Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Гадаад зах зээлээс босгосон “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулан, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэж буруутгагдаад буй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, тус банкны ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг прокурор хянаж дуусчээ. Хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн тул хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарыг яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх саналтайгаар өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байсан юм.

Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатарыг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байх үедээ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг улсад үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм.  

Хоёр жилийн өмнөөс хэргийг шалгах хугацаанд Хөгжлийн банкны гүйцэтгэх Н.Мөнхбатыг хорих 461 дүгээр ангид саатуулж, Б.Шинэбаатарыг гадуур байцааж байсан юм.

Хөгжлийн банк тойрсон эл хэрэгт сэжиглэн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын 40 хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, шаардлагатай тохиолдолд заримыг нь саатуулан шалгаж байсан юм.  Гэхдээ 40 хүнийг нэг зүйлээр ангиар буруутгаж, хамтад нь шалгаагүй. Хэрэг тус бүрийг холбогдох ангиллаар нь тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа гэдгийг албаныхан хэлж буй. Ингээд хэргийг шатлалын дарааллаар шалгаж, эхнээс нь прокурор руу шилжүүлж байгаа аж. Тухайлбал, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлан, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Тэгвэл нгөрсөн арваннэгдүгээр сард АТГ-аас А.Гантулгыг яллагдагчаар татаж, хэргийг шүүх рүү шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллага руу шилжүүлснийг прокурор хянаж дуусаад, шүүхэд шилжүүлэхээр болжээ.


ГААЛИЙН БАЙЦААГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Ханги боомтын гаалийн улсын байцаагч Ц.Ариунболдод холбогдох хэргийг прокурор хянаж дуусаад, өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн байна. Тэрбээр 2017 оны наймдугаар сарын 10-ны өдөр хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан 76.8 кг эрдэнийн чулууг илрүүлсэн ч хувьдаа авч, ашигласан хэрэгт буруутгагдаж буй.  Тухайн өдөр иргэн Т.Оюун-Эрдэнэ дээрх байгалийн чулууг автомашинд нууж, хилээр гаргахыг завджээ. Гаалийн байцаагч Ц.Ариунболд уг чулууг албан тушаалаа урвуулан ашиглаж солилцоо хийсэн нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоогдсон юм. 

Шүүхэд шилжсэн өөр нэг гаалийн байцаагчийн хэрэг байгаа нь Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэрийн холбогдсон асуудал. Тэрбээр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэгээс эхнэр П.Даариймааг нь ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн газарт ажилд авахын тулд гурван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.  Энэ хэргийг шүүх удахгүй шийдэх бололтой. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж