Хон хэрээдийн Б.Энхбатыг хэн суллав?

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

Хон хэрээдийн Б.Энхбатыг хэн суллав?

Хон хэрээдийн Б.Энхбатыг хэн суллав?

Охин Гоомаралынхаа найз залуугийн амь насыг бүрэлгэсэн хэргээр шүүхээс 25 жилийн ял аван, Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан Хон хэрээдийн Б.Энхбат өнгөрсөн аравдугаар сарын 5-нд суллагджээ.  

УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан байна. Ингэхдээ Төв аймгийн ерөнхий шүүгч Т.Отгонжаргалын захирамжаар суллагджээ.

Хоригдох хугацаандаа  зөрчил гаргаагүй, хохирлоо барагдуулсан, ялынхаа тодорхой хувийг эдэлж, магадлангаар суллагдах боломжийг хангасан гэж үзэн, арван жилийн дараа сулласан нь энэ аж. 

Тэрбээр 2007 оны наймдугаар сард 22 настай залуугийн амь насыг бүрэлгэсэн хэргээр 10 сар байцаагдаж, 2008 оны зургадугаар сарын 25-нд анхны шүүх хурал болж, цаазаар авах ял сонссон юм. Давж заалдсанаар цаазын ялаа 25 жилийн ял болгон өөрчлүүлсэн

Улмаар 2016 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхэд хүсэлт гаргаж, ялаа хөнгөрүүлэхийг хүсэж байв. Тэрбээр хүсэлтдээ ‘Хэргийг санаатайгаар бус болгоомжгүйгээр үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчилж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү’ гэсэн байдаг.

Харин Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Б.Энхбатад холбогдох хэргийг хэлэлцээд нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, ялыг хөнгөлөх, зүйл ангийг солих боломжгүй гэж үзэж байсан билээ. Гэсэн ч шинэ хуулийн үйлчлэлээр суллагдаад байгаа юм.

Одоо тэрбээр “Хөх Монгол”, “Даяар Монгол”, “Хамаг Монгол”-ын залуустай хамтран Тугийн сүмийг шинээр бүтээн босгох ажлыг эхлүүлэх аж. Уг сүм нь Дорнод аймгийн Хэрлэн суманд Туг ууланд оршдог бөгөөд  үндэсний үзэлтэй хүн бүрийн бахархал болно гэж үзэж байна. Мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Талийгаач залуугийн эцэг эхээс олон удаа уучлал гуйсан. Шоронд байхдаа ч гуйсан. Гарч ирээд ч гуйсан. Би тэднээс мянган удаа уучлал гуйгаад нэмэргүй, тэр шарх эдгэхгүй. Тиймээс би өөрөө л тэднийг уучилж явах ёстой” гэжээ. 

Амиа алдсан залуу хэн байв?

Б.Энхбатын гарт амиа алдсан залуу нь айлын ганц хүү байжээ. БНХАУ-ын Хөх хотод Анагаах ухааны их сургуульд суралцаж байхдаа интернетээр Э.Гоомаралтай танилцсан. Амралтаараа залуу эх орондоо ирээд Э.Гоомаралтай дөрөв дэх удаагаа уулзахдаа амиа алджээ.

Болсон хэрэг явдлыг тодруулбал, хэрэг гарахын өмнөхөн буюу 20.00 цагт Э.Гоомарал найз залуу Г.Чинбатад “Манай аав, ээж бид хоёрыг ирж хоол ид гэж байна” гэж хэлснээр тэд Б.Энхбатынх руу хамт очсон байна.

Найз гэх охиныдоо очих болсон учир ээжээсээ арван мянган төгрөг аваад гэрээсээ гарсан.  Гэвч тэр оройноос хойш хүү нь аав, ээждээ эргэж ирээгүй.

Э.Гоомаралын анхны мэдүүлэгт дурдсанаар бол залуу тэднийд ороод цай ч амсаагүй байхад Б.Энхбат “Гарч машинд суу” гэж охиноо зандарсан. Охин ч машинд хамт суусан.  

Ойролцоогоор 1300 метр газар явсан. Тэр үед Б.Энхбат залуугаас охинтойгоо хэзээ анх яаж танилцсан,  хаана сурдаг, аав, ээж нь аль нутгийнх гэх зэрэг асуулт асуугаад Хятадад сурдаг гэхэд нь уурлаад, тагнуул гээд гараараа хойд талын суудал дээр сууж байсан түүн рүү цохисон. Буу бариад машины хаалгыг онгойлгоход талийгаач бууны урд хэсгээс барьж авсан. Ингэж байтал л буу тасхийсэн” хэмээн мэдүүлж байжээ.

Г.ХОРОЛ    
           

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж