Нутгийн шинэ жилийн давалгаа

Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Нутгийн шинэ жилийн давалгаа

Нутгийн шинэ жилийн давалгаа

Эдийн засаг яаж ч хямарсан Монголын шинэ жил улам өргөн, дэлгэр болсоор. Байгууллага, гэр бүлийн баяр хэмжээнд байсан оны сүүлийн өдрүүд өргөмжлөл, шагнал, шилдэг, мундагийн давалгаанд хөвж байна.

Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэх нь “нууц” болсон ч төрийн бус байгууллагуудын шилдэг шалгаруулдаг цэнгүүнүүд өмнөх жилүүдээс олширчээ. Дээр нь нутгийн зөвлөлүүдийн шинэ жил энэ оны хамгийн чухал баяр болж нэмэгдлээ. Сонгуультай жилийн өмнө, хойно идэвхждэг нутгийн зөвлөлийнхний шинэ жил аймаг, аймгаараа ялгардаг байсан бол энэ жилээс бүр сум сумаараа ёолкддог болжээ. Улаанбаатар хот дахь тэр аймгийн тэр сумын шинэ жил гэх баярууд “Хөх сувд”, “Алтан угалз”, “Алтан шанага”, “Мөнгөн угалз” гэхчлэн сонин содон нэр устай. Нутгийн зөвлөл, төрийн бус байгууллагуудын зохион байгуулдаг шинэ жилүүд оюутны, залуусын гэхчлэн насны ангилалтай нь ч бий. За тэгээд, цаашилбал, шинэ жилийн задаргаа намын хорооны, намын үүрийн, намын эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллагын гэхчлэн үргэлжилж байна.

Шинэ жил бүр жаазтай өргөмжлөл, шилэн цомтой, цаасан урилгатай, оргилуун дарстай, хоол унд, архи дарстай. Одоо сүүлдээ хүүхдүүдийг шинэ жилийн шилдэг, тэргүүнийгээр өргөмжлөх нэрээр эцэг, эхчүүдээс нь медаль, жаазны мөнгө нэхдэг жишиг дунд сургуулиудад хавтгайрч байгаа бололтой. Оны бүтээлч хүүхэд, манлайлагч хүүхэд гэхчлэн тэднийг бас ямар нэгэн номинаци, төрөл зүйлд хуваадаг болжээ. Хүүхдийг хүүхдээр нь байлгая л даа. Нялх багаас нь жаазтай өргөмжлөл тэврүүлж, түүний төлөө өрсөлдүүлэх зөв биш байх. Хүүхэд бүр шилдэг гэдгийг нь ойлгуулж, өөр байдлаар урамшуул л даа. Хүүхдүүд бүгд шинэ жилээр бэлэг хүсдэг, бэлгээ аваад баярладаг тийм сэтгэхүйтэй нь энэ баярыг үлдээвэл гоё биз дээ. Хүүхдүүд маань өргөмжлөл биш бэлэг л хүлээдэг.

Шинэ жил гоё баяр. Хүн бүхэн, хүүхэд бүр, айл бүр, албан газар бүхэн баярлах бүрэн эрхтэй. Гэхдээ шилдэг тэргүүний олширч, нутаг нугын найр шиг хавтгайрч, улстөрчдийн ил гаргаж болдоггүй “будаатай хуурга”-ны далд хэлбэр болсон нь арай л туйлшрал юм даа.

Төрийн одон медалийг шинэ жилийн цэнгүүн дээр гардуулах нь хөдөлмөрийн үнэлж биш өвлийн өвгөний бэлэг шиг санагдахаар. Жилийн ажилдаа дүн тавьж, амжилттай ажилласан хүмүүсээ урамшуулах нь мэдээж зүй ёсны хэрэг. Гэхдээ үдэшлэгийн тайз, гоёлын даашинзтай төрийн одон, тэмдэг нэг л зохицолгүй санагдах. Хошин урлагийн нэг жүжигчин саяхны өдрүүдэд Алтан гадас одонгоор шагнагдсан нь шинэ жилийн өдрүүдтэй давхцаж таараад ч тэр юм уу, хүмүүсийг гайхашруулсан бололтой. Ойрын өдрүүдэд төрийн одон хүртээх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан гэж сонстоогүй ч жүжигчдийг баярын цэнгүүн дээрээ одон гардаагүй гэж найдья.

Өөрөө ч мэдэхгүй нэр дэвшээд, өөрөө ч мэдэхгүй шагнал авчихсан байх нь манайд жирийн үзэгдэл болжээ. Оны шилдэг улстөрч, оны шилдэг эдийн засагч, оны шилдэг залуу… Яг иймэрхүү ижил агуулгаар тэргүүчүүлийг шалгаруулдаг уламжлал болсон арга хэмжээ улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагуудын ард чухал ажил нь болж, ёслол төгөлдөр түүнийгээ шалгаруулдаг болжээ. Гэхдээ зарим ёслолын шагналаас хүмүүс татгалздаг болсон нь зөв ч юм шиг. Жишээ нь, Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг Next Stop ёслол. 1992 оноос хойш “Оны залуус”-ыг тодруулж ирсэн энэ ёслол уг нь хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд тооцогддог байсан ч энэ жил нэр дэвшүүлэхдээ сонголтоо зөв хийгээгүй, хүний нэр, зураг андуурсан алдаанаасаа эхлээд багагүй шүүмжлэлд өртөв. Түүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн Д.Гантулгыг нэр дэвшүүлснийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, “Лантуун дохио” ТББ-ын тэтгүн Ч.Ганжавхлан нар өөрсдийг нь “өрсөлдөөн”-өөс хасч өгөхийг зохион байгуулагчдаас хүсчээ.

Шинэ жил гоё баяр. Хүн бүхэн, хүүхэд бүр, айл бүр, албан газар бүхэн баярлах бүрэн эрхтэй. Гэхдээ шилдэг тэргүүний олширч, нутаг нугын найр шиг хавтгайрч, улстөрчдийн ил гаргаж болдоггүй “будаатай хуурга”-ны далд хэлбэр болсон нь арай л туйлшрал юм даа.

Б.БАЯСАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж