Ардчиллыг Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчийн хэмжээнд хүлээж авсан

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Ардчиллыг Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчийн хэмжээнд хүлээж авсан

Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч гэгдэж байсан, хурандаа генерал Сономын Лувсангомбо гуайг саяхан нутагтаа ирэхэд нь уулзаж ярилцлаа. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Улс төрийн товчооны орлогч гишүүн, НАХЯ-ны сайд, Улаанбаатар хотын даргаар ажиллаж, Монголын төрийн хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан тэрбээр 1990 оноос хойш Москва хотод амьдарч буй. Түүнд Москва хотын захиргаанаас байр өгч, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас тэтгэвэр, цолны нэмэгдлийг нь олгодог ажээ.
 


-Та аль нутгийн хүн бэ. Тө­рийн дээд албанд олон жил ажиллахдаа ямар замыг туулж ирэв?

-Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Улаан­толгой гэдэг газарт 1924 онд  төрсөн. 1944 онд цэрэгт та­тагдаж, Сайншанд дахь хуягт бригадад алба хааж байгаад, тэр өвөл ЗХУ-ын Тамбов хотод Артиллерийн техникийн дунд сургуульд су­ралцах болсон. Сургуулиа онц төгсчихөөд 1948 онд Цэргийн яамны бууны үйлдвэрт зэвсгийн техникчээр ажил­лалаа. Тэр жилийнхээ намраас Москвагийн Артил­лерийн инженерийн академид суралцаж 1954 онд төгсөөд ну­тагтаа ирсэн. Ирээд мэргэжлийнхээ дагуу цэргийн байгууллагад ажиллаж байгаад 1956 оноос барилгын салбарт шилжин, Улсын барилга сантехникийн газарт ерөнхий ин­­­женерээр ажилласан. Тэгс­нээ дахин суралцахаар шийдэж, ЗХУ-ын Барилгын инженерийн дээд сургуульд эчнээгээр сурч, барилгын ин­женер, технологич мэргэжил эзэмшиж ирээд Барилга, ба­­­рилгын материалын үйлдвэрийн яаманд орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Улсын барилгын зөвлөлд орлогч дарга, 1970 оноос Улаанбаатар хотын даргаар ажилласан. Мөн 1972 оноос Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, МАХН-ын Төв Хороо, Улс төрийн товчооны орлогч гишүүнээр тус тус ажиллаж байгаад 1989 онд тэтгэвэртээ гарсан. Тэр хооронд 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан.

-Таныг Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч байсан гэлцдэг. Тухайн үед нийгэмд та бүхнийг тун онцгүйгээр хүлээн авч байсан л даа. Харин таны хувьд тухайн үеийн нөхцөл байдал чухам ямар байсан талаар эргэн дурсана уу?

-Би НАХЯ-ны сайдаар ажиллаж байгаад 1984 онд өөрчлөгдсөн. Одоогийнхоор бол огцорсон гэх ёстой байх л даа. Ингээд Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар дахин ажиллах болсон. Гэтэл 1989 оноос бидний 13 хүнийг Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч гэж нэрлэж шүүмжлэх боллоо. Гол асуудал нь улсын хө­рөнгийг их хэмжээгээр үрэн таран хийсэн. Үнэгүй байр, хоол хэ­рэглэдэг. Ингэснээр ард түмний хөрөнгийг завшсан гэж буруутгадаг байлаа. Өөр асуух юм тэдэнд олддоггүй. Миний хувьд Сайд нарын зөвлөлд нийт 17 жил ажилласан. Энэ хугацаанд байрны хэдэн төгрөг гарч вэ, хэдэн удаа засвар хийв. Барилгын норм, стандартын дагуу бол хоёр удаа хийсэн байх ёстой. Үүнд ямар хэмжээний мөнгө зарцуулав. Хэчнээн төгрөгний хоол, хүнс, үнэгүй унаа техник хэрэглэж байж вэ гэдгийг тооцон, алах ял заах шахам асууж байцаадаг байлаа шүү дээ. Гэхдээ тэр нь яриангүй үнэн л дээ. Үнэхээр тэгж л хэрэглэж байсан юм чинь.

-Одоо 13 байтугай 76 хүн үнэгүй хоол идэж байгаа шүү дээ?

-Харин тийм ээ. Уг нь энэ чинь ямар ч үед байдаг л эд шүү дээ. Аль ч улсад удирдаж байгаа хүмүүстээ ийм зардал гаргадаг байдаг. Тойрон хүрээлэгчид тооцогдсон хүн бүрт янз бүрийн хэрэг тулгаж, өө сэв эрж байлаа. Тэр тусмаа надад Ю.Цэдэнбалд долигонож, Москвад байр барьж өгсөн гэсэн ял тулгасан.

-Тэр байр ямар учиртай юм бэ?

-Бал дарга хүнд өвчтэй, байн байн Москвад очиж эмчлүүлдэг байсан. Тиймээс дандаа хүний байр байшинг царайчилж байхаар өөрийн юманд тухтай байг гэж Улс төрийн товчоо хуралдаж шийдээд, надад үүрэг өгч бариулсан. Тэр байр нь ОХУ-д суугаа манай Элчин сайдын Яамны мэдэлд байна. Тэгсэн мөртлөө  Бал дарга Москвад очихоороо тэр байрандаа зочин маягаар тухалж хэвтээд эмч­лүүлбэл тохитой. Одоогийн манай Их тэнгэр шиг л байхгүй юу. Ингээд би тэр байрыг нь Зөвлөлтийн барилгачдаар бариулсан. Сайхан ч байр болсон. Үүнийг л ял болгож тулгасан. Тооцоод үзэхээр үүнд Зөвлөлтийн дотоодын рублиэр ердөө хоёрхон сая рубль зарцуулсан байдаг юм. Уг нь шилжих рублиэр тооцож бариулах ёстой л доо. Тэгсэн бол хамаагүй үнэтэй тусах байсан. Гэвч холбогдох албаны хүмүүст учир зорилгоо тайлбарлаж хэлээд хямд бариулсан хэрэг.

-Одоо тэр байр нь ОХУ дахь Мон­голын Элчин сайдын Яамны мэдэлд хэвээрээ юу?

-Сүүлд нь тойрон хүрээлэгчид энэ тэр гээд яриад байхаар манайхан айгаад, буцааж өг гэсэн.  Би тэрүүхэндээ зөрж, “Улс хөгжиж байна, хэ­рэгтэй шүү дээ. Байж л байг” гэсэн чинь “Үгүй ээ, болохгүй. Та зохицуулж өг” гээд байхаар нь ердөө тэр өдөр нь 80 мянган рубль нэмээд зарчихсан. Тэр өдрөө л Оросын тал мөнгөө төлөөд авсан. Одоо тэр байранд ЗХУ-ын хоёр удаагийн баатар, манай улсын баатар Горбатка суудаг юм гэнэ билээ. Рублёвкад, хамгийн элит зэрэглэлийн газарт байдаг. Тэгсэн хэрнээ тэр хавьд манай байшин шиг гоё, тохилог байр байхгүй. Дотор талыг нь дандаа монгол үндэсний урчуудын хийсэн бүтээл, уран сийлбэрээр урлаж чимэглэсэн маш гоё байр байдаг.

-Бал дарга тэнд хэр удаан байр­ласан бэ?

-Ерөөсөө очоогүй. Бал дарга хүнд өвчтэй эмнэлэгт байгаад тэр байраа үзэж ч амжаагүй. Тэгж байтал тойрон хүрээлэгч гэж загнасаар байгаад заруулсан.

-Тойрон хүрээлэгч гэгдэж байсан хүмүүсийг барьж хорьсон уу?

-Барьж хориогүй ээ. Бид прокурорын мэдэлд байсан. Улсын хи­лээр гарч явж болохгүй гэсэн шийдвэртэй. Ер нь биднийг айхтар баяжсан улс л гэж бодоод байсан.

-Үгүй гэж үү. Одоо та ямархуу амьдарч байна?

-Юу байх вэ дээ. Надад энгийн тэтгэвэр тогтоосон байсан. Хожим нь хоёр орны Батлан хамгаалах яам Монголын хамгийн өндөр цолтой хүн гэж үзээд, ОХУ-аас тэтгэврийн мөнгө өгөх болсон. Хурандаа генерал цолтой. Цэргийн хугацаа 25 жил байдаг. Гэтэл миний ажилласан жил тэр хугацаанд хүрдэггүй болохоор тэтгэвэр бага л даа.

-Уучлаарай, ОХУ-аас авдаг болохоор сонирхоод байна л даа. Нууц биш бол хамгийн багадаа хэдэн рублийн тэтгэвэр авдаг вэ?

-Юуг нь нуух вэ. Сард 11 мянган рублийн цалин авдаг. Багш эмч нарын цалин шиг л. Оросын дундаж цалин 26 мянга, дээд тал нь таван сая рубль, түүнээс дээш байдаг шүү дээ. Монголоос генералын нэмэгдэл гэж 60 мянган төгрөгийн нэмэгдэл өгдөг юм.

-Тэр үед хөрөнгийг чинь би­түүмжилж хурааж байсан уу?

 -Хураагаагүй. Гэхдээ хамаг өмч, хөрөнгийг шалгаад, лацдаад л байсан. Намайг олон бурхантай, хөдөө­нөөс, овооноос цуглуулсан гээд нөхөд маань шоолдог байсан. Тэднийг бүгдийг нь бүртгэж авсан. Бүр шалны хивс ч үлдээлгүй бүртгэж авсан. Мебель эдлэлүүд, энгийн болон цэргийн хувцас, гутал гээд бүгдийг нь битүүмжилсэн. Миний бурхад муу ч эд биш. Тэр бурхдаа Улсын үнэт эдлэлийн фондод тушаасан. “Та өөрөө үнээ хэл” гэсэн. Би үнэрхээд яахав гэж даруухан загнаад, тэр үеийн мөнгөөр 300 гаруй мянган төгрөгийн үнэ хүрч байсан. Түүнийгээ банкинд тушаасан даа.

-Таныг НАХЯ-ны сайд байх үед одоогийн цаг үед шүүмжлээд, зэмлээд байдаг тагнаж чагнах ажиллагаа их идэвхтэй байсан. Бас яг тэр үед Ю.Цэдэнбал агсныг ажлаас чөлөөлсөн нь сонирхолтой санагддаг?

-Тагнаж чагнах явдал аль ч улс оронд хэзээ ч байдаг. Улс орноо гадны хорт явуулга, элдэв муу зүйлээс хамгаалах гэсэндээ л тагнаж чагнадаг, урьдчилан арга хэмжээ авахыг хичээдэг байсан. Угаасаа тэр бүхнийг хянаж байж л арга хэмжээ авна шүү дээ. Ю.Цэдэнбал агсны хувьд ажлаас чөлөөлсөн нь тухайн цаг үеийн улс төрийн шийдвэр байсан. Өвчин тусна гэдэг чинь хэлж ирдэггүй биз дээ.

-Та одоо Ардын намын гишүүн хэвээрээ юу. Намынхаа талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хэвээрээ. Ардын намын гишүүн. Саяхан манай нам нэрээ сольж, Ардын нам гэдэг нэрээ авсан. Энэ нь зөв гэж боддог.

-Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсны хувьд одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Ард түмний эрх ашгийн төлөө л явж байвал би зөв гэж үзнэ. Ялангуяа одоогийн Засгийн газар хүний хөгжлийн талаар ихээхэн анхаарч, олон ажил хийж байгааг сайшаадаг.

-Та төрийн өндөр албанд олон жил ажиллаж, хариуцлагатай ал­ба хашжээ. Эргээд бодоход бие даан хийсэн ажлууд дотроос тань хамгийн том нь юу байдаг вэ?

-Байгуулсан гавьяа гэх юу байхав дээ. Би барилгын салбарт 1956 оноос ажилласан. Ингэхдээ инженерийн шугам сүлжээний ажилд зохих хувь нэмрээ оруулсан гэж боддог. Улаанбаатар хотод төвлөрсөн цэвэр ус түгээгүүр, бохирын та­туурга, нэгдсэн дулааны шугам сүлжээ тавих  ажлыг зохион байгуулахад оролцсон. Иж бүрэн тохи­жуулсан 40 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууц­ны хороолол барих, Дархан, Эрдэнэтийн бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байлаа. Мөн барилгын мэргэжилтэй, үндэсний боловсон хүчнийг гадаад, дотоодод бэлтгэх, Техник мэргэжлийн сургуулиудыг орон нутагт байгуулах, барилгын цэргийн анги нэгтгэл, барилга угсралтын контор, трестүүд, тэдгээрийн мате­риал үйлдвэрлэлийн баазыг байгуулах ажилд голлон оролцсон.

-Та Улаанбаатар хотыг ид тө­лөвлөж байхад нь Барилгын яам­ны орлогч сайд, хотын даргаар ажиллаж байсан бололтой. Ямар ирээдүйг харж, яаж төлөвлөж байсан юм бэ?

-Анхнаасаа Бумцэнд, Чойбалсан нарын мундагчууд ярилцаад, Чин­гисийн үеийн хорооны маягийн зохион байгуулалттай, дээ­рээс нь ха­рахад гэр шиг хагас ду­гуй хэлбэртэй барихаар шийдэж, ерөнхий төлөвлөгөөгөө 1954 онд хийсэн. Түүнээс хойш хотын ерөнхий төлөвлөгөөнд гурван удаа өөрч­лөлт оруулсан. Гэхдээ дээрх зарчмаа алдаагүй байсан. Хожим нь 1990 оноос л ал­даж эхэлсэн юм билээ. Хотын ерөнхий төлөвлөгөө бол АИХ-ын тэргүүлэгчид баталдаг, яг л хууль гэсэн үг. Тухайн үед Туул, Гачуурт, Сэлбийн голыг дээд зэргийн цэвэр,усны түвшинг нь бууруулахгүй байхад их анхаардаг. Инженерийн байгууламжийн бүх тооцооллыг тэр үедээ л ховор байсан компьютер судалгааны аргаар нарийн тооцоолж гаргасан. Тэгэхгүй бол нэг л өдөр усгүй болно гэж үздэг, гаднаас олон эрдэмтэн, судлаач урьж үгийг нь сонсдог байлаа. Одоо сая гаруй хүнтэй энэ хотын хувьд усгүй болох асар том аюул тулгараад байна. Би Монголдоо ирэх бүртээ хотын дарга, удирдлагуудтай уулзаж, энэ талаар анхааруулж хэлдэг.

-Нийслэл хот одоо сая гаруй хүн амтай болчихоод байна. Тэр үед нийслэлийг хэдэн хүнтэй байхаар бодож төлөвлөсөн юм бол?

-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг гаргахдаа 650 мянган хүнтэй байхаар бодож байсан. Манайх шиг 300 гаруй жил дархан цаазат газраа хамгаалсан улс орон байдаггүй. Хамгийн гол нь Сэлбийн голыг цэвэр байлгахад анхаарах хэрэгтэй. Энэ бол нийслэлийн уушиг. Нийслэлийн үе үеийн удирдлагууд Туул, Сэлбээ л бүхнээс дээдэлж ариун байлгах хэрэгтэй гэсэн чиг шугамыг олон жил баримталж ирсэн. Энэ уламжлал 1990 оноос хойш алдагдсан юм билээ. Үүнийгээ л хамгаалж байхыг нутагтаа ирэх бүртээ Нийслэлийн дарга нарт хэлж, захиж байдаг юм даа.

-Та одоогийн улстөрчидтэй уулздаг уу. Ер нь ямар холбоотой байдаг вэ?

-Энд ирэхээрээ уулзана аа. Санаж, бодсоноо хэлдэг л юм. Өнөөдөр хүртэл зарим хүнтэй уулзаж ярилцлаа. Голдуу нийслэлийн удирдлагууд болон барилгын салбарынхантайгаа уулздаг.

-Нийслэл хотын хүн амыг цөөн байх тэр үед өрх бүрээ орон сууцтай болгож болоогүй юм байх даа гэсэн бодол өнөөгийн бидэнд өөрийн эрхгүй төрдөг. Энэ талаар ямар бодлого баримталдаг байсан юм бэ?

-Хотын бүх өрхийг орон сууц­тай болгох нь үе үеийн эрх мэдэлт­нүүдийн мөрөөдөл, хүсэл байсан. Миний үед хотын төвийн орон сууцаа ч нэмэгдүүлье. Гэр хорооллоо ч тохижуулъя гэж ярьдаг байсан. Гэхдээ орон сууцны хорооллуудыг барихдаа цэцэрлэг, сургууль, үйл­чилгээний төвтэй цогцолбор барихыг чухалчилдаг байсан. Байшин үйлдвэрлэх гурван том комбинат байгуулан эрчимтэй ажиллаж байсан. Хаана, ямар барилга, хэдийд ба­рихыг маш нарийн хэлэлцэж шийд­дэг байлаа. Одоогийнх шиг ийм замбараагүй байгаагүй. Харандаа шургуулж байгаа юм шиг хаа дуртай газраа чихэж барилга барьдаггүй. Хатуу төлөвлөгөө, зөвшөөрлөөр барь­даг байсан. Энэ байдал ерээд он, ардчиллын үеэс л эхэлсэн.

-Ингэхэд та ардчиллыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Ямар олиг байх вэ. Тойрон хүрээ­лэгч гээд адлаад байсан болохоор тухайн үед тэр хэмжээнд л хүлээж авсан. Ямар баярлаж талархаж хүлээж авсан гэл­тэй нь биш дээ. Одоо бол сайн, сайхан зүйл ч бий. Алдаатай ч зүйл бий гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж