Пхеньян НҮБ-ын хоригийг түрэмгийлэл гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Пхеньян НҮБ-ын хоригийг түрэмгийлэл гэв

Пхеньян НҮБ-ын хоригийг түрэмгийлэл гэв

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хоригийг чангатгах тухай тогтоолыг Пхеньян эсэргүүцэж, “Батлан хамгаалах цөмийн хүчин чадлаа бэхжүүлэх болно” гэж мэдэгдлээ.

Хойд Солонгост шатахуун нийлүүлэхийг 90 хувиар бууруулах, Хойд Солонгосын бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг бүрэн хориглох тухай АНУ-ын боловсруулсан хоригийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд дэмжин баталсан юм.

Үүний хариуд “АНУ болон түүнийг дэмжигч улс орнуудын явуулгаар баталсан шинэ хориг нь Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг үгүй хийж мэдэх түрэмгийлсэн үйлдэл гэж үзэж байна” гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

Мөн “Хэрэв АНУ энх тайван, амар амгалан байхыг хүсч байгаа бол БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлогоосоо татгалзаж, цөмийн зэвсэгтэй гүрэнтэй хамтдаа хэрхэн оршин тогтнох талаар суралцаж, биднийг цөмийн зэвсгээс татгалзуулах тухай бодлоо таягдан хаях нь зүйтэй” гэжээ.

Өнгөрсөн бямба гаригт хуралдсан Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын үүрийн дарга нарын V хурлын үеэр Ким Жон Ун мэдэгдэхдээ “хүчирхэг социалист улс байгуулах нягт төлөвлөгөө боловсруулж, социалист бус элементтэй тэмцэх болно” гэсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж