Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 13.15 цагийн байдлаар 100 айл орчимд агаарын чанарын индекс 4984, Баянхошуу орчимд 2326 буюу гамшгийн хэмжээнд хүрчээ. Мөн Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Монгол газар орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой байна. Улаанбаатарчууд угаартаж байна. Ийм үед цаг үргэлж агаарын бохирдлоос сэргийлэх нь чухлыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.НЭМГ-ийн нийгмийн эрүүл мэндийн халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайханаас агаарын бохирдлоос үүдэс өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжийг авлаа.
-Иргэд агаарын бохирдлын хор хөнөөлөөс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ?
-Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин индексээс харахад асар өндөр түвшинд хүрчихлээ. Иргэн бүр агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалахын тулд гадуур гарах бүртээ шүүлтүүртэй маск хэрэглэх шаардлагатайг анхааруулъя. Маскны үнэ сонголт янз бүр байгаа тул өөрт тохирсныг хэрэглэх нь чухал. Агаарын бохирдлын өнөөдрийн түвшнийг аваад үзэхэд бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, дархлаа султай хүмүүсээс гадна энгийн хүмүүс ч гадаа утаатай нөхцөлд удаан хугацаагаар байх нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй байна. Нийслэл хотын утаа нүүрсний дутуу шахалтаас үүсдэг бөгөөд PM 10 гэсэн нягтралтай тоосонцрууд агаарт дэгддэг. Иймд шүүгчтэй маскыг тодорхой хугацаанд зөв хэрэглээд соливол 90-98 хувь хүртэл бохирдлыг шүүнэ. Зөвхөн гадуур гарахдаа маск зүүх бус агаарын бохирдолтой бүхий л газруудад зүүх хэрэгтэй. Хоёрдугаарт, айл өрх бүр өөрсдийн санхүүгийн нөхцөлд суурилан агаар шүүгчийг худалдан авч өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах нь зүйтэй.
-Агаарын бохирдлоос болж бидний эрүүл мэндэд ямар хор хөнөөл учирч байна вэ?
-Хамгийн түрүүнд амьсгалын замын, нүүрс хүчлийн хий CO цусаар дамжин орсноор хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэл үүсгэж байна. Мөн азотын дутуу исэл, хүхрийн дутуу исэл зэрэг нь амьсгалын замыг цочроогоод халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Амьсгалын замын цочрол өгөөд буй үйл явц цаашлаад уушгины багтраатай болгох, уушгины хорт хавдар үүсгэдэг.
Мөн зүрх судасны өвчлөлд агаарын бохирдол өндөр хувьтай нөлөөлж байна. Амьсгалын замаар орж буй нягтралтай тоосонцрууд хүний амьсгалын системээр дамжин цусанд ороод судасны дотор хананд суудаг. Улмаар зүрх судасны шигдээс үүсгэдэг. Харин жирэмсэн ээжүүдэд агаарын бохирдлын улмаас урагт янз бүрийн эмгэг илэрч байна. Үүнийг удахгүй Анагаахын их сургуулиас хийсэн судалгаанаас танилцуулах болно. Одоогоор нийслэл хотын агаарын чанарын индекс 500-тай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. Манайд харин энэ тоог 50-р авч үздэг. Гэтэл өнөөдөр зарим газар 10-20 дахин их байна. Ийм бохирдолтой үед өглөө орой бүр маск зүүх хэрэгтэй. Тиймээс эрүүл мэндээ хамгаалах хамгийн боломжтой хялбар арга бол маскыг хэрэглэж, хэвших зайлшгүй шаардлагатай юм.
Э.Ариун