Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас 2017 онд илрүүлж, шалгасан хэргийнхээ талаар өнөөдөр /2017.12.25/ мэдээлэл хийлээ.
АТГ өнгөрч буй нэг жилийн хугацаанд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан байж болзошгүй асуудлаар 625 төрийн албан хаагчийг шалгажээ. Эдгээр зөрчилд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 639 төрийн болон өндөр дээд албан тушаалтны нэр холбогдсон 412 хэрэгт эрүү үүсгэж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Тэдний гаргасан зөрчлийн тухайд,
- Албан тушаалаа урвуулан ашигласан 318
- Бусдаас хахуул авсан 65
- Бусдаас хахуул нэхсэн 9
- Төрийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн 24
- Төрийн өмчийг шамшигдуулж хувьдаа завшсан 43
- Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдээлж, хөрөнгөө нуусан 3
- Мөнгө угаасан 3
- Төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан 311 зөрчил байжээ.
Прокурор руу шилжсэн 412 эрүүгийн хэргийг дотор нь ангилбал,
- Эрх мэдлээ урвуулан ашигласан 166
- Бусдаас хахуул авсан 89
- Бусдад хахуул өгсөн 9
- Төсвийн мөнгийг хууль бусаар ашигласан 8
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10
- Төсвийн мөнгийг угаасан 14 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
2017 онд АТГ-ын шалгасан 46 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэснийг тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү онцлов. Түүний хэлснээр, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдээс 7.8 тэрбум төгрөгийг улсын орлого болгон хураан авчээ.
АТГ-аас хамгийн сүүлд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж, илрүүлсэн хэрэг бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын найман хүнтэй холбоотой хэрэг юм.
Тэднийг хилээр гарч буй ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, рапс, самар тээвэрлэх зөвшөөрөл олгохдоо хүнд суртал гарган, хясан боогдуулах замаар их хэмжээний авлига авч, хахуулын мөнгө хувьдаа зарцуулсан байж болзошгүй гэж буруутгажээ. 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр дээрх нэр холбогдосон албан хаагчдыг баривчлан, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Э.Аззаяа, Т.Баярсайхан нарыг АТГ-ын мөрдөгчид баривчлахдаа прокурорын зөвшөөрөлтэйгөөр албан тасалгаа болон гэрт нь нэгжлэг хийж, нийт 500 гаруй сая төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютыг илрүүлэн, хураан авчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Энэ дагуу хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг хэлэв.
До.Ганболдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт буруутгаж байна
АТГ "Монголросцевтмет" компанийн ерөнхий захирал До.Ганболдыг дээрх албан хаагч, байцаагчдын хамт гурав хоног хорьсны дараа батлан даалтад гаргасан юм. Одоо түүнийг гадуур байцааж байгаа аж. АТГ-аас До.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэх гэрээ хийхдээ зарим компанид давуу байдал олгосон, түүхий эдийн зах зээлийн ханшийг дур мэдэн тогтоож, гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан байж болзошгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт буруутган шалгаж байгааг албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.
Автотээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярыг
яллагдагчаар татжээ
Олны анхаарал татсан, АТГ-т шалгагдаж буй өөр нэг хэрэг бол Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяртай холбоотой. АТГ-ынхан нууц ажиллагаа явуулж, түүнийг удаа дараагийн үйлдлээр хахуул авч, Олон улсын тээврийн эрх олгосныг тогтоосон байна. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Д.Батбаярын гэр болоод ажлын байранд нэгжлэг хийхэд их хэмжээний бэлэн мөнгө, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг олжээ. АТГ-аас Д.Батбаярыг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж шалгасан бөгөөд арванхоёрдугаар сарын 14-ний өдөр шүүх үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн, суллажээ.
Мөн хэвлэлийн баг хурлын үеэр Зам тээврийн яамны өмнөх удирдлага болон Авто тээврийн газрын удирдах албан тушаалтнууд “С” тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тухай мэдэгдэв. Энэ хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлтийн зохиомол дараалал үүссэн гэдгийг АТГ-аас тодотголоо.
С.Батболд, С.Баяр нарын 65 хүнийг оффшорын хэргээр шалгаж дуусаагүй байна
Монгол Улсын 65 иргэн оффшор бүсэд нууц хөрөнгөтэй болохыг олон улсын Эрэн сурвалжлах нийгэмлэгээс тогтоож, зарласан. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын 65 иргэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг явуулж буй.
Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа явааг АТГ-аас тодруулахад “Саяхан Засгийн газраас оффшор бүс нутгийг шинэчлэн баталсан. Дэлхийн эрэн сурвалжлах нийгэмлэгээс манай улсын 49 иргэнийг нууц хөрөнгийг ил болгосон байдаг. Харин дараа нь нэмж 16 хүний нэрийг зарласан. Харин АТГ-аас дээрх нэр бүхий 65 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, оффшорын асуудлаар шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ