Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Хятад амбиц

2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш дэлхийн олон улс оронд салбар болгонд нөлөөгөө бэхжүүлж буй Хятадын хөгжил хөрш орнуудыг хамгийн их түгшээж байгаа юм.  Хятадын хөгжил  яван явсаар дэлхийн дэглэмийг өөрчилж, бүс нутагт тодорхойгүй нөхцөл байдал авчирч мэднэ гэж олон улсын хамтын нийгэмлэгүүд эмээж байна. Ийм хандлага ялангуяа АНУ болон холбоотон орнуудад хүчтэй илрэх болсон.

АНУ сүүлийн жилүүдэд Хятадтай хийх гадаад худалдаанаас асар их алдагдал хүлээх болсон тул Ази дахь худалдааны хамгийн том түншээ Хятадыг биш, Энэтхэг гэж зарлаад байгаа юм.

Гэсэн хэдий ч Хятадын хөгжил хөрш орнуудын эдийн засагт эерэг нөлөө авчирсан гэхэд хилсдэхгүй. Дэлхийн эдийн засагт санхүүгийн хямралуудаас бий болсон таагүй үр дагаврууд одоо ч бүрэн арилаагүй байгаа бөгөөд Европ өрийн хямралыг гэтэлж чадаагүй байна. Харин зүүн Азийн орнууд эсрэгээрээ дэлхийн санхүүгийн хямралд бараг өртөөгүй билээ. Ялангуяа Хятадтай худалдааны нягт харилцаатай Австрали, Шинэ Зеланд зэрэг орнууд хямралын шуурганаас холуур өнгөрсөн.

Хятадын эдийн засгийн жилийн өсөлт 6.3 хувь болж буурсан ч гэлээ 2020 он гэхэд эдийн засгаа хоёр дахин өсгөх зорилт тавьжээ. Хятад мөн энэхүү амбицтай зорилтын хүрээнд гадаад өрөө тэглэн, агаарын бохирдлыг арилгахаар төлөвлөж байгаа юм.

Хятад улс 2016 – 2020 оны таван жилийн төлөвлөгөөнд 2010 оны ДНБ-ий хэмжээнээс хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьж, эдийн засгийн өсөлтөө доод тал нь 6.5 хувьд хүргэхээр тусгасан юм.

Гэхдээ Хятадын Коммунист намын эдийн засгийн хорооны  албаны хүний мэдээлснээр эдийн засгийн өсөлт 2018-2020 онд жилийн 6.3 хувьтай байх прогноз гараад байгаа аж.

Хятадын санхүү, эдийн засгийн шинжээчдийн таамаглаж буйгаар 2020 он гэхэд эдийн засгийн өсөлтөө дээрх хэмжээнд хүргэж өсгөхөд саад болох зүйл байхгүй гэнэ. Энэ онд 6.8 хувьд хүрсэн нь эдийн засгийн өсөлт ирэх онд 6.5 хувьд хүрэх эдийн засагчдын тооцоо гарчээ.

Хятадын дарга Си Жиньпин болон Коммунист намын өндөр албан тушаалтнууд ирэх гурван жилийн хугацаанд тус улс санхүүгийн эрсдэл, агаарын бохирдол болон ядуурлыг арилгахад гол анхаарлаа хандуулна гэснээс биш эдийн засгийн өсөлтөд төдийлөн ач холбогдол өгөөгүй.

Харин Хятадын хөрөнгө оруулалтын банкууд тэр дундаа “UBS Group AG” 2018 онд тус улс энэ оны амжилт болох эдийн засгийн жилийн 6.5 хувийн өсөлтөд амархан хүрч чадна гэж таамаглаж байгаа юм.  Хэрэв эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайн байвал жилийн өсөлт 6.5 хувиас ч илүү гарч магадгүй гэж үзжээ

Хятадын төрийн зөвлөлийн судалгааны газрын дарга эдийн засгийн албан ёсны сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тус улсын ДНБ-ий хэмжээ энэ оны эцэс гэхэд 80 их наяд юань буюу 12.2 их наяд ам.долларт хүрнэ хэмээн ярьсан.

Түүний хэлж буйгаар Хятад улс 2020 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөнд тусгасан ДНБ-ий хэмжээг 2010 оныхоос хоёр дахин өсгөх зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгаа 6.3 хувь, дундаж өрхийн дундаж орлогын хэмжээг 5.3 хувьд хүргэхэд хангалттай гэж үзэж байгаа юм.

Зүүн Ази дахь Хятадын нөлөө бэхжихийн хэрээр тус бүс нутагт геополитикийн тэнцвэргүй байдал үүсч мэднэ гэдэг болгоомжлол байгаа ч  Хятадын хөрөнгө оруулалт хөрш орнууд төдийгүй зүүн Ази, Африк тивд хүртэл хэд дахин нэмэгдэхийн зэрэгцээ олон орон хятад жуулчдыг татахын тулд хоорондоо өрсөлдөж эхэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж