"Онгоцны буудлыг ашиглах тал дээр олон санал ирсэн"

Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

"Онгоцны буудлыг ашиглах тал дээр олон санал ирсэн"

"Онгоцны буудлыг ашиглах тал дээр олон санал ирсэн"

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Тэргүүн дэд дарга Б. Алтанцомтой ярилцлаа.


-Монгол Улсын агаарын замаар жилд 100,000 агаарын хөлөг дамжин өнгөрдөг боллоо. Мөн энэ салбараар 1.2 сая иргэн үйлчлүүлж байна. Энэ амжилтад хүрэхэд нисэхийн салбарт ямар томоохон ажил, хөрөнгө оруулалтууд хийгдсэн бэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд 100,000 агаарын хөлөг дамжин өнгөрсөн өдөр 2017 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр тохиолоо. Өөрөөр хэлбэл, 2016 оны өнгөрөлтийн нислэгийн тоо 99210 байсантай харьцуулахад сар гарангийн өмнө ийм үр дүнд хүрсэн маань агаарын навигацийн үйлчилгээний чанар болоод өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэх чиглэлээр ИНЕГ-аас авч хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүн гэж харж байгаа. Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо хэдий чинээ өснө тэр хэмжээгээр Монгол Улсын агаарын навигацийн үйчилгээний чанар сүүлийн жилүүдэд хэрхэн дээшилж олон улсын түвшинд хүрснийг агаарын тээвэрлэгчдийн зүгээс бататгаж байгаа нэг том үзүүлэлт юм. Үүнээс гадна, бид дамжин өнгөрч буй агаарын хөлгөөс навигацийн үйлчилгээ үзүүлсний хураамжийг авдаг.

Агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо нэмэгдэх тусам хураамж нэмэгдэж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал түлхэц болдог. Нөгөө талаараа нислэгийн тоо нэмэгдэх бүрт агаарын навигацийн үйлчилгээний техникийн найдвартай ажиллагаа, бэлэн байдал болон нарийн мэргэжлийн ажилтнуудын  ур чадварыг сайжруулах шаардлага тэр хэмжээгээр өндөрсөж байгааг хэлэх ёстой.

Мөн саяхан “Чингис хаан”  нисэх онгоцны буудлаар 1.2 сая дахь үйлчлүүлэгч зорчлоо. Дэд бүтцийн хөгжил муутай Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх гол гарц нь агаарын тээвэр болж байна. Хэдий чинээ олон зорчигч үйлчлүүлнэ төдий чинээ манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэсэн үг юм.

Энэ амжилтад хүрэхийн тулд Иргэний нисэх ерөнхий газар сүүлийн 10-15 жилийн хугацаанд төлөвлөгөөт ажлыг үе шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Нислэгийн хөдөлгөөн удирдлагад бодит ажиглалтын систем, багасгасан босоо зайчлалыг нэвтрүүлснээр нислэгийн аюулгүй ажиллагааны түвшнийг дээшлүүлсэн ба агаарын зайн нэвтрэн өнгөрүүлэх багтаамжийг нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, агаарын зайн зохион байгуулалтыг зөв оновчтой хийснээр агаарын замыг дөт болгох, Олон улсын стандартад нийцүүлэн бүртгүүлэх зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа. Гуравдугаарт, тоног төхөөрөмжийн эрс шинэчлэл хийсэн. Дөрөвдүгээрт, нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, дээшлүүлэх, мэргэшүүлэн чадавхжуулж, олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан. Түүнээс гадна  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг олон улсын аэродромд бүртгүүллээ.  Энэ бүхэн Иргэний нисэхийн салбарын удирдлага, ажилтнуудын хамтын ажиллагаа, олон жилийн хүч хөдөлмөрийн үндсэн дээр бий болсон гэж хэлж болно. 

-Монгол Улс агаарын хоёр шинэ зам нэмэх асуудал яригдаж байгаа. Агаарын зам нэмэхийн ач холбогдол нь юу байна?

-Монгол Улс бол Ази Европыг холбосон хамгийн дөт замтай гэж нэрлэгддэг. Одоо олон улсын агаарын хөлөгт хамгийн дөт, оновчтой байлгах үүднээс энэ замыг шулуун болгох ажлууд хийгдэж байна.  Өнөөдөр хойд хилээс урд хил рүү шулуун замаар агаарын хөлгүүд нисч байна.

Агаарын замыг дотоодын, гадаадын гэсэн хоёр хэсэгт хуваадаг л даа. Дотоодын нислэг 5000-6000 метрт ниснэ. Голдуу жижиг оврын агаарын хөлөг энэ замд нислэг үйлддэг.  Харин олон улсын агаарын нислэг 8000 ба түүнээс дээш агаарын шугамаар нисдэг.  Агаарын шугамыг хоёроор нэмэх асуудал хэлэлцээний шатандаа явж байна. Мэдээж, хоёр хөрштэйгөө тохиролцох шаардлагатай. ОХУ-ын зүгээс судалгаа хийж үзээд нааштай хандаж байгаа. Харин БНХАУ-ын талтай олон жил хэлэлцээний ширээний ард суусны эцэст саяхнаас нааштай хариу сонсоод байна. Агаарын замын шугамыг нэмэгдүүлэх асуудал амар биш. Дор хаяж хоёр жилийн хугацаа шаардагддаг.  

Чингис хаан нисэх онгоцны буудлыг цаашид яаж ашиглах асуудал дээр олон санал ирсэн. ИНЕГ-аас бүс нутгийн сургалтын бааз байгуулах, түргэн, тагнуул, онцгойгийнхон ашиглах, ерөнхий зориулалтын нисэх буудал байгуулах эсвэл төрийн болон гадны дээд хэмжээний зочид, төлөөлөгчдийг хүлээн авах VIP нисэх буудал, нөөц нисэх онгоцны буудал болгох гээд олон санал яригдаж байна. Зарим газраас амралт, соёлын газар, зочид буудал, казино зэргээр ашиглах санал ч ирсэн.

-Монгол Улсын агаарын замыг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдол гарч байсан уу? 

-Миний бие иргэний нисэхийн салбарт 33 жил ажиллаж байна. Намайг ажиллахаас өмнө л ийм үлгэр домог шиг зүйл яригддаг байсан. Өнөөдөр хилийн аюулгүй байдал маш сайн хангагдсан учир тийм зүйл огт байхгүй. Агаарын хилийг Иргэний нисэхийн ерөнхий газар болон Батлан хамгаалах яам хамтран хянаж байдаг. Хэрвээ ийм тохиолдол гарвал Батлан хамгаалах яам хуулийнхаа дагуу албадан буулгах, хил дээрээс буцаах, агаар дээр барих гэх мэт арга хэмжээ авдаг.

-Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа. Бүтээн байгуулалтын явц ямар шатандаа яваа бол?

-Бүтээн байгуулалтын ажил сүүлийн шатандаа явж байна. Шинэ нисэх онгоцны буудлыг 2018 оны арваннэгдүгээр сарын 10-нд нээхээр төлөвлөж байна.

-Менежментийг нь япончууд эвсэл монголчууд авна гэсэн яриа гарсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? 

-Япон гэлтгүй маш олон орноос санал ирсэн. Гэхдээ нисэх онгоцны шинэ буудлыг Япон улсын хөрөнгө оруулалтаар барьсан тул хөрөнгө оруулалтын хэмжээг нь харгалзан үзэж, Монгол Улсын Засгийн газар 49 хувийг, Японы тал 51 хувийг эзэмшихээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Ойрын хугацаанд гэрээ байгуулна.

-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор Чингис хаан нисэх онгоцны буудлыг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Чингис хаан нисэх онгоцны буудал, барилгыг хэрхэн ашиглах асуудлыг зохицуулах ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсгийг миний бие ахалж байна. Нисэх буудлыг ашиглах асуудал дээр маш олон санал ирж байгаа. ИНЕГ-аас бүс нутгийн сургалтын бааз байгуулах, түргэн, тагнуул, онцгойгийнхон ашиглах, ерөнхий зориулалтын нисэх буудал байгуулах эсвэл төрийн болон гадны дээд хэмжээний зочид, төлөөлөгчдийг хүлээн авах VIP нисэх буудал, нөөц нисэх онгоцны буудал болгох гээд олон санал яригдаж байна. Зарим газраас амралт, соёлын газар, зочид буудал, казино зэргээр ашиглах саналууд ч ирсэн. Гэхдээ манай нисэхийн салбар энэ газарт маш их хөрөнгө оруулалт хийсэн тул агаарын тээврийн зориулалтаар нь ашиглая гэсэн саналтай байгаа. Асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлнэ. 

-Нэг хэсэг нисэхийн тийзийн өндөр үнэтэй байна, хямдруулах боломжтой эсэх асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байсан. Нисэхийн тийзийн үнийг бууруулах боломж бий юу?

-Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ноос хоёр цэгийн хоорондох тарифыг бодож гаргах аргачлал гаргасан байдаг. Тодруулбал, нэг хотоос нөгөө хотод хүрэх нислэгийн тийзний тарифыг хэрхэн тогтоох олон улсын аргачлал байдаг гэсэн үг. Үүнийг бүх улс орон мөрддөг. Монгол Улс ч ялгаагүй. Манай улсын авиа компаниудад хямд тийз олон бий. Хамгийн гол нь Монгол зорчигчид агаарын тээврээр зорчих ажил, аялалын төлөвлөгөөгөө эртнээс гаргаж, тийзээ захиалбал санаанд багтамгүй хямдаар худалдан авах бүрэн боломжтой.  Өнөөдрийн байдлаар гэхэд МИАТ компанийн 2018 оны зуны нислэгийн тийзийг гадныхан аль эрт захиалаад эхэлчихсэн байна. Тийзний урьдчилсан захиалгыг бүр нэг жилийн өмнөөс өгөх боломжтой байдаг.

Хэдий чинээ олон сарын өмнө урьдчилж тийз захиална, төдий чинээ хамгийн хямдаар худалдан авч чадна. Харин яг маргааш зорчих билет гээд захиалахад хамгийн өндөр үнэтэй тийз олдох нь ойлгомжтой шүү дээ. Манай улсад ирсэн гадаадын жуулчдын дунд хийсэн судалгаанаас харахад, тэд онгоцны тийзний үнийг үнэтэй байна гэсэн гомдол, санал огт гаргаж байгаагүй юм билээ. Харин Монголд ирсэн хойноо бусад үйлчилгээ тухайлбал, зочид буудал, хоол хүнс гэх мэтийн зардал өндөр байгаа талаар ярьсан байдаг. Та бид хоёрын ярилцлага шинэ он гарахын өмнөхөн болж байна. Шинэ онд бид олон зүйл төлөвлөсөн байгаа. ИНЕГ-ын зүгээс ирэх жилүүдэд тийзний үнийг буулгах асуудалд анхаарал хандуулж ажиллана. Тухайлбал, тасалбарын үнэд нөлөөлдөг зарим хүчин зүйл болох түлшний монопол байдлыг задлах, агаарын чиг шулуун замын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр авиа компаниуд зорчигч хэдийд захиалга өгвөл хямд үнэтэй тийз авах боломжтой байгааг сайн сурталчилж, таниулах ёстой гэж боддог. Иргэд ч эртнээс тийзээ захиалж, ажлаа төлөвлөж сурах хэрэгтэй гэдгийг сануулмаар байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж