Kембрижийн боловсролыг Монголд эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Kембрижийн боловсролыг Монголд эзэмшинэ

Kембрижийн боловсролыг Монголд эзэмших хүүхдүүдийг энэ сард сонгоно

“Олон улсын түвшинд өрсөл­­дөх чадвартай ерөнхий боловс­ролын үйлчилгээг бий болгоно” гэх өгүүлбэрээс манай улсын боловсролын салбарт юу нэхэгдэж байгааг олж харж болно.  Кембрижийн олон улсын хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлын хүрээнд хоёр сар гаруйн өмнө “Шинэ эрин” хэмээх сургуулийг хос хэлний хичээлийн хөтөлбөр бүхий анхны төрийн өмчийн сургууль болгон нээсэн юм. Кембрижийн сургалтын хөтөлбөртэй сургуулийг төгссөн сурагчид олон улсын нэр хүндтэй сургуулиуд тэр дундаа Кембриж, Харвард, Оксфорд, Стэнфорд зэрэг өндөр зэрэглэлийн их, дээд сургуулиудад шууд элсэн орох, улмаар дэлхийд өрсөлдөх чадвартай хүний нөөцийн чадавхийг өргөжүүлэх боломжтой болох юм. Өчигдөр боловсролын салбарыг уг стандартад бэлтгэх зорилгоор ийм 30 сургуультай болгохоо салбарын сайд амлаж байна. Мөн ийм хөтөлбөртэй хоёр сургуульд сурагч элсүүлэх болсныг мэдээллээ. Эдгээр сургуулиудын долоодугаар ангид суралцах 80, наймдугаар ангид суралцах 80, есдүгээр ангид суралцах 105 сурагчийн сонгон шалгаруулалтыг явуулахаар болжээ. Мөн тухайн сургуулиудад ажиллах багш нарыг мэдлэг, чадварыг нь харгалзан сонгож авах аж. Эдгээр ажлыг энэ сарын 27-ны өдөр хийх юм. Өөрөөр хэлбэл дэлхийн боловсролыг монголдоо эзэмших анхан шатны эрхийн шалгаруулалт болно.
  
Кембрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төвийн орлогч захирал Jill Johnson, “Энэ зуунд шинэ монгол иргэдийг төлөвшүүлэхийг та бүхэн зорьж байгаа биз. Кембрижийн боловсролын стандартыг нэвтрүүлэх хүрээнд ерөнхий боловсролын болон анхан шатны сургуулиудад шинэ хөтөлбөрийг нэвтрүүлснээр Монголын эдийн засгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ болон эдийн засгийн хөгжилтэй уялдсан чадавхид нийцнэ гэж үзэж байна. Сургалтын хөтөлбөрийг хэрэг­жүүлж эхэлснээр ерөнхий боловс­ролын үнэлгээний шинэ тогтолцоог нэвтрүү­лэх юм. Мөн АSA түвш­ний үнэлгээний зарчмуудыг боловс­руулж нэвтрүүлнэ. Түүнчлэн өнөө­дөр Монголын боловсролын тогтол­цоонд өвлөгдөж үлдсэн туршлага боломж юу байна гэдгийг судалж шинэ хөтөлбөртөө тусгах болно” хэмээн ярилаа.

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Сургуулиудын засвар, сурагчийн дүрэмт хувцас гээд заавал салбарын сайд хариулт өгөх албагүй асуудалд түүний байр суурийг тусгах гэж сэтгүүлчид улайрч байна. Гэхдээ дүрэмт хувцас оёх, сургуулийн ширээ сандал будсан эсэхээс илүү боловсролын тогтолцоогоо дэлхийн жишигт хүргэх, тэр тусмаа ЕБС-иа дөнгөж төгсч буй монгол хүүхэд төгсөлтийн гэрчилгээгээ сугавчлаад аль ч улсад очсон гологдохгүй байх нь чухал юм.

Уулзалтын үеэр Кембрижийн төлөөлөгчид, “Кембрижийн хөтөлбө­рийг нэвтрүүлсэн улс орнуудын газ­рын зураг гэж байдаг. Тэр газ­рын зураг дээрээс харвал орхигдуул­сан орон бараг үлдээгүй” хэ­мээж байв. 150 жилийн түүхтэй энэ хөтөлбөрийг бий болгохоор Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс маш олон улсын сургалтын хөтөлбөрийг судалсан байна. Тэдний хэлж буйгаар сургалтын тогтолцоо, түүнээс хамаарч эзэмшсэн мэргэжил нь сурагчдын ирээдүйг тодорхойлох аж.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
    
-Сурагч, багш нарыг энэ сарын 27-нд бүртгэж, шалгаруулна гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Найм, есдүгээр ангийн хүүхдүү­дийг хос хэлний хөтөлбөрөөр сургах сургуульд элсүүлнэ. Зарыг энэ долоо хонот багтаан манай сайтад тавьчих байх. Бүртгэлийг Боловсролын үнэлгээний төв дээр хийнэ. Багш нарыг ч мөн адил сонгон шалгаруулж авна. Яагаад гэхээр “Шинэ эрин” сургууль зөвхөн найм, есдүгээр ангиас хүүхэд авдаг байсан бол энэ жилээс шинэ анги буюу долоодугаар ангийн сурагчдыг элсүүлж эхэлж байна. Мөн “Шинэ эрин” сургууль Баянгол дүүрэгт өөрийн гэсэн сургуультай болно. Сургуулийн барилгын ажил удахгүй дуусна. 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль байх юм. Мөн Хан-Уул дүүрэгт ийм хос хэлний сургалттай дахин нэг сургууль байгааг та бүхэн мэдэх байх.

-Сонгон шалгаруулалтыг ямар байдлаар хийх вэ?

-Бид өнгөрсөн зургаадугаар сард нэг удаа шалгалт авсан. Тэгээд 100 гаруй хүүхдээс 25 нь тэнцсэн. Одоо өнгөрсөн жилийнх шиг хамаагүй авахгүй. Яагаад гэхээр тодорхой босго оноотой болгочихно. Тийм учраас зөвхөн англи хэлэндээ сайн бус ерөнхий эрдмийн бусад хичээлүүддээ ч сайн хүүхдүүдийг авна.

-Багш нарт ямар шаардлага тавих бол?

-Хамгийн  бэрхшээлтэй  асуудал   нь багш нарыг бэлтгэх ажил болчихоод байна. Бид энэ жил Кембрижийн хөтөлбөрийг батлах ажлаа хийнэ. Хөтөлбөрийг нь хийчихээр лабора­тори сургуулиудын багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлнэ. Хоёр жилийн хугацаанд тухайн сургууль дээрээ хөтөлбөрийн арга зүйгээ төлөвшүүлнэ.  Улмаар багш нарыг энэ хөтөлбөрийг заах чадвартай болгож 2014 оноос бүх ангиудыг энэ стандартад нийцүүлнэ. Яахав, Кембрижийн шалгалтын төвийнхөн Монголын боловсролын тогтолцоонд хадгалагдаж ирсэн тэр мэдлэгээ хадгалах нь гол шаардлага хэмээж байна. Ер нь бол үзэл баримтлалын хувьд манай улсын боловсролын тогтолцоонд баримталж байгаа стандарт, шаардлага нь Кембрижийн хөтөлбөртэй нийцдэг юм билээ. Тэгэхээр одоо бидний ажил зөвхөн стандартаас гадна сургалтын хөтөлбөрөө ул суурьтай боловсруулах ажил болчихоод байна.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж