БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгээс төрийн эрх барих хугацаандаа тагнуулын байгууллагаас хууль бусаар их хэмжээний мөнгө авсан хэрэгт холбогдуулан нэмэлт байцаалт авахаар болжээ.
Пак Гын Хэг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд буюу 2013-2016 оны дунд үе хүртэлх хугацаанд Үндэсний тагнуулын албанаас нийт дөрвөн тэрбум вон /3.7 сая ам.доллар/ хууль бусаар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж. Улмаар Сөүлийн тойргийн прокурорын газрын дөрвөн төлөөлөгч мягмар гаригт /2017.12.26/ Пак Гын Хэгийн саатуулагдаж буй хорих төвд очиж, байцаалт авахаар болсон байна. Түүнийг тагнуулын байгууллагаас авсан их хэмжээний мөнгийг ямар зорилгоор, хэрхэн зарцуулсан эсэхийг тодруулах гэнэ.
Пак Гын Хэ өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох, байцаалт өгөхөөс татгалзаж байгаа учир прокурорын байгууллага хорих ангид очихоор болжээ.
С.ЦЭЛМЭГ