Өмнөд Солонгосын Засгийн газраас ирэх онд 56 мянган гадаадын иргэнд “E-9” ангиллын виз олгохоо мэдэгджээ. Энэ төрлийн визийг мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог аж. “E-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд үйлдвэрлэлийн салбарт 42300, хөдөө аж ахуйн салбарт 6600, загас агнуурын салбарт 2600, барилгын салбарт 2400, үйлчилгээний салбарт 1100 гэсэн квоттой ажлын байранд хамрагдах боломжтой. “E-9” ангиллын визтэй иргэд Өмнөд Солонгост найман сараас есөн жил хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг аж. Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визний эцсийн хугацаа есөн жилийг дуустал ажиллахаа албаныханд мэдэгдсэн аж.
Өмнөд Солонгосын засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүч дутагдалтай байдлыг хангахыг зорьж байгаа аж. Гэхдээ тус улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Ёнхап
Б.ТУЯА