Британи Оросын цахим халдлагад “хариу барина”

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Британи Оросын цахим халдлагад “хариу барина”

Британи Оросын цахим халдлагад “хариу барина”

Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсоны ОХУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2017.12.22/ эхэлж байна.

Таван жилийн дараа Орост айлчилж буй анхны Британийн Гадаад хэргийн сайдын хувиар Борис Жонсон хэд хэдэн чухал асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.

Айлчлалын өмнө тэрбээр РИА Новости-д өгсөн ярилцлагадаа “Хоёр орны харилцаанд саад тотгор болж буй хэд хэдэн ноцтой асуудал бий. Тэрхүү жагсаалтыг та бид хэдийн мэднэ. Украин, Сирийн асуудал, өмнө нь Ерөнхий сайдын дурдаж байсан цахим халдлага гээд. Энэ мэт асуудлыг бид цэгцлэх шаардлагатай” гэсэн байна.

Борис Жонсон мөн Британийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй цахим халдлагаа нэн даруй зогсоохыг шаардах болно, эс бөгөөс Британийн талаас зохих ижил түвшний хариуг барих болно хэмээжээ. Түүнчлэн Британи цахим орчинд хор хөнөөл учруулах санаа зорилго байхгүй, гэхдээ цахим тагнуултай тэмцэх техникийн чадамжтай гэсэн байна.

Борис Жонсон болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын уулзалтын гол сэдэв “ОХУ Британийн эсрэг цахим тагнуулын ажиллагаа явуулсан” тухай байх бололтой. Мөн дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй Хойд Солонгос ба Солонгосын хойг, Сирийн иргэний дайн, Ираны цөмийн гэрээ зэрэг сэдвээр санал солилцох ажээ.

Түүнчлэн ирэх зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэрх Английн хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг асуудлыг ч хөндөж ярих бололтой.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж