Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

Зээлийн хүү буурна

Өнгөрсөн Баасан гаригт Төв банк бодлогын хүүгээ 11 хувьд хүргэснээ зарласан. Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.0 хувь болгох шийдвэр гаргасан юм.

Бодлогын хүүг бууруулах болсон шалтгаан нь инфляци. “2017 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байхаар байна.

Энэ оны эхний гурван улиралд эдийн засаг хүлээлтээс давж өслөө. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаагаас макро эдийн засгийн эрсдэл буурч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн цаашдын төлөвөөс харахад бизнесийн зээл, уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшинг бууруулах шаардлага хэвээр байна.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ” гэж төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл гаргасан шийдвэрээ тайлбарлажээ.

Төв банкны бодлогын хүү арилжааны банкуудыг зээлийн хүүд шууд нөлөөлдөг. Бодлогын хүү өсвөл зээлийн хүү өсдөг. Бодлогын хүү буурвал зээлийн хүү буурдаг. Тиймээс шинэ оны өмнө Монголбанк зээлийн хүүгээ бууруулж, мөнгөний зөөлөн бодлого барихаар болсноо зарлаж байна. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл сэргэж, ажлын байр алсдаа нэмэгдэх боломжтой болж байгаа юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж