news АГЕНТЛАГ ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДААА БАГЦЛАН ХҮРГЭЖ БАЙНА
С.Зүльфикар: ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Удирдлагын академийн захирал С.Зүльфикартай ярилцлаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал олон жил яригдаж байна. Харин энэ удаагийн алхам нэлээд өргөн хүрээнд хийгдэж байх шиг. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал өмнөх өөрчлөлтийн маргаашаас л яригдаж эхэлсэн. Ийм яриа гараад 17 жил болж байна. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд томоохон өөрчлөлт бий болсон. Өөрчлөлтийг удирдах эсхүл шинэ өөрчлөлтийг бий болгох нөхцөлд эрх зүйн тулгуур баримт бичигт нэмэлт, өөрчлөлт хийж болно л доо. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт яригдах нөхцөл байна, нийгмийн хэрэгцээ ч байна. Учир нь, Засгийн газрыг ойр ойрхон “унагаачихдаг”, парламент нь бүх асуудлыг мэдээд байгаа ч юм шиг улс төрийн үл ойлгогдох байдал байсхийгээд давтагдах боллоо. Түүнээс гадна Ерөнхийлөгчөөр хэн сонгогдсон, эсхүл ямар зорилготой байгаагаас улс төрийн нөхцөл байдал харилцан адилгүй өрнөх боллоо. Үүнээс үүдээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн хариулт өгч болохоор байна. Ард иргэдийн түвшинд ч ийм байр суурь бий болжээ. Ингээд улс орон даяар иргэдээс санал авч, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан байна. Гэхдээ энэ бол эцсийн байдлаар бэлэн болсон төсөл биш юм.
-Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах, Засгийн газрын 1/3 давхар дээлтэй байж болно гэх мэт өөрчлөлтүүд яригдаж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Миний хувьд судлаачийн маш тодорхой байр суурьтай байгаа. Монгол Улс парламентын засаглалтай улсын нийтлэг шинж чанарыг хадгалсан зохицуулалт хийхгүй бол төрийн байгуулалтад тодорхой бэрхшээл тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээрт, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлнэ гэсэн заалтыг гарцаагүй оруулах шаардлагатай. Үүнийг дагаад Ерөнхий сайд хариуцлагаа үүрдэг байх ёстой. Ийм эрх мэдлийг парламентын засаглалтай улсууд Ерөнхий сайддаа олгосон байдаг. Одоо бол Засгийн газрын гишүүн бүрийг парламентаар хэлэлцүүлдэг. Ингээд ирэхээр Ерөнхий сайд тодорхой бүлэглэлийн сонирхлыг танхимдаа багтаах шаардлагатай болдог. Үүний улмаас улс төрийн практикт Засгийн газрын гишүүд буюу сайд нар нь Ерөнхий сайддаа захирагдахгүй байх нөхцөл ч ойрын жилүүдэд үүсч байсан. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх саналыг би дэмжиж байгаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар зохицуулахгүй ч цаашид Монгол Улсын төрийн соёлд тогтох ёстой нэг чухал зүйл бий. Сонгуульд ялсан нам, эвслийн лидер Ерөнхий сайд болдог жишгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ингээгүйгээс болж нам доторх зөрчил нь Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлдөг нөхцөл байдлыг бид олон удаа харлаа.
Ц.МЯНГАНБАЯР: БИ ДЭЛГЭСЭН НОМ ШИГ БАЙХ ДУРГҮЙ
Эцгийнхээ нэрээс илүү компаниараа “овоглодог” олон бизнесмений нэг бол Ц.Мянганбаяр. “Монгол газар”-ын гэдгээр нь түүнийг монголчууд сайн танина.“Гоёл”-ын ивээн тэтгэгч, гоё хүүхнүүдийн дурсамж, дурлалын эзэн болсон түүнтэй уулзаж ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу, та?
-Сайхан өвөлжиж байна.
-Та Монголдоо суурин байна уу, Сөүлд эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэсэн мэдээлэл яваад байсан?
-Монголдоо байгаа.
-Та саяхан болж өнгөрсөн “Гоёл”-ыг үзсэн үү?
-Үзсэн.
-Олон жил “Гоёл” наадмыг та ивээн тэтгэж ирсэн. Харин энэ жил “Цагаан шонхор” групп ивээн тэтгэсэн байна. Тэгэхээр та “Гоёл”-ыг орхиж байна гэсэн үг үү?
-“Гоёл”-ыг би 1997 оноос эхлэн ивээн тэтгэсэн. Тэр үед Монголын дизайнеруудын холбоо надаас санхүүгийн дэмжлэг хүссэн юм. Өөрсдөө зохион байгуулах гэхээр мөнгөгүй, тиймээс надад хандсан. Миний хувьд нийгмийн хариуцлагын үүднээс “Гоёл” наадмыг дэмжихээр шийдсэн. Түүнээс хойш 20 жил санхүүжүүлсэн байна. Манай найз нөхөд ч загварын салбарт ажиллаж байсан юм. Өнөөдөр “Гоёл”-ыг Ч.Энхтайван ч, би ч ивээн тэтгэж байгаа. Өөр бусад олон аж ахуй нэгж ч дэмжиж ажилладаг. “Гоёл” хэн нэгний өмчилсөн наадам биш. Хүмүүсийн ярьдгаар би сайхан хүүхэн сонгох гэж уг наадмыг ивээн тэтгэдэггүй.
-Хүмүүс тэгж харддаг нь үнэн. Та загвар ертөнцийнхнөөс өөр ямар салбарт хөрөнгө оруулж байв?
-Үндэсний бөх. Миний дэмжиж, санхүүжүүлж ирсэн 20 гаруй бөх улсын цолтой болсон. Хамгийн сүүлд Монгол Улсын арслан Ц.Содномдоржийг улсын цолонд хүргэсэн. Манай компанийн хамгаалалтын албанд туранхай залуу л анх ажилд орж байлаа. Одоо нутаг усныхаа нэрийг өргөсөн сайн бөх болсон.
‘СӨРГӨЛДӨӨН НЬ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА’
Монгол Улс хоёр том хөрштэй, түүнийг даган эдийн засгийн болон улс төрийн харилцаа, гурав дахь хөршийн харилцааны асуудал хөндөгддөг. 2013 онд Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын төрийн өндөрлөгүүд эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хоёр хөрштэй эдийн засгийн болон улс төрийн харилцаа ямар шатанд яваа, цаашид хэрхэх талаар судлаач, доктор Ё.Жаргалсайхантай ярилцлаа.
-Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван талт эдийн засгийн коридор байгуулах асуудал юу болж байна вэ?
-Анх Монгол Улс зөвхөн хоёр хөрштэйгөө дан дангаараа харилцдаг байсан бол гурван талт харилцаа Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхэлж, уулзаж, зарчмын хувьд байнгын харилцаа холбоотой байх механизм бий болгох шийдвэрт хүрсэн. Гурван талын харилцааг ээлжлэн зохион байгуулж, эдийн засгийн хамтарсан хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж, гурван улс хамтдаа хөгжих тохиролцоонд хүрсэн байдаг. Үүний дагуу 2014 онд санамж бичиг байгуулж, 2015 онд холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байдаг. Энэ үүргийн дагуу гурван улс ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой вэ гэсэн судалгаа хийж 200 гаруй төсөл арга хэмжээнээс 32 төсөл, хөтөлбөрт гурван улс хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж сонгож, баталсан. Энэ төслийн 13 нь дэд бүтэц, бусад нь гааль, хил, мэргэжлийн хяналтыг сайжруулах, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтрахаар болсон.
Хамгийн эхэнд хэрэгжих төсөл нь төв зам буюу Улаанбаатар төмөр замын Сүхбаатараас хойшоо ОХУ-ын боомт руу холбосон, урагшаа БНХАУ-ын Тяньжинаар далайн боомт руу гарсан коридор. Энэ коридор одоо байгаа ч хүчин чадлыг нь сайжруулах, ялангуяа Монголын талын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Монголын тал нийт 28 сая тонныг нэг жилд нэвтрүүлэх чадвартай. Харин нөгөө хоёр тал нь жилд 100-150 сая тонн нүүрсийг нэг жилд тээвэрлэх хүчин чадалтай. Тиймээс хамгийн түрүүнд энэ коридорын хүчин чадал, нэвтрүүлэх чанарыг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар төмөр зам/УБТЗ/-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүлж хоёр дахь зам барих, төмөр замын муруй, тахир хэсгийг шулуутгах, цахилгаанжуулах, орчин үеийн технологиор хөгжүүлэх замаар хүчин чадлыг 75-100 сая тонн хүртэл хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжтой.
Түүнээс гадна олон улсын шаардлага хангасан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Замын үүд чиглэлийн 1000 гаруй км авто замыг сайжруулах төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Бусад төслүүдийн хувьд бэлэн болсон, барихад бэлэн төсөл байхгүй учраас ирээдүйд хамтран хэрэгжүүлэх юм. Түүнээс гадна хөрөнгө оруулагч сонирхож эхэлсэн нэг төсөл бол хойд коридор буюу ОХУ-ын Курегеновагаас Тува улсын нийслэлээр дамжин, Арц суурь, овоотын уурхайгаар дамжин Эрдэнэт, салхит, урагшаа гарах маршрут бас бий. Овоотын уурхай нь 225 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Австралийн компани эзэмшиж буй. Тэдний зүгээс жилд 15 сая орчим нүүрс экспортлох тооцоо гаргаж, төмөр зам барих ТЭЗҮ боловсруулсан. 1,3 тэрбум ам.доллараар 547 км төмөр зам буюу Овоотоос Эрдэнэт хүрэх төсөл бэлэн болж буй. Энэ төмөр зам Ази, Европыг холбосон маш ач холбогдолтой төсөл.
‘МАН МАЛЧДААС ТАТВАР АВАХГҮЙ’
-УИХ-аас Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон ч татварт суутгуулаад 250-260 мянган төгрөг гар дээрээ авч байна. Татвар авахгүй байж болоогүй юм уу?
-Санаж байгаа бол тухайн үед бид УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхдээ төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгож, 300 мянган төгрөг олгоё гэж оруулж ирсэн. Харин УИХ урамшуулал болгож өөрчилсөн. Хуулийнхаа дагуу урамшууллаас Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Тэр дагуу татвар авч байна.
-2018 онд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар нэмэгдэнэ. Иргэдийн хувьд татварын дарамт үүснэ гэж үзэж байна?
-Энэ асуудлыг 2017 оны дөрвөн сард Засгийн газар өргөн бариад шийдсэн асуудал. Татварыг орлогоос нь хамааруулж, 10, 15, 20, 25 хувь гээд шатлалтай болгож байгаа. Гэхдээ орлогын татвар төлж байгаа иргэдийн 92 хувь нь 10 хувийн татвараа хэвээр төлнө. Үлдэж байгаа 8 хувийнх нь татвар л нэмэгдэнэ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна, Ирэх оноос мөн бага цалин авч байгаа иргэдийн татварын хөнгөлөлт нэмэгдэнэ. Татвараас чөлөөлөгдөх орлогын хэмжээг нэмж өгсөнтэй холбоотой юм. Инфляци, валютын ханшийн уналттай холбоотойгоор бага цалин авдаг хэсэг хамгийн их хохирч байгаа. Тийм учраас дээрх зохицуулалт хийсэн.
Хоёрт, ирэх оноос архи, тамхины ОАТ нэмэгдэхээр байгаа. Олон айл өрхийн амьдрал архи, тамхинаас болж нурж унаж байгаа. Гэмт хэрэг ч их гардаг. Энэний татварыг эсэргүүцэх хүн цөөхөн байх болов уу.
‘ТҮЛЭГДЭЛТИЙН 90-95 ХУВЬ НЬ ХАЛУУН ТОГООТОЙ ХОЛБООТОЙ’
Өнгөрөгч жилүүдэд дарга тогтдоггүй, томилогдсон зарим даргаа эмч нар нь эсэргүүцэж байсан гээд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн удирдлагын суудал тойрсон асуудал эрүүл мэндийн байгууллагын төдийгүй иргэдийн анхаарлын төвд байлаа. Өдгөө харин тус эмнэлгийн ерөнхий захирлаар эмнэлэгтээ 10 гаруй жил мэс заслын эмчээр ажилласан, ахлах зэргийн эмч, клиникийн профессор Т.Мөнхсайхан томилогдон, ажиллаж байна. Монголын хамгийн өндөр ачаалалтай эмнэлгийг хоёр дахь жилдээ удирдаж байгаа түүнтэй ярилцлаа. Гэмтэл, согог судлалын төвд ямар шинэчлэл хийгдсэн, ямар асуудал байгаа зэрэг олон асуултад тэрбээр хариулт өгч байна.
-Бидэнд цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлыг эмнэлэг дотроосоо томилогдсон гэж дууллаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 2000 онд, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2006 онд төгссөн. Их сургуулиа төгсөөд л Гэмтэл, согог судлалын төвд анх ажилд орж, эмнэлэгтээ 10 гаруй жил ажилласан. Манай гэр бүлд эмч мэргэжилтэй хүн байдаггүй. Өөрөө л эмч болохоор шийдэж, мэргэжлээ сонгосон доо. Миний хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын ажлаа хүлээж аваад жил гаруй хугацаа өнгөрч байна. Эмнэлэгтээ 10 гаруй жил ажилласан учраас юуг яаж өөрчилж, сайжруулж болох уу, бидэнд юу дутагдалтай байдаг вэ гэдэг дээр өөрийн гэсэн бодолтой явдаг байлаа. Надад энэ ажлыг хийх боломж гарсанд их баяртай байдаг. Цаашдаа улам л хичээж ажиллах ёстой гэж хичээж байгаа тийм л нэг эмч хүн дээ.
-Бодлогын хувьд та ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-Эмнэлгийнхээ үйл ажиллагаа, тэр дундаа үйлчлүүлэгчдэд хүргэх тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгохын тулд урт болон богино хугацааны бодлого гаргасан. Манай эмнэлэг өнгөрсөн хугацаанд эмнэлгийн гаднах орчны тохижилтоос эхлээд чамгүй олон ажлыг хийлээ. Монгол Улсын хэмжээнд яаралтай тусламжийн үйлчилгээг нэг шат ахиулсан. Анх удаа эмнэлэг дээр нисдэг тэргээр өвчтөнөө хүлээж авдаг боллоо. Эмнэлгийн гадна онгоц буух нөхцөл бүрдлээ. Энэ бол яаралтай тусламжийг шинэ түвшинд гаргах том амжилт гэж манай хамт олон үзэж байгаа.