“Токио-2020” олимп болон паралимпийн наадмын аюулгүй байдлыг хангахын тулд цэнгэлдэх, талбайд нэвтрэх тамирчин, албаны хүмүүс, сэтгүүлчдийг царай таних технологи ашиглан нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Царай таних технологи үзэгч, хөгжөөн дэмжигчдэд хамаагүй. Өмнөх олимпийн наадмуудын адилаар үзэгчид зөвхөн тасалбараа үзүүлж, тээш, гар цүнхээ шалгуулаад дотогш нэвтрэх ажээ.
Олимп ба паралимпад оролцох бүх тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнуудад тусгай карт олгоно. Улмаар цэнгэлдэх, талбай руу орох үед царай таних технологи автоматаар ажиллаж, карт дээрх зурагтай тулгах гэнэ. Ингэснээр өөр хүний картаар дотогш нэвтрэх, хулгайлагдсан, гээгдсэн картыг ашиглах боломжгүй болох юм. Царай таних технологийг ашиглах хамгийн гол давуу тал нь хүлээлт үүсгэхгүй явдал гэж үзжээ.
“Токио-2020” зуны олимпийн наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд, залгуулаад паралимпийн наадам наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-нд болно.
С.ЦЭЛМЭГ