Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.22) БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав.
Уулзалтаар, 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцлаа.
Энэ хүрээнд Сөүл хотод Гранд опера Чингис Хаан дуурийг тоглуулахаар талууд санал солилцлоо.
Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын шугамаар Монгол Улсад Дуурийн театрын барилгыг шинээр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тавьсны хариуд найруулагч Пэ Гён Хуан дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр БНСУ-ын Урлаг, соёлын яаманд асуудлыг уламжилж, яриа хэлцлийг эхлүүлэхээр саналаа хэллээ.
Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Гранд опера Аида дуурийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.