БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимпийн наадмын нээлт болоход 47 хоног үлдлээ. “Пёнчан 2018” өвлийн олимпод оролцох эрхийн төлөө гүйлтийн цана, тэшүүр, биатлоны тамирчид эрхийн тэмцээнд оролцож байгаа талаар бид мэдээлсээр байгаа.
Гүйлтийн цаны шигшээ багийн тамирчид Финланд улсад олимпийн эрхийн чансааны оноо цуглуулах цуврал тэмцээнд оролцлоо. Сүүлийн тэмцээний эмэгтэйчүүдийн 10 км-ын уралдаанд олон улсын хэмжээний мастер А.Энхтуул 97, Ч.Отгонцэцэг 106, Э.Ариунтунгалаг 107 дугаар байр эзлэв. Энэ төрөлд нийт 114 тамирчин гараанаас гарчээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд 193 тамирчин уралдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах 161, С.Дүүрэнбаяр 185 дугаар байр эзэлжээ. Мөн үүнээс холын зайн уралдаанаас гадна спринт зайн уралдаанд Монгол Улсын тамирчид уралджээ. Ингэснээр гүйлтийн цаначид Финландын хотуудад үргэлжлэн явагдсан цуврал тэмцээнээ өндөрлүүлж, эх орондоо ирээд байна.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох цаначидын нэрс ирэх оны нэгдүгээр сарын 22-д эцсийн байдлаар тодрох аж. Монгол Улсаас олимпийн эрхийг 2-3 тамирчин авах магадлал байгаа юм байна.