Ерөнхийлөгчийн сонгуульд 20 мянган төрийн албан хаагч ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд 20 мянган төрийн албан хаагч ажиллажээ

Ерөнхийлөгчийн сонгуульд 20 мянган төрийн албан хаагч ажиллажээ

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ энэ оны ажлаа өнөөдөр /2017.12.25/ хэвлэлийнхэнд тайлагналаа.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд анх удаа дахин санал хураалт явагдсаныг СЕХ онцлов. Цаг хугацааны хувьд нэлээд давчуу байсан ч сонгуулийн байгууллагад ажилласан 20 гаруй мянган төрийн албан хаагчийн хүчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан гэж СЕХ үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг шууд дамжуулсан нь маргаан гарах, эцсийн дүн гараагүй байхад нам, нэр дэвшигчид урьдчилан буруу зөрүү мэдээлэл өгч, таамаглал дэвшүүлэх, олон нийтийн санаа бодлыг төөрөлдүүлэхээс сэргийлсэн үр дүнтэй ажил болсон гэж иргэд, олон улсын ажиглагчид үнэлжээ.  

Сүүлийн жилүүдийн сонгуулиудын ирцтэй харьцуулахад энэ онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц өндөр байсан гэж үзэж байна. Дахин санал хураалтын үед гадаад дахь сонгогчдын ирц 50 хувиар буурсан нь ажлын өдөр таарсан, мөн оюутнууд эх орон руугаа буцсантай холбоотой гэж СЕХ мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг гадаадын төлөөлөгч, олон улсын байгууллагын зүгээс ажигласан ба энэ талаараа тайлан гаргажээ. Уг тайланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг 97 хувийн амжилттай зболсон гэж үнэлсэн байна.

СЕХ УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн санал боловсруулж, УИХ-д хүргүүлээд байгаа. Тэгвэл одоо Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн санал боловсруулахаар ажиллаж байгаа аж. Уг хуулийн төслийг ирэх оны эхний хагаст багтаан УИХ-д хүргүүлэх аж.

Өмнөх сонгуулиуд Сонгуулийн тухай нэгдсэн хуулиар зохицуулагдсан. Сонгуулийн төв байгууллага гурван сонгуулийг тус тусад нь зохицуулдаг хуультай байх нь зөв гэж үзсэний үндсэн дээр эдгээр саналыг хүргүүлж байгааг тодотголоо. Энэ хуулиуд батлагдвал Сонгуулийн автоматжуулсан системийн тухай гэх мэт дагалдах хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно гэж СЕХ тайлбарлав.

Сонгуулийн зардлын тайланд аудитын шалгалт хийсэн ч одоогоор тус тайлан нь СЕХ-нд ирээгүй байгаа аж.

Т.НОМИН 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.Батмөнх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж