Бид гучин насаар залуу байж дээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Бид гучин насаар залуу байж дээ

Нэг ангийнхан уулзахыг алийг тэр гэхэв. Харин тэртээ гучин жилийн өмнө гуч гарсан, зарим нь дөч шүргэж  дээд сургууль дүүргэсэн нэгэн хамт олны уулзалт тун сонин боллоо. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн үндсэн ангид чилийсэн дөрвөн жил сураад төгссөн нэг ангийнхны хамгийн залуу нь 58 настай, хамгийн ахмад нь 71 настай болж уулзалтандаа иржээ. Тэд 1981 онд 71-үүл төгссөнөөс 13 нь ертөнцийн мөнх бусыг үзэн бурхны орноо заларсан байна. Харин гадаадад амьдрах болсон, оршин байсан газраас шилжсэн зэрэг шалтгаанаар долоон хүнтэй холбоо барьж чадсангүй. Арав нь өөрийн болон гэр бүлийнхний эрүүл мэнд, ажил төрлийн боломжоос шалтгаалан ирээгүй. Ингээд 41-үүл цуглан эзэн Чингисийн хөшөө, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн төрийн ордноор танилцан аялж зургаа татуулцгаав. Мөн төрөлх сургуулиараа орж  өөрсдийн 30-34 жилийн өмнө хичээллэж байсан анги  танхимдаа тухалсан нь сонин сэтгэгдэл төрүүлэв.  Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академийн проректор Батсүх ахмад төгсөгчдийг хүлээн авч сургуулиа танилцуулсан байна. Ахмад төгсөгчдийн төлөөлөгчид одоогоор бие чилээрхүү байгаа, ангийн багш Д.Цэенпилийн гэрт очин хүндэтгэл үзүүлжээ.

Энэ уулзалтанд ахмад төгсөгчид тун их ач холбогдол өгснийг тэдний яриа илтгэнэ.

У.Дарьзав: -Би Америкт байгаа хүүхэд дээрээ очихоор төлөвлөж байсан. Тэр аяллаа хойшлуулж хаа байгаа Ховдоос машинаар 56 цаг аялан та нар дээрээ ирлээ. Америк руу онгоцоор ниссэнээс хоёр дахин их хугацааг аян замд  зарцууллаа.

А.Батсүх: – Ангийн уулзалтын тухай зар хүлээж авах үед миний  эрүүл мэнд тийм ч сайн байгаагүй. Хүнд хагалгаа хийлгэсэн. Энэ хэл мэдээ аваад “Би эрүүл мэндээ сайн байлгаж энэ уулзалтандаа заавал очих ёстой” гэж зориглосон. Миний гарын бугуй, хөлийн шилбэнд зэс бугуйвч байгаа, оройд зэс аяганд буцалсан ус дүүргээд өглөө бүр уудаг. Зэс аливаа нянг хүний биед оруулдаггүй нь үнэн  гэдгийг баталж байна. Чилийн уурхайд дарагдсан тэр олон уурхайчид хоёр сарыг яагаад давж гарав гэхээр зэсийн хүдрийн уурхай байсных. Газрын гүнд тэд өвчлөөгүй нь зэсийн гайхамшигт ид шидийг баталж байна.
   
И.Жанчив:
– Арван жилийн дараа таягаа тулаад “Гучин жилийн алтан дурсамж” гэсэн энэ номоо сугавчлаад уулзалтандаа ирцгээнэ шүү. Сонин сайхан сэтгэгдэл төрлөө. Бид төгсөхдөө одоогоос гучин насаар залуу байж дээ.

М.Батжаргал:– Би ангийн дарга гэдэг амаргүй ажлыг дөрвөн жил хийсэн. Та нарын өмнөөс сургуулийн удирдлага, багш нараас олон удаа зэм дуулсан.  Энэ уулзалтыг зохион байгуулах гэж нэг подгруппийн дарга В.Лундаатай дөрвөн сар зүтгэлээ. Гучин жилийн дараа дахин ангийн даргын үүргээ хэдэн сар гүйцэтгэлээ.  Бас л амаргүй байлаа.  Гэхдээ уулзалт зорилгоо биелүүллээ. Арван жил, иргэний дээд сургууль төгсөгчдийн уулзалт бол уламжлал болсон ажил. Хаа сайгүй тийм уулзалт болдог. Харин Намын дээд сургууль төгсөгчид тэр үед 30-40 нас хүрч төгсдөг болоод ч тэр үү олон жилийн дараа уулзалт ийм өргөн зохион байгууллаа гэж би л лав дуулаагүй. Магадгүй  манай энэ уулзалт анхны тохиолдол ч байж мэднэ.  Хэрвээ тийм бол сургуулийнхаа түүүхэнд бас нэг шинэ хуудас нээлээ гэсэн үг. Сайхан уулзалт боллоо.

Ийнхүү сэтгэлийн үгээ ярьж байна. Энэ ангийнхнаас Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан, Орос Буриадын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Д.Бадарч,  нам аж ахуйн байгууллагыг гарамгай удирдаж байсан Б.Жамбаа, Д.Нүрэнзэд, төрийн захиргааны ахмад ажилтан Ү.Юнрэн нар “Алтан гадас” “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор дараалан шагнагдсан бол Ж.Буянт, Б.Төмөр-Очир нар хошой “Алтан гадас”-тай, уулзалтанд ирэгсдийн бараг тэн хагас нь “Алтан гадас” одон гялалзуулж байв. Ховд, Увс, Дундговь аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Аюушжав, М.Батжаргал, С.Пүрэвсүрэн, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын орлогч асан, одоо Геологийн Төв лабороторийн орлогч дарга Ц.Шагжжав,  нэртэй бизнесмен, Говь-Алтай аймагт ертөнцийн бүх аавуудад зориулан аварга том чулуун хөшөө босгосон Д.Лхагвасүрэн, одоо ч Төрийн бус байгууллага толгойлон үр бүтээлтэй ажиллан олон түмний сайн сайхны төлөө зүтгэж яваа Л.Лхагвадолгор… гээд хүн бүхэн өөр өөрийн замналтай, баялаг түүх намтартай ажээ. Хошин урлагийн “Шинэ үе” пропокшины жүжигчин П.Эрдэнэзааны аав Д.Пунцаг, “Чапи-Суурь” продакшины жүжигчин Ш.Суурийн аав Б.Шаашин нар бас энэ ангийнх. Ангийн арван зургаан хүүхний нэг Б.Даваадулам гэцэл сахилтай гэцэлмаа бол Бат-Өлзий гэж нөхөр Баянхонгортоо томд тооцогдох лам болжээ. Харин тухайн үед МАХН-аар овоглож байсан энэ сургуулийг төгсөгч энэ ангийнхнаас  С.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн нар Ардчилсан намын ерээд оны зүтгэлтнүүд юм.

Уулзалт дээр Ардын авьяастан, Ж.Найгал, А.Батсүх, Л.Лхагвадолгор, Д.Хөхөө нар ангийхандаа ая дуу өргөж, ангийнхан сургууль төгссөнөөсөө хойших гучин жилийн дурсамж багтаасан, 100 гаруй фото зураг бүхий “Гучин жилийн алтан дурсамж” номыг тараав. Тэд гучин жилийн өмнө төгсөхдөө “Ууган дээд сургуульд” ном бүтээн авч явснаа ч зарим нь авчирсан байв.

“Амьдралын сайхан нь уулзалт юм” Уулзалт бүхэн сайхан байдаг гэж тэд ам амандаа өгүүлж байлаа. Тиймээ. Уулзалт бүхэн сайхан байгаасай.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж