О.Баасанхүү хууль зөрчсөн үү?

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү хууль зөрчсөн үү?

О.Баасанхүү хууль зөрчсөн үү?

"УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр МАХН-ын Их хурал зохион байгуулсан нь хэд хэдэн хууль зөрчсөн" гэж залуу хуульчид нэгдэн, мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Төрийн ордны их танхимд хурал, чуулган зохион байгуулах эрхийг зөвхөн УИХ-ын дарга, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвшөөрөлтэй олгодог тухай тэд тайлбарлав. 

"Төрийн гурван өндөрлөг хамтран явуулж байгаа тохиолдолд Төрийн ордны их танхимд хурал зохион байгуулдаг.  УИХ-ын хувь гишүүн Төрийн ордонд амралтын өдөр хурал зохион байгуулсныг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хувийн зорилготой ашигласан гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа" гэлээ.

"УИХ-ын гишүүн О.Баасанхүү хурал зохион байгуулах төсвийг нэр бүхий хүнээс хандиваар авсан гэдгээ хэвлэл мэдээллэлд хэлсэн байдаг. Улс төрийн намын тухай хуульд “Улс төрийн нам хандиваар санхүүжиж болно. Ингэхдээ иргэнээс нэг сая хүртэл төгрөгийн хандив авах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү хандивлагчаа олон нийтэд зарлахгүй, энэ хурлыг 150 сая төгрөгөөр зохион байгуулсан гэдгээ хэлж байсан. Тиймээс Улс төрийн намын тухай хууль зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц болон холбогдох байгууллагуудад энэ талаарх мэдээллийг хүргүүлсэн" гэж "Хос дэнс" залуу хуульчдын холбооны тэргүүн А.Гантамир мэдэгдлээ. Тус хуульчдын холбооноос УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй энэ асуудлаар уулзах хүсэлт гаргасан боловч тэрээр уулзахаас татгалзсан байна.

Сануулахад, МАХН-ын II-р Их хурлыг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нарын МАХН-ын зарим гишүүд Төрийн ордонд зохион байгуулсан. Уг хуралд оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон юм. 

"Хос дэнс" залуу хуульчдын холбооны тэргүүн А.Гантамир

‘Хос дэнс’ залуу хуульчдын холбооны тэргүүн А.Гантамираас дараах асуултад хариулт авав. 

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Их хурал зохион байгуулж, МАХН-ын даргаар бүртгүүлэх асуудлаар Улсын дээд шүүхэд хандсан. Энэ бол намын дотоод асуудал. Тиймээс хуулийн байгууллага шалгаж, хууль зөрчсөн эсэхийг нь тогтооно. Та бүхний хөндлөнгөөс оролцож байгаа нь ямар нэг улс төрийн зорилготой биш үү?

-Бид бүхэн зөвхөн хуулийн зөрчилтэй асуудлаар нь ярилцаж байгаа. Тодорхой хуулиудын заалтыг барьж, үндэслэлүүдээ гаргаж ирсэн. Хуулийн заалтыг бид ямар нэгэн байдлаар буруу тайлбарлаагүй, мушгин гуйвуулаагүй гэдгээ хэлмээр байна. Бид МАХН-ын дүрмийн шинэчлэлийн асуудлыг огт хөндөн ярихгүй байгаа.

-Намын дотоод асуудалд та бүхэн оролцох нь зөв гэж үү?

-Өмнө нь манай байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдыг эгүүлэн татах асуудлаар 13 удаа хүсэлт гаргаж байсан. Эдгээрийн нэгэн адил тодорхой хууль тогтоомжууд зөрчигдөж байгаа учраас О.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хөндөж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж