Моралис Израилийн ерөнхий сайд Беньямин Натаньяхутай ярилцсаны дараа дээрх шийдвэрийг гаргасан тухай Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр АНУ-ыг Иерусалим хотын талаарх шийдвэрээ өөрчлөхийг шаардсан тогтоолд есөн улс хориг тавьсны нэг нь Гватемал улс байсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолд санал өгсөн орнуудад үзүүлэх тусламжаа зогсооно гэж сүрдүүлсэн билээ.
Гватемал шиг төв Америкийн ядуу буурай орны хувьд АНУ бол томоохон донор орон юм. Гватемалын ерөнхийлөгч Жимми Моралис элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг эхлүүлэх үүрэг өгсөн байна. Моралис хэлэхдээ Израиль бол Гватемалын эртний холбоотон орон гэжээ.
Израиль-Палестины олон жил үргэлжилж буй зөрчлийн хамгийн эмзэг сэдэв нь Иерусалим хотын статус билээ. Олон шашны төв болсон энэ хотыг АНУ Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрснөөр бүс нутагт урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдал, сөрөг үр дагаврууд урган гарах болсон юм.
Эх сурвалж: BBC