“Аталанта” зургаан оноогоор торгуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

“Аталанта” зургаан оноогоор торгуулав

Италийн хөлбөмбөгийн Сери А лигт шинээр дэвшиж буй “Аталанта” топ төвшний өрсөлдөөний шинэ улирлыг -6 оноотой эхлүүлэх болж байна. Учир нь тус багийг тоглолтын үр дүн наймаалцсан гэж үзжээ. Түүнчлэн Италийн хөлбөмбөгийн холбооноос “Аталанта” клубын ахлагч, 38 настай Кристиано Донигийн талбайд гарах эрхийг нь 3,5 жилээр хассан байна. Мөн Донигийн багийн анд Томас Манфредини гурван жилийн торгууль хүлээсэн бол Жузеппе Синьори таван жилийн турш хөлбөмбөгийн ертөнцөөс гадуур байх шийтгэл амсчээ.

Италийн хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хорооноос “Аталанта”-гаас гадна өөр найман багт мөн зохих шийтгэл оноосон аж. Тэдгээрийн нэг болох хоёрдугаар дивизоны “Асколи” клуб зургаан оноогоор торгуулсан бол гуравдугаар дивизоны “Равенна” лигээс хөөгдөж, “Алессандрия” доод төвшин рүү зэрэг буурчээ. Харин “Беневенто” есөн оноогоор, “Кремизе” зургаа, “Пьяченца”, “Режана” багууд тус бүр дөрөв, харин “Специя” болон “Таранта” тус тус нэг оноогоор торгуулсан байна.

Италийн хөлбөмбөгийн холбооны дээрх шийдвэрт “Аталанта”-гийн удирдлага туйлын харамсч буйгаа илэрхийлээд, давж заалдахаар төлөвлөж буй тухай мэдэгджээ. Уг хэргийн улмаас Италийн хөлбөмбөгийн ертөнцийн нийт 16 баг, 16 тоглогч ямар нэг хэмжээгээр шийтгэл хүлээгээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж