Биеийн тамир, спортын холбоод, мэргэжилтнүүдийн дунд “Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд салбар дундын оролцоог хангах нь” сэдэвт нэгдсэн форум өнгөрөгч долоо хоногт болсон билээ.
Энэхүү форумыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын яам Биеийн тамир, спортын бодлогын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн спорт холбоод болон спорт холбоодын 100 гаруй төлөөлөгч оролцсон юм. Форумын үеэр “Төрийн бус байгууллагын тогтвортой хөгжил, засаглал, Спортын арбитрын эрх зүйн орчин” сэдвээр Арбитрч Ч.Дарьсүрэн илтгэл тавьсан юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр байгууллагын Спортын арбитрчдаар 19 хүн ажилладаг аж. Тэдний дунд хуульчдаас гадна МҮОХ, волейбол, буудлага, бокс, дугуй, гимнастик зэрэг спорт холбоодын төлөөлөл багтжээ.
-Монголд спортын арбитрын байгууллага байгуулагдаад удаагүй байна. Энэ байгуулагын талаар товч мэдээллэл өгөхгүй юу?
-Спортын салбар олон хэлбэрээр хөгжиж байна. Урьд уралдаан тэмцээн болоод өнгөрдөг байсан бол одоо олон улсын тэмцээн олноор зохиогдож, тэр хэрээр тамирчдын дунд маргаан ажиглагдаж байна. Энэ маргааныг олон улсад шийдэж байгаа ч Монголдоо шийдэж байх зорилготойгоор Спорт арбитрын байгууллага байгуулагдсан. Тэмцээний дараа тамирчид, дасгалжуулагч болон байгууллага, клуб хохирох зүйл гардаг. Үүнийг шүүх засаглалтайгаар биш Спортын арбитраар шийдэх байгууллага байгаасай гэсэндээ байгуулсан байгаа. Спорт цэвэр ариун шударга байгаасай гэсэн зорилгыг агуулсан, хараат бус, хөндлөгийн байгууллага байх юм. Спорт арбитрын байгууллага энэ оны хоёрдугаар сард байгуулагдсан. Бид үндэсний арбитрчдыг бэлтгэх, байгууллагыг бэхжүүлэх гэсэн ажлуудыг зохион байгуулаад байна. Одоогоор спортын мэргэжилтэн болон хуулийн байгууллагын 19 арбитрч ажиллаж байгаа.
-Яагаад маргааныг Арбитрын шүүхээр шийдүүлэх ёстой вэ?
-Ер нь спортын тэмцлийн дотор байгаа маргааныг өөрсдийнхөө мэргэжлийн хүмүүсээр дотроо шийдүүлээд явах юм бол спортын нэр хүнд зөв зүйтэй байх болно. Спортод гарч байгаа маргаан бол бусад салбарт гарч байгаа маргааныг бодвол өөр байдаг. Тамирчдын амжилтыг зөв үнэлэх, шүүлт зөв байх, дасгалжуулагчийг зөв тодорхойлохоос гадна шагнал урамшууллыг зөв өгөх нь шударга байгаасай гэдэг зарчмаар ажиллаж байна.
-“Рио 2016” олимпийн наадмын үеэр чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнарангийн барилдааны тухайд юу хэлэх вэ?
-Бидэнд Спортын арбитрыг байгуулах бодол их байлаа. “Рио 2016” олимпийн наадмын дараа энэ байгуулага байгуулагдсан бол бид зөв талд нь шийдвэрлүүлэх юмсан гэсэн бодол байсан. Г.Мандахнаран маш олон газраар явсан. Харин бидэнд хандаагүй. Өнөөдөр Спортын арбитрын байгууллага байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн болохоор нэг шат ахиж байна. Бид ирэх 2018 оноос спортын арбитрчдыг сургах, дадлагажуулахаас гадна манай байгууллагад орох сонирхолтой спортын мэргэжилтэн, хуульчдын өмнө нээлттэй байх болно.