Goldman Sachs-ын ашиг гурван тэрбум ам.доллар давжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Goldman Sachs-ын ашиг гурван тэрбум ам.доллар давжээ

“Goldman Sachs”-ын босс Lloyd Blankfein хэрэглэгчиддээ дэмжиж байсанд нь талархал илэрхийлсэн байна. АНУ-ын хөрөнгө оруулалтын банк “Goldman Sachs”-ын 2010 оны эхний улирлын ашиг жилийн өмнөхөөс нь бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны эхний улиралд 1.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэж тайлагнаж байсан бол энэ оны эхний улирлын ашиг нь 3.46 тэрбум ам.доллар хүрсэн байна. Тус компани ажилтнуудынхаа цалин урамшуулалд нийт орлогынхоо 43 хувь болох 5.5 тэрбум ам.доллар төлсөн гэдгээ мөн мэдэгдсэн. Эхний улирлын орлогыг нь 11 тэрбум ам.доллар байх болно гэж тооцоолж байсан хэдий ч түүнээс 36 хувиар илүү гарч 12.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. Тайлангаас нь үзвэл тус компаний цэвэр орлого жилийн өмнөхөөс 92 хувиар өссөн байна. Тус компани 5.5 тэрбум ам.долларын цалин урамшууллаа 33,100 ажилтандаа хуваан олгосон бөгөөд дундчилбал нэг ажилтанд ойролцоогоор 166,000 ам.долларын цалин, урамшуулал ноогдож байна. АНУ-ын бусад хөрөнгө оруулалтын банкнуудын нэгэн адилаар “Goldman Sachs” компаний орлогын дийлэнх хувь нь бондын арилжаанаас орж ирдэг.

Зураг: Нью-Жерси хот дахь “Goldman Sachs” компаний цамхаг-оффис. Тус барилга АНУ-ын 14 дэхь өндөр барилга гэж тооцогдож байна.

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Хувьцаа, биржийн комисс “Goldman Sachs” компаний эсрэг иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд түүндээ “сонирхлын зөрчилтэй бонд худалдсанаас нь болж хөрөнгө оруулагчид нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн”гэж үндэслэлээ тайлбарласан байсан. Хувьцаа биржийн комисс “Goldman Sachs”-ыг бондын худалдан авагчдад “амин чухал” мэдээлэл өгөлгүй дарсан гэж буруутгаж байгаа юм. Харин түүнийг нь “Goldman Sachs” үгүйсгэж байгаа бөгөөд “хууль бус, алдаатай дүгнэлт” гэж үзэж байна. “Goldman Sachs” компанийг Их Британид бас шалгах хэрэгтэй гэж Их Британий Ерөнхий сайд Gordon Brown өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн. Хэдийгээр ийнхүү шалгалтууд орж эхлээд байгаа ч “Goldman Sachs” компани эдгээр нэхэмжлэл шалгалтын тухайд итгэл төгс байгаа юм шиг харагдаж байгаа бөгөөд “хууль зүй, нэхэмжлэлтэй” холбоотой асуудалд ердөө 21 сая ам.доллар зарцуулах болно гэж мэдэгдсэн байна. Компанийх нь талаар сөрөг мэдээлэл гарч байгаа нь “Goldman Sachs” компанид бараг муу нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь Wall Street-ийн тус компани зах зээл дээр дэндүү том байр суурьтай. “Тус компаний арилжааны зах зээл дээр үзүүлж буй үйлчилгээ, байр суурийг өөр компани дор нь эзлэх боломжгүй. Түүний байр суурийг эзлэх өөр компани алга байна” гэж эдийн засагчид үзэж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж