Энэ бүтээл нь Борхес гуайн анхны хүүрнэл зохиолын бүтээл гэнэ.
Дэлхийн өнцөг булан бүрт гарсан янз бүрийн гэмт хэргийн түүхийг уран зохиолын эргэлтэнд оруулж, өөрийн төсөөлөл, дүрслэл, уран сэтгэмжээр баяжуулан цоо шинэ түүхүүдийг дахин бүтээжээ. Утга зохиолын авьяас билиг, мэдрэмж гээч юм төрөлхөөс заяамал зүйл гэдгийг энэ бүтээл бэлхэнээ батлан харуулж байх шиг.
Нэрнээс нь үзвэл аймшигт гэмт хэргийн түүх дотор зарсхийлгэх байхдаа гэж бодогдсон ч тийм юм ёстой алгаа.
Харин хүний сонирхол татах, үйл явдалд нь татагдан орох, гайхан алмайрах тийм сонин хачин түүхийг далд ёгт үгээр хачирлан, адилтгал, зүйрлэл, дүрслэл гээд уран зохиолын элементүүдийг чадамгай ашиглан ер бусын байдлаар уншигчийн мэдрэмжинд буулгах гэсэн нь үнэхээр гайхалтай байлаа гэхээс өөр юу гэхэв дээ.
‘Чингийн бэлэвсэн эхнэр далайн дээрэмчин’ өгүүллэгт гарах шар тэнгисээс Аннамын гол мөрөн хүртэлх Азийн далай тэнгисээр 13 жил хөвж дээрэм тонуул хийсэн далайн дээрэмчдийн удирдагч эмэгтэйн эр зориг, үнэг шиг заль, хэрсүү ухаан үнэндээ л балмагдуулна. Зургаан зуу гаруй усан завь, дөчин мянга орчим дээрэмчин мэдэлд нь байсан гэж бодохоор сүр хүч нь өндөр байжээ. Эзэн хааны усан флот, шилдэг дайчид ээлж дараалан бут цохиулсаар эцэстээ нэг юм арга олжээ. Та цааш нь уншина биз.
‘Итгэмээргүй мэхлэгч Том Кастро’ өгүүллэгт далайн ослоор өөд болсон хүүгээ үхсэн гэдэгт үл итгэн цөхрөлтгүй хайж байгаа сурвалжит хатагтайг хууран мэхлэх мэргэн санаа олсон хоёр найзын ‘бүдүүн зүрх’ гаргасан үйл явдал бүүр ч их сонирхол татна. Английн сурвалжит гэр бүлээс гаралтай өв залгамжлагч хүү нь 14 жилийн дараа шал өөр царай зүстэй хүн болоод буцаж ирвэл та итгэх үү? Мань хоёр найз итгүүлсэн л байгаа юм даа.
Харгис алуурчин, гудамжны зодоонч, хууран мэхлэгч, тонуулчин дээрэмчид, хүчирхийлэл үйлдэгчид эцэстээ мөн л золиос болон нохойн үхлээр үхэх ажгуу.
Амиа хорлосон эзнийхээ өшөөг авч өөрсдөө харакири хийж үхсэн 47 самуурайн гунигт түүх эр зоригийн бэлгэдэл болон сэтгэлд харуусал, гуниг зэрэгцүүлнэ.
‘Ягаан булангийн хүн’ өгүүллэг нь бүүр ч гайхалтай. Нэгэн шөнө бүжгийн танхимд болсон үйл явдлыг Борхес гуай гэрчлэн харсан тухай юм. Нутгийн атаман хутга гарамгай эзэмшсэн ‘Цавчигч’ хочтой нэг нөхөр алс хол нутгаас хутганы эрдэмд суралцахаар ирсэн ‘Сийчигч’ хочтой танхай залуугаас хулчийж эхнэрээ орхин зугтсан хөгийн явдал болжээ. Гэтэл нөгөө аймшиггүй зоригт эр алагдчих нь тэр. Цагдаа ирэхээс өмнө бүгд нийлж голруу хаяж амжлаа. Хэн алсан нь тодорхойгүй. Харин үдэшлэг дууссан хойно гэртээ харих замдаа Борхес гуай далд нуусан хутгаа гаргаж ирэн цус наалдсан эсэхийг үзэж байгаа тэр хэсэг үнэндээ л цочирдуулсандаа.
Арабын үлгэр, эртний судраас эшлэн сонин сайхан түүхүүд хүүрнэсэн богино бичвэрүүд ч байна. Энэ мэт сонин сайхан зүйлсээр дүүрэн. ‘Борхесийн бичлэг бол эссэ богино өгүүллэг хоёрын дунд орших хоргодох байр’ юм гэсэн үг ч байдаг. Өөрийгөө төсөөллийн зохиолч хэмээн нэрийдсэн Борхес гуайн арвин их мэдлэг, утга зохиолын сод авьяас нь анхны бүтээлүүдээс нь л илт мэдрэгдэж байжээ гэж бодож сууна. Орчуулга тун дажгүй, зохилчийн бичлэгийн өвөрмөц хэв маягийг илэрхийлж чадсан байна гэж бодогдлоо. Тэрээр дан богино өгүүллэгээр дагнасан ч тэр нь гайхамшигийг бүтээж XX зууны хамгийн нөлөө бүхий зохиолч, постмодернизмын эцэг гэх хүндлэл хүлээхэд хүргэжээ.
Тоо томшгүй олон ном зохиох нь хүчир бөгөөд үр өгөөжгүй илүү ажил гэж боддог зохиолч маань үүний оронд аль эрт бичигдсэн мэтээр сэтгэж, тайлбар зүүлт хийсэн нь илүү дээр гэж үзэн төсөөллийн номуудаа бичсэн гэж дурдсан нь бий. Борхес гуай бичсэн зохиолоо эргэж хардаггүй байсан гэжээ. Шалтгааны нь асуухад муу юм бичсэн байх вий гэж эмээдэг хэмээн тун даруухан хариулсан гэнэ. Угтаа өөртөө бүрэн дүүрэн итгэж байгаа хүний үг шүү! Миний хайртай зохиолч Борхес өвөөгийн анхны бүтээлтэй танилцлаа, уншихад урамтай байлаа. Төрөлхийн онгод авьяастай, зөн билигтэй хүн байжээ гэдэгт улам бүр итгэлээ. Борхес өвөө минь!
Тэмдэглэлийг: Хөх Толбот Д.Төмөр-Очир