‘Next Stop’ ёслол хүндэтгэлийн наадмыг анх 1992 онд зохион байгуулснаас хойш 25 жил өнгөрчээ. Монгол Улсын хөгжил дэвшилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдний дундаас залуу удирдагч, нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн шилдэг залуучуудыг тодруулдаг уламжлалтай наадмыг Монголын Залуучуудын Холбоо, “Залуу Удирдагч Сан” хамтран зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмын 25 жилийн ой ямар онцлогтой зохион байгуулагдаж байгаа талаар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэйтэй ярилцлаа
– ‘Next Stop’ ёслол хүндэтгэлийн наадам зохион байгуулагдаад 25 жил болжээ. Анх зохион байгуулагдаж байсан түүхэн үеийн талаар яриагаа эхлэх үү?
-25 жилийн өмнө буюу 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж нийгэм, улс төрийн өөрчлөлт баталгаажсан. Мөн Залуучуудын байгууллага өөрчлөн зохион байгуулалтад ороод удаагүй байсан үе. Монголын Залуучуудын Холбоо ‘NEXT STOP’ наадмыг тухайн цаг үеийн нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн шилдэг залуусаас бүрдсэн “Залуу Удирдагч” сантай хамтран зохион байгуулж эхэлсэн байдаг. 1992 оны 12-р сарын 31-ны үдэш ‘NEXT STOP’ оны залуу тодруулах анхны ёслол хүндэтгэлийн наадамд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуай оролцож үг хэлэхдээ ‘Энэ шилжилтийн цаг үеийн хамгийн тансаг харшийн наадам энэ байна’ гэсэн байдаг. Тэр цагаас хойш 25 жил өнгөрсөн байна. Одоогоор нийт ‘Оны шилдэг 30 залуу’ тодроод байна.
– Тухайн цаг үеийнхээ шилдэг улстөрч, бизнесмэнийг тодруулдгаараа энэ наадам онцлогтой. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ямар хүмүүс тодорсон бэ?
– ‘NEXT TOP’ наадмын анхны шилдэг улстөрчөөр 1992 онд шилдэг улстөрч залуугаар Ц.Элбэгдорж, шилдэг бизнесмэн залуугаар Н.Золжаргал нар тодорч байсан. Улмаар 1993 онд Б.Батбаяр, Р.Амаржаргал, 1994 онд Б.Дэлгэрмаа, Х.Баттулга, 1995 онд Х.Хулан, Л.Болд, 1996 онд Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан, 1997 онд Н.Энхбаяр, Д.Дорлигжав, 1998 онд Н.Алтанхуяг, Д.Ганболд, 1999 онд З.Энхболд, Ж.Үнэнбат, 2000 онд Н.Баяртсайхан, Ж.Оджаргал, 2001 онд Л.Гүндалай, Д.Баясгалан, 2003 онд М.Энхболд, О.Баяр, 2004 онд У.Барсболд, П.Батсайхан, 2012 онд Х.Тэмүүжин, Б.Бямбасайхан, 2013 онд Ц.Оюундарь, Т.Лхагвадорж, 2014 онд Л.Гантөмөр, О.Амартүвшин нар тодорсон байдаг. Эдгээр хүмүүсийн амжилт, түүхийг ярих нь илүүц байх, гэхдээ тухай цаг үед тэд идэвх санаачлагатай, хичээл зүтгэлтэй, юм хийе, бүтээе гэсэн хүсэл зорилготой ирээдүй рүү тэмүүлсэн залуус байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Тэдний дундаас Монгол Улсын Ерөнхийлөгч 3, УИХ-ын гишүүн 19, Ерөнхий сайд 6, Сайд 15, Монгол Банкны Ерөнхийлөгч 2, бизнесийн эзэд төрөн гарсан нь “Next stop” наадмын ‘Оны залуу’ шалгаруулах ёслол хүндэтгэлийн наадмын нэр хүнд, чансааг харуулж байна.
-Нэр дэвшигчдэд ямар шаардлага тавигдаж байгаа вэ? Хэрхэн шалгаруулдаг бэ?
-Арванхоёрдугаар сарын 1 -ээс арванхоёрдугаар сарын 15-ны өдрүүдэд олон нийтээс онлайн болон цаасан хэлбэрээр санал авч, улмаар нэр дэвших залуучуудыг тодруулсан. Ингээд нийтдээ 1000 гаруй хүн энэ жилийн ‘NEXT TOP’ наадмын шилдэг улстөрч, бизнесмэний төлөө өрсөлдөнө. Нэр дэвшиж буй иргэдийн санал хураалт энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Санал хураалтыг онлайн хэлбэрээр хүлээн авч байна. Олон нийтийн санал асуулга шалгаруулалтанд 20 хувь нөлөөлөх бөгөөд Монголын халамжлан хүмүүжүүлэгчдийн холбоо, Монголын сэхээтний холбоо, Их Монгол хүүхдийн холбоо удирдлагуудын саналаар буюу өөрөөр хэлбэл ахмад, хүүхэд, сэхээтний төлөөллүүдийн саналаар номинаци тус бүр дээр 33 нэр дэвшигчийг шигших бөгөөд үүнээс “Залуу удирдагч” сангийн Шагналтнуудын хорооны /Өмнөх 25 жилийн 30 Оны залуу/ саналаар салбар тус бүр дээр 21 нэр дэвшигчийг шигшинэ.
Ингээд 21 нэр дэвшигчдээс “Залуу удирдагч” сангийн Удирдах хорооны саналаар салбар тус бүр дээр 13 нэр дэвшигч шигшигдэх юм. Шалгарсан 52 эрхмүүдээс МЗХ, Их монгол язгууртан ТББ-ын удирдлагын багийн саналаар номинац тус бүр дээр 9 нэр дэвшигч буюу нийт 36 нэр дэвшигчийг тодруулна. Эдгээр нэр дэвшигчид маань 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудалд болох NEXT STOP 25 жилийн ойн наадамд оролцож буй 500 хүний олонхийн саналаар дөрвөн эрхмээ тодруулж, “Алтан Гэрэгэ”-г гардуулах болно.
– Шалгарсан оныг залууг ямар шагнал, урамшуулал хүлээж байгаа бол?
–Уламжлал ёсоор ‘Оны залуу’-гийн шагнал болох “Алтан Гэрэгэ”-г хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгнө. Оны залуус болсон эрхмүүд 2018 ондоо багтан залуучууддаа лекцээ уншдаг уламжлалтай. Мөн номинаци тус бүрд эхний 33-т орсон эрхмүүдийг NEXT STOP наадамдаа урьж оролцуулах бөгөөд батламж гардуулна Наадамд хүндэтгэх шалтгаангүйгээр биечлэн оролцоогүй тохиолдолд удаах нэр дэвшигчид батламжийг олгоно. 2017 оны залуугаар тодорсон залуус бол Монгол Улсын ирээдүйн өнгийг тодорхойлох ийм залуучууд байх ёстой. Ийм залуучуудыг тодруулахыг зохион байгуулагчдын зүгээс хүсч, хичээн ажиллаж байна.
Эх сурвалж: Монголын залуучуудын холбоо