Сэтгэлзүйч М.Алтанцэцэг ярилцлаа.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Хүмүүс 2018 онд амжуулах ажлуудаа төлөвлөж байгаа байх. Амжилтыг хэрхэн төлөвлөж болох талаар яриагаа эхлэе.
-Төлөвлөлт гэхээр ихэнх нь цаг төлөвлөлт, цагийн менежментийн тухай гэж ойлгодог. Харин жинхэнэ төлөвлөлт бол амжилт, аз жаргал, баяр хөөр, амьдралыг төлөвлөхийг хэлдэг. Тэгэхээр төлөвлөлт гэж ямар нэгэн цэг дээр очих тухайн хүний зорилго юм. Тэр бүхэн нь хүн бүрт өөр өөр амжилтыг авчирдаг. Тэгэхээр цагийг биш яг ямар зорилго тавьж, ямар амжилтанд хүрэхээ төлөвлөөрэй гэсэн үг.
Хүмүүс шинэ он эхлэнгүүт гоё хавтастай дэвтэр худалдаж аваад зөндөө ажил төлөвлөж бичдэг боловч бараг мартчихдаг. Тэр дэвтрийг “сувинер” болгохгүйгээр ажил амьдралын талбараа зөв амжилтай авч явахын тулд хүн төлөвлөгөөгөө агуулгаар нь цаг хугацаагаар нь төлөвлөх ёстой.
-Тэгвэл тэр алхмуудаа яаж зөв амжилттай хийх ёстой вэ?
-Хамгийн эхний алхам нь хүрэх зорилгоо тодорхойл. Тэрхүү зорилгодоо хүрэх ямар шалтгаан байгааг, юу бэлдэхийг, юу сурсан мэдсэн байхаа эхлээд тодорхой болгоорой. Ингэж хүрэх цэгээ тодорхойлсон бол тэр цэгээсээ хойшоо төлөвлөх хэрэгтэй. Энэ цэгээ олж хараагүй хүмүүс “Хэрвээ надад боломж олдох юм бол…” гээд урсгалаараа яваад байдаг талтай. Эсвэл амьдрал надад боломж олгосонгүй гэж гомдоллодог.
-Одоо тэгвэл амжилтын тухай ярилцая. Хүн бүр амжилт гаргахыг дотроо эрмэлздэг. Зарим нь амжилтын төлөө уйгагүй хөдөлмөрлөж байна гэлцдэг. Харин бодитоор хэрхэн амжилтаа төлөвлөх талаар зөвлөөч?
Хувийн дэвтэртээ ирэх онд хийх зүйлсээ 12 сардаа хуваагаад харчих. Сар болгонд онцлох үйл явдал, найз нөхдийн төрсөн өдрөө, суух сургалт бүхнийг жилийн өмнө тавиад өгчихнө гэсэн үг. Ингэж хувийн амьдралаа төлөвлөхдөө өнөө зорьж хүсч байгаа амжилт, хүсэл мөрөөдлөө сар болгон дээр төлөвлөчих. Том зорилготой уялдуулаад сар болгондоо дахин долоо хоногоор хийх зүйлсээ төлөвлө.
Ингээд тухайн долоо хоногтоо, өдөр бүхэн зайлшгүй хийж гүйцэтгэх жагсаалтаа гаргана. Мөн заавал хийж гүйцэтгэх бусад ажлуудаа ч бас төлөвлөх хэрэгтэй. Магадгүй бичиж тэмдэглэж байгаад хэрэгжүүлэлгүй орхичихсон байж болно. Ингэлээ гээд ‘Би л ийм хүн’ гээд өөрийгөө орхихгүйгээр алдаагаа засаад өөрийгөө хөгжүүлж явах ёстой.
-Ажлаа, хол ойрын ирээдүйд хүрэх амжилтаа төлөвлөөгүй хүнд ямар саад бэрхшээл тулгардаг вэ?
-Ажлаа төлөвлөөгүй учраас бүх ажил эмх цэгцгүй, завгүй болчихдог. Төлөвлөгөөтэй хүн яарч сандраад байдаггүй.
Гол нь ганц хоёр тэмдэглээд хаях биш өдөр тутамдаа, сар бүр, жил болгон тэмдэглэдэг хөтлөөрэй. Цаг төлөвлөлтийн дэвтэр ч юм уу өөрсдийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж тэмдэглэсэн, хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэдэггүй, хянадаггүй. Зүгээр л баахан зүйл бичээд төлөвлөчихсөн завгүй хүн яваад байдаг.
Хэрвээ тухайн долоо хоног дуусах бүртээ дүгнээд сурчихвал цаашлаад сар, жилээ дүгнээд дадчихдаг юм. Янз бүрийн шалтгаанаар хийх гээд төлөвлөчихсөн ажил бүтэхгүй байж болно. Тэгвэл ямар шалтаг шалтгаан байсныг дэвтрээсээ хараад дүгнэчих юм бол дараагийн долоо хоногт алдаагаа олоод харчихна.
-Гэхдээ хэт их төлөвлөх нь хүнийг дарамтанд оруулах сөрөг талтай юм бишүү?
-Хэтэрхий хатуу цаг минутаар төлөвлөх нь амьдралыг хэцүү болгочихдог тал бий. Жишээ нь өнөөдөр ном уншина гээд төлөвлөчихсөн байтал агаарт гармаар санагдаж болно. Тэгвэл агаарт гар, хүссэнээрээ бай. Харин таны бүх үйлдэл хүрэх зорилгын чинь төлөө чиглэгдэж байх ёстой.