Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэн. Тэрбээр “Монгол Улсын хэрэглээний сагсны 40 хувь нь цэвэр импортын бараа, бүтээгдэхүүн байгаагийн дээр дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний орцыг импортоор авдаг. Нийт зээлийн 20 гаруй хувь нь гадаад валютын зээл байна. Манай улс жилд дунджаар гадаад өрийн хүүний төлбөрт 800 сая ам.доллар, үндсэн төлбөрт 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлж байна. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт нь инфляцид нөлөөлөхийн зэрэгцээ чанаргүй зээл, дотоодын аж ахуйн нэгжүүдийн гадаад өрийн дарамтад нөлөөлдөг” болохыг мэдээлсэн юм. Мөн Монголбанкны хувьд орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа дуулгасан. Төв банкны ерөнхийлөгчийн хэлснээр Монгол Улсын Ерөнхий сайд энэ асуудалд нэмэлт эх үүсвэр хайж байгаа аж. Монгол Улсын гадаад валютын нөөц өнөөдөр 2.3 тэрбум ам.доллар буюу цэвэр нөөц нь 800 сая ам.доллар болжээ.
Холбоотой мэдээ