Сүхбаатарын улс төр дахин бужигналаа

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын улс төр дахин бужигналаа

Сүхбаатарын улс төр дахин бужигналаа

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга тэргүүтэй тус аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс өнөөдөр /2017.12.25/ мэдээлэл хийлээ. 

Сүхбаатар аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2016 оны сонгуулиар АН 17, МАН 16 суудал авсан. Гэхдээ нэг төлөөлөгчийн асуудал маргаантай, хуулийн байгууллага шалгаж байгаа учраас өнгөрсөн нэг жил долоон сарын хугацаанд хоёр нам тус бүр 16 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж иржээ. 

Өнгөрсөн хугацаанд ИТХ-ын аливаа шийдвэр хууль бус гарах, МАН-ын төлөөлөгчид нь хууль бусаар хуралдаж шийдвэр гаргах зэрэг маргаан хоёр жил орчим хугацаанд үргэлжилж байгаад АН-ын бүлгээс шүүмжлэлтэй хандаж байгаа талаараа мэдэгдэв. Ер нь аль ч улс төрийн нам аймгийн ИТХ-д олонхийг бүрдүүлж чадаагүй энэ мэт байдлаас үүдэж, аймаг орон нутгийн ажил зогсонги байдалд орж байгаа талаар Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийнхэн онцолсон юм. 

Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын дарга М.Идэрбат:

-“МАН-ын бүлэг парламентад олонх болж, засгийн эрх барьж буйгаараа түрэмгийлэн, аливаа шийдвэрийг бие даасан байдлаар гаргаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. 2017 оны аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлийг батлахдаа МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч хуралдаж, эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулж, баталсан. Бид энэ асуудлаар шүүх шатны байгууллагуудад хандаж, 16 төлөөлөгч хуралдаж, гаргасан шийдвэрийг хүчинтэй эсэхийг магадлуулсан. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг хурлын шийдвэрийг хууль бус гэж үзсэн байдаг. Ингэснээр Сүхбаатар аймгийн Засаг дарга нь сонгогдсон цагаасаа хойш хоёр жилийн хугацаанд ямар нэгэн бодлого чиглэл, үндсэн хөтөлбөргүйгээр ажилласаар ирлээ. Үүнийг мэдсээр байж, 2018 оны төсвийг батлахдаа дахиад 16-уулаа хуралдаж, хууль зөрчиж байна. Өнөөдөр Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр гурав дахь тамгаа хийлгэхээр явж байна. Сүхбаатар аймгийн бүх тогтоол, шийдвэрүүд албан ёсны тамга тэмдгээр баталгаажаагүй байхад өнөөдрөөс эхлэн төрийн сангаас зарлагын гүйлгээ хийж эхэлж байна. 

Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс өнгөрсөн жил мөн ийм утга бүхий мэдээлэл хийж, аймгийн төрийн захиргааны байгууллагыг яаралтай хууль ёсных нь үйл ажиллагаа явуулах боломжийг хангахыг уриалж байсан. Энэ асуудал ганц Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр гэдэг хүнээс хамаараад байгаа юм биш. Сүхбаатар аймгийн нийт иргэдийн 60 хувь нь АН-ыг сонгочихоод байхад намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлыг төсөвтөө суулгаж өгөхгүй байна. Тиймээс бид ИТХ-д суухгүй, завсарлага авсан байгаа. Төрийн эрх мэдэлтнүүд, эрх баригчид хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байна’ гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж