Ан Сан Су Чи хүний эрхийг гишгэгч үү?

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи хүний эрхийг гишгэгч үү?

Ан Сан Су Чи хүний эрхийг гишгэгч үү?

Олон улсын хэвлэлүүдэд Трампыг галзуу солиотой, Путин, Си Жиньпинийг харгис дарангуйлагч гэж бичдэг. Харин одоо бол тэднээс илүү дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байгаа хүн бол Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи болж байна.

Наймдугаар сард Мьянмарын Рахинэ мужид босогчид Исламын шашны нэрийг барин, цагдаагийн постууд болон, цэргийн ангиуд руу зэвсэгтэй халдсаны хариуд армийн цэргүүд Исламын шашинт рохинжачуудын сууринг галдан шатааж, олон хүнийг хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан. Рохинжа иргэдийг хүүхэд, хөгшид гэлтгүй олноор хөнөөж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж, мөрдөж хавчсаны улмаас 650,000 орчим хүн орон гэрээ орхин, хөрш Бангладеш руу дүрвэсэн билээ. Аллага, хүчирхийлэл, мөрдөлт, хавчлагаас амьд үлдсэн хүмүүс түүнээс ч илүү зовлон туулж байгаа талаар олон улсын хүний эрхийн байгууллага анхааруулж байгаа юм. 21-р зуунд улсынх нь засгийн газар бүхэл бүтэн угсаатныг үгүй хийж, нутгаасаа зайлуулахыг хичээж байна. Хамгийн хачирхалтай нь, Мьянмарын төлөө тэмцэгч хэмээх алдартай, Нобелийн энхтайвны шагналт удирдагч энэ аймшигтай явдлыг дуугүй харж байгаа явдал юм. Мьянмарын де факто удирдагч, ардчиллын бэлгэ тэмдэг, баатар хэмээн олон улсад хүндэлж ирсэн Ан Сан Су Чиг ард түмний дуу хоолой болсонгүй, эрх нь зөрчигдсөн хөөрхийлэлтэй хүмүүст туслаагүй хэмээн дэлхий нийт буруутгаж байна.

Хүний эрхийн байгууллагууд Ан Сан Су Чиг хүмүүсийг аймаглан устгаж буй хэргийг дуугүй харж, хүлээн зөвшөөрч буйд буруутгажээ.

Ан Сан Су Чи рохинжа иргэдийн эсрэг цэргийнхэний мөрдлөг, хавчлага явуулж буйг зүгээр хараад суухын зэрэгцээ, тэдний үйлдлийг хаацайлан, хүний эрхийн байгууллагуудын тайланг худал мэдээлэл гэж жишимгүй мэдэгджээ.

2016 онд Мьянмарын цэргийнхэн дээр дурдсан шиг “цэвэрлэх” үйл ажиллагаа явуулж, рохинжа эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн тухай мэдээллийг Ан Сан Су Чигийн төлөөлөгчид “Ямар ч хүчирхийлэл болоогүй’ гэж үгүйсгэж байжээ. Өнгөрсөн сард Ан Сан Су Чи  Мьянмарын армийн явуулж буй хавчлага мөрдлөгийг эсэргүүцсэн олон улсын шүүмжлэлийг няцааж, “Манай улсад өрнөж буй одоогийн нөхцөл байдлыг биднээс өөр хэн ч ойлгохгүй” гэж мэдэгдсэн билээ.

Мьянмарын үндсэн хууль Ан Сан Су Чид армиас илүү эрх мэдэл олгоогүй гэх хүмүүс бий. Гэхдээ тийм биш ажээ. НҮБ өнгөрсөн намар Рохинжа иргэдийн эсрэг тус улсын цэргийнхэн угсаатны “цэвэрлэгээ” хийх зорилгоор хавчлага, мөрдлөг явуулж буй тухай мэдээлэл үнэн эсэхийг шалгуулахаар шинжээчдийг илгээсэн боловч тус улсын гадаад харилцааны сайдын үүргийг давхар гүйцэтгэдэг Ан Сан Су Чи тэдэнд виз олгохоос татгалзсан юм.

Эрх чөлөөний төлөөх урт удаан тэмцэл нь түүнд алдар хүнд, эрх мэдэл авчирсан. Гэвч тэр эрх мэдлээ ардчиллын төлөө ашиглах дургүй байна.

Мьянмарт олон жил ноёрхсон хунтын дэглэмийг эсэргүүцэж, 15 жил гэрийн хорионд байсан тэмцэгчийн хувьд  Ан Сан Су Чи Нобелийн энхтайвны шагналыг оролцуулаад, олон улсын 120 гаруй шагнал хүртсэн. Гэвч хүмүүсийг аймаглан хөнөөж, амьдаар нь шатаан, хүчирхийлж буй Мьянмарын армийн явуулж буй ажиллагааг хаацайлж буй Ан Сан Су Чиг эсэргүүцэж, дуучин, хүний эрхийн төлөө тэмцэгч Боб Гелдоф Дублин хотын эрх чөлөөний шагналаа буцааж өгсний дараа Дублин, Оксфорд зэрэг хотууд түүнийг шагнасан эрх чөлөөний шагналаа хүчингүйд тооцсон юм. Ан Сан Су Чигийн суралцаж байсан Оксфордын коллеж түүний хөргийг хүндэтгэлийн самбараас буулгасан. Түүний шүтэн бишрэгчдийн урам хугаралт ингээд зогссонгүй. Нобелийн зарим шагналтнууд түүнд 1991 онд олгосон шагналыг буцааж авахыг уриалсан юм.

Мьянмар НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгчийг нутаг буцаав

НҮБ Мьянмарын Рахинэ мужид олон улсын хэвлэлээр бичиж байгаа шиг Исламын шашинт иргэдийн эсрэг аймшигтай хавчлага , мөрдлөг, аллага, хүчирхийлэл болж байгаа эсэхийг нүдээр харуулахаар хүний эрхийн тусгай төлөөлөгчийг  ирэх сард  илгээх гэж байсан ч тус улсын засгийн газар түүнд виз олгохоос татгалзсан.  НҮБ-ын хүний эрхийн тусгай төлөөлөгч Мьянмарын засгийн газар НҮБ-ын төлөөлөгчид виз олгохоос татгалзсан нь Рахинэ мужид ямар нэгэн аймшигтай зүйл болж буйн шинж хэмээн ярьсан билээ.

Мьянмарын цэргийнхэний явуулж буй аллага, хүчирхийллийг НҮБ “угсаатны цэвэрлэгээ”, “аймаглан хороох” гэмт үйлдэл гэж буруутгаж байгаа юм.

Сэтгүүлчдийг баривчлав

Арванхоёрдугаар сарын 13-нд Мьянмарын Мэдээллийн яам ажлаа хийж яваад баривчлагдсан Ройтерс агентлагын хоёр сэтгүүлчийн гартаа гав зүүсэн зургийг дэлгэсэн. Ройтерсын сэтгүүлчид Рахинэ мужид мөрдлөг явуулж буй цагдаагийн хоёр ажилтантай уулзахаар төлөвлөж байсан юм. Тэднийг баривчилснаас хойш ямар ч сураг чимээ гараагүй. Сэтгүүлчдийг баривчилсны дараа олон улсын “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас Рахинэ мужид цэргийнхэн нэг сарын хугацаанд 6700 хүнийг цааш харуулсны  730 нь тав хүрээгүй хүүхдүүд байсан тухай мэдээлсэн юм. Харин Мьянмарын арми өнгөрсөн сард нэг ч хүний амь эрсдээгүй гэж мэдээлсэн.

Хэвлэлүүд Мьянмарын хууль сахиулагчид баривчлагдсан хоёр сэтгүүлчид олон төрлийн ял тулгаж, 14 жилийн ял төлөвлөж байгаа гэж мэдээлж байна. 

НҮБ болон дэлхийн улс орнууд Мьянмарын Засгийн газраас сэтгүүлчдийг баривчилсныг эсэргүүцэж, суллахыг шаардаж байгаа боловч тус улсын төрийн зөвлөх Ан Сан Су Чи тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авч, шүүх ял онооно хэмээн мэдэгдсэн.

2015 онд болсон Мьянмарын бүх нийтийн сонгуульд Ан Сан Су Чигийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг нам” ялалт байгуулсны дараа шинэ Засгийн газар түүнд зориулж, ерөнхий сайдтай эн тэнцэхүйц төрийн зөвлөх гэх албан тушаалыг бий болгосон билээ. Ан Сан Су Чигийн шинэ засгийн газар улс төрийн хоригдлуудыг суллаж, ардчилсан алхмууд зоригтой хийсний дүнд олон улсын хөрөнгө оруулалтыг татаж чадсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж