Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өнгөрөгч долоо хоногт 2017 оны хамгийн сүүлийн чансааг гаргалаа.
Уг чансаагаар Монголын үндэсний шигшээ баг 187 дугаарт эрэмбэлэгджээ. Өмнөх чансаанд 199 дүгээрт бичигдэж байсан бөгөөд энэ удаа 12 байраар урагшилжээ. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2015 онд дэлхийн чансааны 205-д бичигдэж байсан бол хоёр жилийн дотор ийн чансаагаа 187-д хүргэж чадлаа. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Германы Майкл Вайсс дасгалжуулагч ажиллаж байгаа билээ.
Үндэсний шигшээ баг анх удаа Тайванийн багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн нь дэлхийн чансаа ахихад нөлөөлжээ. Мөн энэхүү тоглолтоос гадна Мьянмарын 21, 23 хүртэлх насны шигшээтэй нөхөрсөг тоглолт хийсэн билээ. Индонез улсад болсон “Цунами цом” тэмцээнд Кыргызстан, Индонезийн багтай тоглосон.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн чансаа 12 байраар урагшилсан анхны тохиолдол боллоо.
Шигшээ багийн чансаа ахисны дараа Үндэсний шигшээ багийн ахлагч Д.Төрбат өөрийн сэтгэгдлээ хэлжээ. Тэрбээр “Шигшээ багийн чансаа улам ахисаар байгаа нь тун сайн хэрэг. Энэ нь Монголын хөлбөмбөгийн холбоо шигшээ багуудаа маш сайн дэмжин ажиллаж байгаагийн илрэл. Хэдийгээр бид энэ жил хожил авч, гайхалтай тоглолт олон үзүүлээгүй ч цаашид жилийн дотор дэлхийн чансаагаа 150 хүртэл ахиулах боломж бий гэдгийг бид ойлгосон. Бид ирэх онд туршлага сууж, бие бялдар болон сэтгэл зүйгээ бэлдэж 2019 онд болох ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцох зорилгоо биелүүлэхийг хүсэж байна” гэсэн байна.
Ч.БОЛОР