-ЭРҮҮЛ МЭНД НӨХӨГДДӨГГҮЙ-
Хүйтний улиралд, агаарын бохирдлоос үүдэн нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хэмжээнд ханиад томууны өвчлөл “утгаа алдаж” байна. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, нэгэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг зарим эхчүүд талархан хүлээн авч байгаа бол зарим нь хичээл сургууль нь хоцрогдоно гэж болгоомжилж байгаа бололтой.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Тэр дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар болсноо холбогдох сайд нар мэдээлсэн.
Улаанбаатарын агаарын бохирдол жил ирэх тусам өтгөрч, энэ нь өвлийн ханиадны гол эх үүсгэгч болсон. Ялангуяа бага насныхан ихээр нэрвэгдэж байгаа нь ирээдүйн аюул болоод буй.
Тиймээс хүйтний ид улиралд, агаарын бохирдлын ид үед хүүхдүүд нэг сар гэртээ амарна гэдэг зөв шийдвэр. Эрдэм номыг нөхөж болно, эрүүл мэндийг нөхөж болдоггүй. Агаарын бохирдлыг бууруулах дорвитой шийдэл байхгүйгээс хойш хүйтний ид улиралд хичээл сургуулийг нэг сараар хаахаас өөр гарц эрхбаригчдад даанч алга байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ