УИХ-ын гишүүн М.Билэгттэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгох гэж байна. Шинэ Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа өмнөх Засгийн газраас илүү байж чадаж байна уу?
-Шинэ Засгийн газар байгуулагдаад гурван сар болох гэж байна. Ямар ч гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр, 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг уялдуулж ажлаа явуулж байна. Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа явуулж байсан бодлого, хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд хэрэгжүүлж байгаа. Гэхдээ иргэд, сонгогчдын эсэргүүцэлтэй тулгарч байгаа нэг асуудал бий. Энэ бол өмнөх Засгийн газрын үеэс яригдсан долоон төрлийн татвар. Шинэ Засгийн газар, эрх барьж байгаа нам долоон төрлийн татварыг цэгцлэх ёстой. Татвар нэмсэн хэрнээ төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр бэлэн мөнгө тарааж байгаа нь шүүмжлэл дагуулахаас аргагүй. Учир нь тогтмол орлоготой төрийн албан хаагчдад бэлэн мөнгө өгснөөс хоногийн хоолоо олох гэж ядаж байгаа, бага орлоготой иргэдэд 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгосон бол илүү оновчтой тусах байсан болов уу. Өөрөөр хэлбэл, амьжиргааны төвшин доогуур, орлого багатай иргэддээ өгөх ёстой гэх шүүмжлэлийг иргэд ч хэлж байна.
-Шинэ Засгийн газар бэлэн мөнгө тараах ажлаа ирэх жил ч гэсэн үргэлжлүүлнэ гэж байгаа шүү дээ?
-Өнгөрсөн зургадугаар сараас хойш Монголд орж ирэх орлого, хөрөнгө оруулалт буурсан. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа ч борлуулалт буурсан нь орлого буурахад нөлөөлсөн зүйл бий. Тиймээс шинэ Засгийн газар уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой. Түүнээс гадна байгаа орлогоо бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлд зарцуулахгүй бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байгаа нь энэ Засгийн газрын гаргасан буруу шийдвэр гэж бодож байна.
-УИХ намрын чуулганы хугацаанд Засгийн газраа огцруулж, томилгоо ярьснаас өөр зүйл амжуулсангүй гэх шүүмжлэл бас бий?
-Ер нь бол үнэн. Өнгөрсөн долдугаар сараас хойш Засгийн газраа бужигнуулж унагаж, дараа нь Засгийн газраа бүрдүүлэх гэж нэг хэсэг цаг хугацааг алдсан. 2018 оны төсвийг хүртэл богино хугацаанд хэлэлцсэн учраас чамбай сайн төсөв болсон гэж бодохгүй байна. Уг нь хөрөнгө оруулалтаа сайн дэмжих, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг боломж байсан ч учир дутагдалтай баталсан зүйл бий. УИХ энэ намрын чуулганы хугацаанд цоо шинэ зохицуулалт бүхий хуулийн төсөл баталсангүй. Иргэдэд хэрэгтэй гэвэл Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг л баталсан. Энэ хуулиуд бол хөдөө аж ахуйн салбарт хэрэгтэй хууль. Мөн одоо УИХ-аар Төв банкны тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ бол маш их алдаа, дутагдалтай хууль. Хуулийг чамбайруулна гэхээс илүү банкны эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад боломж олгосон хуулийн заалтууд орж ирсэн нь хуулийн төслийг дэмжих боломжгүй болгож байгаа.
-Намрын чуулган завсарлах үлдсэн хугацаанд төлөвлөсөн хуулийн төслүүдээ батлах, хэлэлцэх боломж бий юу?
-Хаврын чуулган хаахын өмнө намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. УИХ-аар орж ирж байгаа хуулийн төслүүдийг маш сайн боловсруулж оруулж ирэх, ажлын хэсэг нь маш сайн ажиллах шаардлагатай байна. Тэгэхгүй бол Төв банкны болон түүнийг дагалдах хуулийн төслүүд сайжруулсан төсөл гэхээс илүү тодорхой эрх мэдэлтэй хүмүүст эрх мэдлийг нь нэмэгдүүлэх, хариуцлагаас мултлах зүйл заалт бүхий хуулиуд орж ирж байна. Тиймээс хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхээс өмнө боловсруулалтыг сайн хийж, бэлтгэл сайтай орж ирэх хэрэгтэй.
-Төв банкны болон түүнийг дагалдах хуулийн төслүүд гишүүдийн зүгээс маш их эсэргүүцэл дагуулж байгаа. Хуулийн төслийг буцаах хүртэл санал гарах болсон?
-Дээрх хуулийн төслийг энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Миний хувьд энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь татаж аваад дахин боловсруулах шаардлагатай гэж харж байгаа.
Төв банкны тухай хууль төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Гэтэл шинэ хуулиар Монголбанкны Үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ гэж оруулж ирсэн байгаа юм. Мөн хуульд хэд хэдэн дэмжих боломжгүй заалтууд орж ирсэн. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн 16.28.6-д Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход түүнийг тодорхой ажил, албан тушаал эрхлэх эсхүл чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд авч байсан цалинтай нь адилтгахуйц тэтгэмж олгоно гэсэн заалт байгаа. Энэ бол байж болохгүй заалт. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилд Монголбанкны удирдлага Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулах алдаатай бодлого хэрэгжүүлсэн. Энэ мэтчилэн алдаатай бодлого хэрэгжүүлээд тусгай хангамж эдэлж болохгүй. Өмнөх алдаатай бодлогоос болж хариуцлага тооцож чадаагүй байхад урамшууллын тухай оруулж өгсөн нь маш буруу. Түүнээс гадна энэ хуулийн 8.28.7 “Хуульд зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан тушаалтан эсхүл тухайн албан тушаалыг өмнө нь хашиж байсан этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан мөрдөн шалгах, эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татах, хариуцлага хүлээлгэхийг хориглоно”, Мөн 8.28.8 “Монголбанкны албан тушаалтан эсхүл тухайн албан тушаалыг өмнө нь хашиж байсан этгээдийг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн,Монголбанкийг төлөөлж үйл ажиллагаа явуулсан нь зөрчил, гэмт хэргийн шинжтэйгээс бусад тохиолдолд тэдгээрт хариуцлага тооцох үндэслэл болохгүй” гэсэн хоёр заалт байна. Энэ заалтууд маш эрсдэлтэй. Ямар нэгэн байдлаар хариуцлагаас мултрах гэсэн оролдлого хийж, хуульд ийм заалт оруулж болохгүй шүү дээ. Хууль санаачлагч нь энэ хуулиа эргүүлж татах байх гэж бодож байна.
-Хуульд зээлийн хүүнд хязгаар тогтоох ёстой гэсэн заалт оруулах ёстой гэх шүүмжлэл бас бий?
-Зээлийн хүүг бууруулах хамгийн чухал зүйл хадгаламжийн хүү бууруулах. Хадгаламжийн хүүнд хязгаар тогтоож чадах юм бол зээлийн хүү аяндаа буурна.
-Та ойрын хугацаанд ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
-УИХ дахь Лобби бүлэг Инновацийн тухай хууль, Эрүүл мэндийн яамнаас Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль, Донорын тухай хууль, Багшийн хөгжлийн тухай хууль гэх мэтчилэн хуулийн төслүүд дээр гишүүдтэйгээ хамтран хуулийн төслийн боловсруулалтад сууж байна. Ялангуяа УИХ-д хэлэлцэхийг нь дэмжсэн Донорын тухай хууль удаан хугацаанд явж байгаа. Энэ хуулийн төслийн боловсруулалтыг сайн хийхгүй бол олон нийтийн хүлээж байгаа тэр заалтууд орхигдох магадлал өндөр учраас маш их судалгаа хийж байна.
-Эмэгтэй гишүүд бүлэг байгуулсан. Бүлгийн анхны гардаж авсан ажлууд юу байна вэ?
-УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахалж, нийгмийн салбарт тулгамдаж буй хэд хэдэн ажлууд эхлүүлсэн. Судалгаагаа хийж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд ажил үйлчилгээ явуулахад хөнгөлөлттэй зээл олгох хууль эрх зүйн орчныг сайжруулах, ахмадуудын сувилал, асрамжийн газруудыг байгуулах талаас судалгаа хийгээд ажиллаж байна.
Ш.ЧИМЭГ