Б.Хурцын томилгоог тойрсон улс төр үргэлжилж, түүнийг БНСУ-д Элчин сайдаар томилуулах Засгийн газрын шийдвэрийг арваннэгдүгээр сард дэмжиж суусан Ерөнхийлөгч Х.Баттулга энэ шийдвэрээ эргэн харахаар болсон тухайгаа өнгөрөгч Баасан гаригт хэвлэлээр зарлав.
Болсон явдлыг эргэн сануулахад У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг албан тушаалаас нь өөрчилж, түүнийг БНСУ-д Элчин сайдаар явуулахаар шийдвэрлэсэн. Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгч хүлээн авч, УИХ-д санал оруулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт парламент уг томилгоог хаалттай хэлэлцэн дэмжсэн.
Үүний өмнө Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг томилох Засгийн газрын шийдвэрийг УИХ дэмжсэн ч Ерөнхийлөгч дээр очоод мөн л гацсан.
Ямартай ч Ерөнхийлөгч Элчин сайдуудыг итгэмжлэж чадахгүй гэсэн нь У.Хүрэлсүхийг улс төрийн хайчин галд орууллаа. Учир нь Б.Хурц, Ё.Отгонбаяр, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарын томилгоо У.Хүрэлсүхийн засаг дээр “гал дуудав”.
Ерөнхийдөгч Б.Хурцыг Элчин сайдаар явуулахгүй байх шалтгаанаа “ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй’ үзэж буйгаа тайлбарлажээ. Гэхдээ түүний албан бичигт Б.Хурц гэдэг нэр албан ёсоор байхгүй байгаа. У.Хүрэлсүхэд илгээсэн Ерөнхийлөгчийн албан бичигт “Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна.
Түүнчлэн Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй байна. Иймд эл асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” гэжээ.
Ерөнхийлөгчийн албан бичигт дурдсан дурдсан дөрвөн Элчин сайдын нэг нь Б.Хурц уу эсвэл С.Баярын оронд очих Элчин сайдыг хэлэв үү гэдэг нь тодорхойгүй, ямар ч байсан Засгийн газар Элчин сайдуудынхаа томилгоог эргэн харахад хүрч байх шиг.
Хэрэв У.Хүрэлсүх Элчин сайдуудын томилгоогоо эргэн харж, Элчин сайдуудыг өөрчилбөл, тэднийг баярлуулан гомдоосон асуудал үүснэ. Энэ тохиолдолд У.Хүрэлсүх өөрөө улс төрийн золиос болж магадгүй байна. Учир нь Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох саналыг Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын хуралдаанд оруулсан. Харин түүний засгийн хоёр ч сайд Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн хоёр энэ томилгоог эсэргүүцэж байгаа юм. Энэ засгийн сайдууд нь танхимын Ерөнхий сайдынхаа шийдвэрийн эсрэг байгааг харуулж буй явдал гэж хэлж болно. Нөгөө талаар томилгоогоо хүлээж байгаа Элчин сайдуудыг тухайн улсууд нь хүлээж авна гэдгээ илэрхийлчихээд байхад Ерөнхийлөгчийн хийж байгаа улс төрд Монголыг муухай харагдуулна гэсэн шүүмжлэл ч байна.
Ямартай ч Ерөнхийлөгч Элчин сайдуудыг итгэмжлэж чадахгүй гэсэн нь У.Хүрэлсүхийг улс төрийн хайчин галд орууллаа. Учир нь Б.Хурц, Ё.Отгонбаяр, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарын томилгоо У.Хүрэлсүхийн засаг дээр “гал дуудав”. Ерөнхийлөгийн саналыг У.Хүрэлсүх хүлээж авбал ‘хүүхэлдэй’ нь гэдгээ батална гэсэн үг. Үгүй бол тэрбээр Ерөнхийлөгчтэй барьсан гараа тавихад хүргэнэ. Ямар ч байсан энэ улс төр Элчин сайдуудад гэхээсээ Ерөнхий сайдад хүндээр тусч магадгүй байна.
Ж.ЭРХЭС