УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас Монголбанкны ерөнхийлөгчид хандан тавьсан асуулгын хариултаар үргэлжиллээ.
Дээрх асуулгатай холбогдуулж, гишүүд асуулт тавив.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
Доллараар авсан зээл 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа тухай мэдээлэл хийлээ. Төгрөгт шилжүүлбэл 2.6 их наядтай тэнцэнэ.
Таван жилийн хугацаанд валютын ханш 1230 төгрөгөөр өссөн дүн гарч байна. Тэгэхээр долларын ханшаас болж иргэд, аж ахуйн нэгж ямар хохирол хүлээв. Судалгаа байна уу.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
Валютын ханшийн өсөлт иргэд, аж ахуйн нэгж, төсөв санхүүгийн системд хүндрэл учруулсан. Ханш бага байх үед зээл аваад ханш өссөн үед зээлээ эргэж төлсөн аж ахуйн нэгж хүндрэлтэй байдалд орсон тухайгаа байнга хэлж ирсэн. Холбоо хүртэл байгуулагдсан.
Төв банк энэ асуудлыг ойлгож байгаа. Санхүүгийн боломж хязгаарлагдмал улмаас шийдвэрлэх боломж мөн хомс байгаа. Гэхдээ энэ нь асуудлыг орхино гэсэн үг биш анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
2016 оны зургадугаар сард нүүрс, төмөр, зэс, алт, цайр, газрын тосны экспортоор 1.8 тэрбум ам.доллар орж ирж байсан. Харин энэ оны есөн сарын байдлаар дээрх зургаан төрлийн эрдэс баялгийн экспортоос 3.9 тэрбум ам.доллар олжээ. Нийтдээ 2.1 тэрбум гаруй ам.доллараар экспортын орлого өссөн байна.
Дээр нь 4.3 тэрбум ам.доллар зах зээлд орж ирсэн. Ийм байхад төв банк яагаад ам.долларын ханшийг 2430 болгож, алдав.
Инфляцыг 1.6 хувьтай хүлээлгэж өгсөн байхад одоо нийслэлд инфляц 8 хувь болж өсөв. Цэвэр улстөржсөн мэдэгдлээс ийм байдалд орсон.
Өнөөдөр та валютын нөөцийг 1 тэрбум доллараар өсгөсөн гэлээ. Алтны нөлөөгөөр л валют өссөнөөс бодлого хэрэгжүүлээд өсгөөгүй.
Банкны ерөнхийлөгч нь хариуцлага хүлээдэггүй, бодлогын зөвлөл нь хариуцлага хүлээх заваан төсөл та оруулж ирж байгаа шүү.
Улстөрч учраас та бодлогын хүүг 1 хувиар бууруулчихаад өнөөдөр чуулганд орж ирлээ.
Бид нарт таалагдах яах вэ, бизнес эрхлэгч нарт таалагдах бодлого хэрэгжүүл.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
Бодлогын зөвлөл өнөөдөр хуралдсан, жилийн өмнөөс хуралдах график нь гардаг. Бүтэн жилийн өмнө чуулганд мэдээлэл хийхээ мэдэх боломжгүй.
Төв банк өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд дампуурлаас зугтаах бодлогыг УИХ, Засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн. Үр дүнд нь валютын нөөц нэмэгдсэн, эдийн засагт өсөлт гарсан. Анх 2017 онд 0.2 хувийн эдийн засгийн өсөлт гарна гэж төсвийг тодотгосон бол оны эцэст рүү эдийн засаг 5.8 хувиар өсөж байна.
Бодлогын үйл ажиллагааны үр дүн гарч байна гэж үзэж байна.
Монголбанк нэг тэрбум орчим ам.долларын интервенц хийхээс өөр арга байгаагүй. Зах зээл дээр маш их хэмжээний монгол төгрөг байсан. Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой, гэтэл зарим банкных 50 хувьд хүрсэн. Энэ нь зах зээлд амсар их хэмжээний мөнгө байгааг харуулж байгаа. Дээр нь 700 сая ам.долларын эргэн төлөлт хийх хугацааг амжуулсан.
Гэсэн ч төв банкны валютын нөөц оны эхэнд 3 тэрбум ам.доллар луу дөхнө. Энэ бүх мэдээллээ өнөөдөр УИХ-д дуулгалаа. Үүнийг би улстөржилт гэж хэлэхгүй.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
Төв банк бодлогын хүүгээ 11 хувь болгосон нь зөв алхам. 12 хувь дээр нэлээн удсан, яах вэ гэдэг нь ойлгомжгүй гацаа үүсгэж байсан. Засгийн газрын үнэт цаас 16 хувь байсан бол сүүлийн сард 11 хувь болж буурсан. Бодлогын хүү олон гацааг арилгана.
10 гаруй их наяд төгрөгийг бодит эдийн засаг руу оруулахад нөлөөлнө гэж харж байна. Гэхдээ бид тайвширч болохгүй. Он гараад валютын нөөц 500 сая ам.доллараар буурна. Өвөл ямар болоо билээ. Татварын хуульд орсон өөрчлөлт он гараад нөлөөлнө. Инфляцад мөн тодорхой нөлөө үзүүлнэ.
Эрсдэл байгаа учраас тайвшрах болоогүй.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
Валютын ханш өсөхөд юу нөлөөлөв?
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
407 сая төгрөг “Эрдэнэт”-ийг худалдан авахын тулд төв банкнаас 400 гаруй сая доллар гаргасан нь ханшид нөлөөлсөн гэж үзэж байна.
Дээр нь олон төсөвтэй явж ирсэн. Хөгжлийн банкнаас гаргаж байсан зээл олголтод хамтарсан шалгалт оруулсан.
Валютын зохицуулалтын тухай хууль бий. Уг хуулийг хамаагүй зөрчих боломж алга. Шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад бэлэн болгосон. УИХ дээрх хуулийг баталсан нөхцөлд олон асуудлыг зохицуулах боломж гарч ирнэ гэж харж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Төв банкны ерөнхийлөгчтэй би анх хүндрэлээс гарах арга хэрэгсэл дээр нь санал зөрөлдсөн. Биед амар улс төрийн дарамт шахалтаас займчсан бодлого хэрэгжүүлсэн нь таалагдаагүй. Энэ нь бодлогын хүүг өсгөөд 15 хувьд хүргэсэн.
Өмнөх Засгийн газар, өмнөх УИХ, өмнөх төв банкны ерөнхийлөгчийн бодлогын алдаанаас үүссэн алдааг бодлогын хүүг нэмж, үргэлжлүүлсэн.
Гэхдээ өнөөдөр валютын нөөцөө 3 тэрбум ам.долларт хүргэж байгаад талархал илэрхийлье. Ашигтай ажиллах замаар төв банкны алдагдлыг бууруулахаар ажиллаж байна гэсэнд мөн талархалтай хандаж байна гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ХОРОЛ