Энэ жилийн ROOKIE нар гоё юм аа

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Энэ жилийн ROOKIE нар гоё юм аа

Энэ жилийн ROOKIE нар гоё юм аа

NBA үздэг хүн бүр рүүкий тоглогчид гэж хэн болох, тэд ямар хүлээлттэй орж ирээд хэд нь амжилтад хүрч, хэд нь хүлээлтэд хүрдэггүй болохыг мэдэх биз ээ. Жил бүр л лиг шинээр 60 тоглогч элсүүлдэг бөгөөд эхний 30 нь шууд гэрээтэй тоглогч болж, багийн үндсэн бүрэлдэхүүнд багтдаг. Харин сүүлийн 30 нь өөрсдөө хэр байхаас шалтгаалж ирээдүй нь шийдэгдэнэ.

Тэгвэл энэ жилийн шинээр элсэгчид үнэхээр супер байна гэж магтахгүй байхын арга алга. Супер гэх шалтгаан нь тэд хүлээлтээс хамаагүй илүү тоглож байгаад оршино. 2003 оны драфтын ангийг угаасаа супер гэдгийг нь мэддэг байсан болохоор хүлээлт их байсан, харин энэ жилийн драфт тэдэнтэй адил өндөр хүлээлттэй байгаагүй. Хүлээлтээс давсан үед магтагддаг нь жам ёсны зүйл юм.


 

Хамгийн эхний сюрприз: Кайл Кузма – Лос Анжелес Лейкерс, №27

Драфтын өмнөх таамаглал дээр Кайл Кузма драфтын хоёрдугаар тойрогт л багтана эсвэл сонгогдож чадахгүй гэсэн ангилалд багтаж байлаа. Гэвч Лейкерс Д’Анжелог явуулан байж хийсэн солилцоогоо болох 27 дахь сонголтоороо Кузмаг авсан юм. 3 улирал Ютагийн коллежид тоглочихсон түүнээс их зүйл хүлээгээгүй байсан юм. Гэвч зуны лигээс эхлэн Кузма тэсэрч эхэлсэн бөгөөд 21 оноо 6 самбар дунджилж, улмаар аваргын төлөө тоглолтод 30 оноо 10 самбар авснаар үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав.

Улирал эхлэхэд энэ амжилт хөөс биш гэдгийг баталж эхлэв. Холын зайн шидэлтийг өндөр хувьтай гүйцэтгэж, сандрах балмагдах гэдгийг хэдийнээ ардаа гээсэн мэргэжлийн түвшинд тоглоход бэлэн тоглогч гэдгээ харуулав. Хамгийн сүүлд Лейкерсийн рүүкий нараас гурван тоглолт дараалан 25-аас дээш оноо авч байсан нь 1961 онд Жерри Уэст байв. Лейкерс давгүй сонголт хийсэн гэж дүгнэж болно.

 

Солт Лейк хотын лидер: Донован Мичелл – Юта Жазз, №13

Драфтын өдөр солилцоонд орж Юта Жазз багт ирсэн Мичелл хоёр улирлыг коллежид өнгөрүүлжээ. Эхний жил залуу тоглогчдын адилаар талбайд төдийлөн олон минут тоглоогүй боловч, хоёр дахь улиралдаа 15.6 оноо 2.7 дамжуулалт 4.9 самбар дунджилж, улмаар NBA-д орохоор нэрээ өгөв. Драфтын өдөр Денвер Наггетс түүнийг авсан ч 24 дэх эрх болон Трэй Лайлсаар сольсон нь одоо харахад буруу шийдвэр болжээ.

Юта Жазз багт Донованыг байрлал дээр нь олон өрсөлдөгч хүлээж байсан ч одоо тэр багийн гол плэймэйкер, тоглолтыг төгсгөгч, хамгийн найдвартай шидэгч гээд лидер болж чадсан. Родни Хүүдийг сэлгээ рүү шилжүүлэхэд хүргэсэн гэхээр юун талаар яриад байгаа нь ойлгомжтой биз. Хүүд энэ улиралд 18 оноо авч байгаа нь Жаззыг тэргүүлэх үзүүлэлт. Харин Мичелл талбайд 30 минутыг өнгөрүүлж 17.7 оноо авч ангийнхаа тоглогчдыг оноогоор манлайлж байна. Хэний ч тооцоолоогүй тоглогч Бен Симмонстой өрсөлдөж эхлэх нь тэр.

Дөрвөн жилийн гэрээгээ байгуулчихсан, дээрээс нь Адидастай хамтраад эхэлсэн гээд Мичеллийн хувьд мэргэжлийн замнал сайхнаар эхэлж байгаа нь энэ.

Бэртэл нэгнийг нь үгүй хийж, нөгөөд нь боломж олгодог: Жэйсон Тэйтум – Бостон Селтикс, №3

Улирлын эхний тоглолтод Тэйтум сэлгээнээс оролцсон. Хэрвээ Гордон Хэйвард гэмтээгүй бол Тэйтум сэлгээний тоглогч хэвээрээ байсаар байхыг үгүйсгэхгүй. Гэмтэл нэгийг нь авч оддог бол нөгөөд нь боломж өгдөг нь хатуу боловч үнэн. Тэйтум гараанд гарснаар өөрийгөө ямаршуу хэмжээний чадвартай тоглогч вэ гэдгээ шууд л харуулж эхэлсэн.

Дюкийн бүтээгдэхүүн Тэйтум коллежид ганцхан улирал тоглохдоо 16.8 оноо 7.3 самбар 1.3 таслалт 1.1 хаалт дунджилж, улмаар Бостон Селтиксийн хараанд өртөв. Дэнни Эйнж түүнийг авна гэж шийдчихсэн байсан ч, давуу байдлаа ашиглан Филадельфиагаас дахиад нэг эрх сэлгэж чадсан мундаг менежер. Түүний сонголт ч буруутаагүй юм. Жэйсон Тэйтум хүлээлтэд хүрсэн үзүүлэлт болох 13.9 оноог 50 хувийн довтолгоо, 50 хувийн холын зайн шидэлттэйгээр авчирч байна. Түүний шидэлтийн техник янзын. Кузмаг бодвол туршлага багатай болохоор тоглолтоос тоглолтод туршлага сууна. Түүний ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа.

 

Биг Боллер Брэндийн нүүр царай: Лонзо Болл – Лос Анжелес Лейкерс, №2

Лонзо улирлыг тааруухан эхлүүлсэн нь нууц биш. Одоо болтол тааруу байгаа зүйл нь чөлөөт шидэлт. 48 хувьтай шидэж байгаа ч тоглолтоос тоглолтод сайжирч буй. Аавынх нь ам хамхигдахтай зэрэгцэн тоглолт нь сайжирч байна. 30 тоглолтод 10 ноо 6.9 самбар 7 дамжуулалт дунджилж, түүхэн хамгийн залуугаараа трипл дабл хийсэн тоглогч болсон. 30 тоглолтыг нь 10,10,10-аар нь хуваан авч үзвэл сүүлийн 10 тоглолтыг сайн дүн авахуйц гэж дүгнэе. Одоо Лонзог BUST буюу драфтын алдаа гэж ярихаа болсон бөгөөд трипл дабл дунджилах хэмжээний холбогч гэж харж байна.

Аавынх нь мундаг менежмент гэр бүлийг нь алдартай, өөрийн гэсэн брэндтэй болж, түүгээрээ гангарч яваа Болл улирал дуусах үед хүлээн зөвшөөрөгдсөн тоглогч болно гэдэгт итгэлтэй байна.

 

Сайн системд чадвартай бүхэн гялалзана: Жордан Белл – Голден Стэйт Уарриорс, №38

Хоёрдугаар тойргоос хийгдсэн хулгай гэвэл зүй ёсоор Жордан Беллийг нэрлэх ёстой. Аварга багийн бүрэлдэхүүнд барагтаа л бол рүүкий тоглогчид зай байдаггүй. Тэр тусмаа бүрэлдэхүүнээ хадгалаад үлдсэн багт. Гэвч Жордан Белл өөрийн хичээл зүтгэлээр тоглох минутаа өдрөөс өдөрт олж авч байна.

Даллас Мавериксыг нэгэнт хожсон тоглолтын төгсгөлд шоу үзүүлсэндээ зэмлэл хүртэж байсан Белл самбарт сайн, хоёр дахь боломжуудыг оноо болгож чаддаг, мөн хамгаалалт дээр Дрэймонд Грийнийг хангалттай орлож чадахуйц гэдгээ богино хугацаанд харуулаад байна. Лейкерсийн эсрэг 20 оноо 10 самбар авсан Белл удахгүй Заза Пачулиагийн байр суурийг булааж гараанд гарвал гайхах зүйлгүй. Одоогоор Пачулиа гэмтэлтэй байгаа учраас түр орлож байна.

Уг нь түүнийг Чикаго Бүллс драфтаас авсан ч Голдэн Стэйт рүү сольсон нь хэн хэндээ л хэрэгтэй шийдвэр болжээ. Дунджилж буй үзүүлэлт : 5.1 оноо 3.3 самбар 1.1 хаалт.

 

Европоос шүүрсэн сувд: Лаури Маркканен – Чикагo Бүллс, №6

Чикаго Бүллсийг Жимми Батлераар дэндүү хямдхан өглөө гэж шүүмжилж байсан хүмүүсийн нэг нь би. Гараанд гарсан боломжийг ашиглаж чадаагүй Крис Данн, гэмтэлтэй Зак Лавинь дээр нэмээд драфтаас тааруухан сонголт хийчихлээ гэж дүгнэж байлаа. Яаран дүгнэлт хийх шалтгаан нь Маркканен гэж хэн болохыг мэдээгүй байв.

Тэгвэл одоо бүгд түүнийг мэднэ. Хоёрхон сарын дотор өөрийгөө бүрэн таниулаад амжсан. Европын аварга шалгаруулах тэмцээнд Финляндын насанд хүрэгчдийн шигшээ багаасаа анх удаагаа тоглосон ч 19.2 оноо 5.7 самбараар багаа тэргүүлснээс эхлээд тэр дээд лигийнхний анхаарлыг татаж эхлэв. Аризонагийн их сургуульд нэг улирал тоглохдоо 15.6 оноо 7.2 самбар 9 дамжуулалт байснаас нь харахад одоо үзүүлж байгаа тоглолт нь гайхаад байх зүйл биш ээ.

Бобби Портис, Никола Миротич хоёрын зодоон түүнд гарааны довтлогч болох боломжийг нь богино хугацаанд олгосон шигээ байр суурийг нь хурдан бататгаж өгөв. Чикаго Бүллс багийн төдийгүй NBA-н ирэх арван жилийг тодорхойлох тоглогчдын нэг Маркканен сагсан бөмбөгдчийн гэр бүлээс гаралтай ажээ. Мэргэжлийн түвшинд дөнгөж тоглож байгаа ч сандрахгүй, өөрийн үндсэн тоглолтоо гаргаж өгөх суурь нь энэ болов уу гэлтэй.

14.7 оноо 7.7 самбар 1.4 дамжуулалттай дунджилж байгаа Маркканен бүх оддын түвшинд тоглох нь гарцаагүй юм.

 

Расселл Уэстбрүүк II төсөл: Деннис Смит жуниор – Даллас Маверикс, №9

Тэсрэлт, тэр чигээрээ залуу Уэстрүүк. Довтолгоог өөрийн гол чиглэл болгосон орчин үеийн холбогч. Гэм нь гэмтэл бэртлээ салдаггүй бололтой. Лигт орж ирсэн цагаасаа л гэмтэл бэртлийн мэдээтэй, ээлж дараалан олон тоглолт өнжлөө. 8 тоглолт өнжсөнийг нь эс тооцвол баг дотроо оноогоор хоёрт бичигдэж, нэрийн хуудас болсон хэд хэдэн тохолт хийгээд амжсан. Никс түүнийг сонгоогүй нь алдаа болжээ гэж Леброн Жеймс хүртэл хэлсэн гэхээр энэ залууг ямар гоё ирээдүй хүлээж байгаа нь тодорхой.

27 минутад 14-4-4. Одоохондоо л гэе даа. Энэ залууг ирээдүй биш ээ гэж хэлбэл алдас болох байлгүй дээ.

 

Rookie of the Year: Бэн Симмонс – Филадельфиа 76, №1 (2016 он)

Бен Симмонсд хүн болгонд заяадаггүй тэр мэдрэмж байна. Талбайг мэдрэх, дамжуулалт өгөх,тоглолтыг удирдах зэрэг чадвар нь шууд л плэймэйкер тоглогч болохыг нь батлав. Уг нь өнгөрсөн жилийн сонголт л доо. Гэхдээ дүрэм ёсоор нэг ч тоглолтод оролцоогүй учраас энэ жилийн анхлан сурагчдын ангид хамаарагдана.

Симмонсд дутуу зүйл нь шидэлт. Гэхдээ шидэлтийг хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд засч болдог. Харин мэдрэмжийг бол хаанаас ч олж авахгүй, заяадаг юм. Бэн Симмонс яг л тийм тоглогч. Магадгүй шилдэг шинэ тоглогчийн шагналд өрсөлдөгчгүй ч байж мэдэх юм.

Магадгүй NBA-д томоохон амжилт гаргахаасаа өмнө олон улсын тавцанд гялалзаж мэднэ. Америк аав, Австрали ээжээс төрсөн Симмонс Австралийн шигшээ багийг төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцоно. Одоогоор насан хүрэгчдийн шигшээ багтаа тоглолт хийгээгүй байгаа ч 2019 оны ДАШТ, 2020 оны Токиогийн олимпод тэр Австралийг төлөөлөн тоглох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн.

Ингээд бодохоор баг болгоныг рүүкий нарыг магтаад л баймаар. Сонгогдсон багтаа шууд нөлөө үзүүлж, гарааны эрхээ баталгаажуулж, тоглох минутаа гуйж биш гуядаж авсан ийм драфтын анги хамгийн сүүлд хэзээ орж ирлээ байз, 2003 он л санаанд бууж байх чинь.

 

Б.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж