвэл дээрэмчин хулгайч болох юм шив дээ” гэсэнд Юй Цүнь: “Яг тийм. Та мэддэггүй юм уу. Миний бие зэрэг хэргэм эвдсэнээс хойш энэ хоёр жил дотор олон мужаар явж, бас хэдэн сонин хүүхэд үзлээ. Тэгээд таныг энэ Бао Юйг гаргаж хэлмэгц би бас ийм маягийн хүн байгааг мэдлээ. Холын юм яриад яахав. Зөвхөн энэ Жинь Лин хотод суугаа, эзний зарлигаар, эндэх мужийн өршөөлийг бадруулагч хорооны бүртгэгч түшмэл болсон Жэнь овогтны гэрийг та лав мэдэх байх”… гэтэл Зы Шин: – мэдэлгүй яахав. Энэ Жэнь овогт бол Жя овогтны хуучин садан юм. Энэ хоёр айл бол туйлын дотно байдаг. Би ч тэднийхэнтэй танилцаад уджээ гэв. Юй Цүнь инээгээд: “Ноднин намайг Жинь Линд байхад нэг найз маань Жэнь овогтныхонтой танилцуулж гэрийн багш болгосон юм. Тэднийх тийм зэргийн баян эрхэм мөртөө ёсорхог болохоор багшлахад их тохьтой байлаа. Гагцхүү миний сурагч сая бичиг эхлэн сурч байгаа боловч нэгэнт ялгарсан оюутныг сурахаас илүү хүч орно. Ярихад инээдтэй. Тэр хөвгүүн: “Намайг эрхбиш хоёр охин дагаж бичиг сурвал би сая үсэг таньж ухааныг нь олно. Эс тийм бол миний дотор аяндаа мунхарна” гэдэг бөгөөд бас зарц хөвгүүдэд энэ “охин” хэмээгч үсэг бол туйлын эрхэм нандин бөгөөд ариун цэвэр болой. Тэдгээр ховор үнэтэй араатан, жигүүртэн, сонин этгээд цэцэг өвснөөс ч хол илүү эрхэм нандин юм. Таны мэтийн ийм бузар өмхий ам хэлтэн, энэ үсгийг хамаагүй дураар хэлж болохгүй. Хичээх хэрэгтэй, хичээх хэрэгтэй! Хэрэв юм хэлэх хэрэгтэй бол урьдаар эрхбиш ариун ус, анхилам цайгаар ам юугаа зайлж ариутгах хэрэгтэй. Үг авахгүй бол шүдийг чинь сугалж, нүдийг чинь ухна” гэж үргэлж хэлнэ. Түүний хэгжүүн, тэрс муухайг хэлэхэд үг олдохгүй. Гэтэл тэрбээр хичээл дууссаны дараа охид хүүхнүүдтэй уулзахаараа эелдэг зөөлөн, амирлангуй дөлгөөн, цовоо цолгин, буурьтай төвлүүн болж, шал өөр хүн болно. Түүний энэ хачин зангаас болж, эцэг нь хэдэн удаа үхтэл нь занчсан боловч засаж чадаагүй. Зодуулаад тэсэшгүй өвдөхөөрөө “Эгчээ”, “Дүү минь ээ” гэж эрий хурайгүй бархирна. Үүнийг нь сонссон охид, хүүхнүүд түүнийг дооглож: “Чи юунд эгч, дүү гэж орилоод байдаг юм бэ? Тэдэнд тал засаж, гуйлгах гэдэг юм уу” гэхэд тэрбээр: “Анх би өвдөөд тэсэшгүй болохоор нь эгч, дүү гэж дуудвал өвдөх нь багасаж магадгүй гэж бодсон юм. Тэгээд тэднийг дуудаж үзсэнд үнэхээр намдсан. Түүнээс хойш би нууц арга олж, өвдөх бүрдээ эгч, дүү гэж хашгирдаг болсон юм” гэж билээ. Та боддоо, инээдтэй байгаа биз. Эмэг эх нь түүнийг их эрхлүүлж зөв бурууг ялгахгүй, удаа дараа ачийгаа өмөөрч багшийг доромжлон зэмлэдэг учраас би даруй багшлахаа больж гарч явсан. Ийм хүүхэд яасан ч өвөг дээдсийн гал голомтыг сахиж чадахгүй. Багш нарын сургаалыг ч авахгүй. Харин сонирхолтой нь, тэдний хэдэн охин бол цөм ховор улс гэв.

Түүний урт яриаг ихэд сонирхсон янзтай байсан Зы Шин:

-Тэдний гурван охин тун зүгээр шүү. Жэн Лао егийн их охин Юань Чүнь эрдэм чадал, элбэрэл журам бүрдсэн учир хааны ордонд сонгогдож очсон. Хоёрдох охин Инь Чүнь бол Шө Лао егийн бага эхнэрээс төрсөн юм. Гуравдахь нь Жэн Лал егийн татвар эмээс төрсөн юм. Нэрийг нь Тань Чүнь гэдэг. Дөрөвдөх нь, Нин фүгийн Жэнь ноёны охин дүү Ши Чүнь юм. Хөгшин Шы Фүрэнь ач охиддоо туйлын хайртай. Охид цөмөөр эмэг эхийн дэргэд суугаад ном үздэг юм. Цөм сайн гэсээн гэж ярив. Юй Цүнь сэргэж: “Жэнь овогтны зан суртал бол нэн гайхамшигтай. Охидын нэрийг цөм эрчүүдийг дагуулан өгч, бусдын адилаар “Хавар”, “Цэцэг”, “Хаш”, “Тана” мэтийн гоёмсог үг хэрэглэдэггүй. Гэтэл Жя Фү харин яагаад бас ийм эгэл бүдүүлэг заншилд орчихов” гэсэнд, Зы Шин: “Тийм биш, ганцхан их охин нь, цагаан сарын шинийн нэгэнд төрсөн юм. Тэгээд Юань Чүнь /хавар/ гэдэг нэр өгч бусдыг нь цөм түүний Чүнь үсгийг дагуулсан юм. Дээрх нэг үе нь бас ах дүү нарын нэрийг дагуулж нэрлэжээ. Одоо бодитой гэрч байна. Чиний одоогийн сууж байгаа гэрийн эзэн Линь абугайн хатан бол даруй Рун Гуофүгийн Шө Жэн хоёр гүнгийн төрсөн охин дүү юм. Гэртээ байх үедээ нэр нь Жя Мин гэдэг байсан. Итгэхгүй бол чи хариад сайн сураглаад үз” гэхэд нь Юй Цүнь инээн алга ташиж: “Үнэн тийм ажээ. Миний сурагч охины нэрийг Дай Юй гэдэг. Тэрбээр ном уншихдаа, Мин гэсэн үг таарахад Ми гэж дууддаг. Бас Мин гэж бичихдээ заавал нэг хоёр зураас дутуу бичдэг юм. Би тэр тоолонд нь гайхширдаг байлаа. Чиний саяын хэлснээр бол эрхгүй нэг шалтгаантай юм байна. Энэ сурагчийн үг хэллэг, байдал суудал нь өөр төлөвтэй, бусад охидтой адилгүй байсныг үзээд лав эх нь эгэл биш учир ийм охин төржээ гэж бодож байсан. Одоо түүнийг Рун Гөфүгийн зээ гэж мэдсэнээс хойш төдий л сонирхохгүй болчихжээ. Харамсалтай нь өнгөрсөн сард эх нь бие барчихсан” гэв.

Үүнийг сонсоод Зы Шин шүүрс алдаж: “Ээ хөөрхий, эгч дүүсийнхээ дотор хамгийн отгон нь байсан юм. Одоо ингээд цөм үгүй боллоо. Харин энэ ганц охин …хожмын хүргэн нь чухам ямар болох юм бол доо” гэв. Юй Цүнь: “Тиймээ тийм. Харин Жэн ноёныд нэг хаш үмхэж төрсөн жаалхүү бий. Өөр ч бас их хүүгийн нь нэг нялх бий байх. Тэр Шө Лао е хүүгүй шүү” гэхэд Зы Шин: “Жэн ноён хаш үмхэж төрсөн хөвгүүнтэй болсноос хойш бага эхнэр нь бас нэг хүү төрүүлсэн юм. Ямар хүн болох нь одоохондоо тэр яаж мэдэгдэх вэ. Тэднийх одоо бол хоёр хүү, нэг ачтай болчихжээ. Хожим юу болохыг яаж мэдэх вэ. Хэрэв Шө Лао ег мэдье гэж байгаа бол түүнд бас хүү бий. Нэрийг нь Жя Лянь гэдэг юм. Одоо хорь өнгөрч бий. Ургийн дээр ураг давхарлана гэгчээр, Жэн Лао егийн хатан Ван Фүрэний төрх эмийн ач охиныг авч хуримлаад бас дөрөв таван жил болж бий. Энэ Жя Ляньд бол одоо хошууны хамт мэдэгч10-ийн зэргийг худалдаж авч өгсөн шүү. Гэтэл тэр хэрэгтэй үйлийг бүтээгч хүн биш. Хүнтэй харилцаж, учир явдлыг үйлдэхдээ арга мэх сайтай. Хэл амандаа ч мэргэшсэн тул одоо авга Жэн ноёныдоо сууж, амьдрал ахуйгаа хамааралцаж байна. Энэ Жя Лянийг тэр эхнэрийг авсанаас хойш хүмүүс учиргүй магтаж, ноёнтны нэрийг доошлуулчихлаа. Тэр эхнэр маш их гоо үзэсгэлэнтэй, хэл ам хурц түргэн, ухаан бодлого нарийн гүнзгий үнэхээр түмэн эр ч түүнтэй үл тэнцэнэ” гэж хэлэв.

Түүний үгийг сонсоод Юй Цүнь их хөхрөв.

-Үүнээс миний хэлсэн буруугүйг мэдэж болно. Бидний сая ярьсан энэ хэдэн хүн, зөв, солгой хоёр амьсгал хямралдан төрсөн нэг замын хүмүүс байхаа… гэсэнд Зы Шин:

-Тэд зөв ч, солгой ч болов зүгээр л тэр айлынхны л тухай яриа юм даа. Одоо чи нэг хундага архи тогтоочих уу? гэсэнд цаадах нь:

-Яриандаа болоод илүү хэдэн хундага уучихжээ гэв.

-Айлынд болсон дэл сул яриа архины даруулга болж болно. Илүү хэдэн хундага татахад хамаатай юу даа гэж Зы Шин хэлээд инээв. Юй Цүнь цонхоор гадагш харсанаа: – Хэй орой болчихож. Хот хаалгаа хааж байгаа байх даа. Ингээд хөдөлж, хотод очоод яриагаа үргэлжлүүлбэл ямар вэ гэв. Тэр хоёр босож, архины мөнгөө төлөөд яван завдтал ар талд нь нэг хүн: – Юй Цүнь ахаа баяртай юм боллоо. Би танд баярын мэдээ хүргэж ирлээ” гэх сонсогдов. Юй Цүнь огцом эргэж харав. Чухам хэн болохыг мэдье гэвэл дараачийн бүлгээс үзтүгэй!


Тайлбар:

  1. Орогсод болж гадаа рашаанд ороод – Мин Чингийн үед улсын шалгалтад /харшийн шалгалт/ ороод тэнцсэн хүнд орогсод цол өгнө. Бодитой зэрэг тушаал өгөхдөө улсын яамдад биш, хошуу хөдөөд явуулагсдыг бол гадаа рашаанд орогсод гэдэг.
  2. Вэй янь гэж Ян Жөү хотыг хэлжээ.
  3. Удаа шилдэгээр шалгарч-феодалын нийгэмд улсын шалгалтын үед гуравдугаарт орсон хүнийг хэлнэ.
  4. Шалгуулаар зэрэг зүүв-феодалын нийгэмд үе залгамжилж биш, шалгалтад орж, өргөгсөд, орогсод болж зэрэг хэргэм авахыг шалгуулаар зэрэг зүүх гэнэ.
  5. Зүүн Хан улсын Жя Фү-Өргөсөн нэр Жюань Вэ, Гуань Үди хааны үед бүгдийг хамгаалах Жан жин байв.
  6. Зургаан төрийн түүхэн дурсгал – Энэ зургаан төр гэдэг нь Нанжин хотод нийслэлж байсан Эү улс, Зүүн Жин улс, Өмнөд Сүн улс, Чи улс, Лянь улс, Цэн улсыг хэлж байна. Тиймээс зургаан төрийн түүхэн дурсгал гэдэг бол даруй Нанжингийн түүхэн дурсгал гэсэн үг.
  7. Чулуун хот – Эртний хотын нэр. Бас Ши Цэн, Ши Шү цэн гэнэ. Одоо Нанжингийн Чин Лин Шан уулын энгэрт байгаа.
  8. Хувиас гаднах тэмдэглэгч түшмэл – Тогтоосон орон тооноос гадна нэмж оруулсан бичээчийн ахлагч
  9. Туслагч түшмэл – Хаан, зурганы доорх захиргаануудын дэслэх тушаалд байгаа түшмэл
  10. Сы яаны хамт мэдэгч – Хошууны ноёны туслагч

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж