Боловсрол, соёл шинжлэх ухааны спортын яам Биеийн тамир, спортын бодлогын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран “Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд салбар дундын оролцоог хангах нь” сэдэвт спортын нэгдсэн форумыг өнөөдөр зохион байгуулж байна.
“Танан” төвд болж буй энэхүү форумд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн спорт холбоод, хүчний байгууллага болон спорт холбоодын төлөөлөл болсон 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.
Энэ удаагийн форумаар Биеийн тамир, спортын хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хэрэгжүүлж буй арга хэмжээ, Боловсролын салбарын хөгжлийн төлөвлөлт, Эрүүл мэнд, аялал жуулчлал болон мэдээллийн технологийн хөгжил, кибер аюулгүй байдал зэрэг илтгэл тавигджээ. Мөн Төрийн бус байгууллагын тогтвортой хөгжил, засаглал, Спортын арбитрын эрх зүйн орчин зэрэг илтгэлүүд тавигдсан байна.
Форумын үеэр төлөөлөгчид санал, сэтгэгдлээ хэлж байв. Эндээс хамгийн их анхаарал татаж байсан нь биеийн тамир, эрүүл мэндийн талаарх сэтгэгдэл олон гарч байсан. Үүнд албаны хүн дараах тайлбарыг өгсөн юм.
“Засгийн газраас тавигдсан зорилтод эрүүл мэндийн хичээлийн агуулгыг сайжруулахаар заасан байдаг. Одоогоор биеийн тамир, эрүүл мэндийн хичээлийг салгах шийдвэр гараагүй байгаа. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн биеийн тамир, эрүүл мэндийн хичээлийг салгах талаар сайдын шийдвэр гарна. Одоо 12 жилийн сургуулийн хөтөлбөрийн 23 хувьд нь биеийн тамир, эрүүл мэндийн хөтөлбөр суугдсан байна. Үлдсэн 80 хувийг шинэчилж боловсруулах хэрэгтэй гэсэн сайдын шийдвэр гарсан байгаа. Эндээс харахад биеийн тамир, эрүүл мэндийн хичээл хоёр тусдаа байх нь зүйтэй гэж харагдаж байна. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа учраас одоо хэлэхэд эрт байгаа юм” гэж мэргэжилтэн хэллээ.
Мөн төлөөлөгчдөөс биеийн тамирын хичээлийг түлхүү оруулж байх нь чухал байна. Хэдийгээр дунд сургуульд математик, англи хэлний хичээлийн цаг их байдаг ч хүний хамгийн нандин чухал зүйл бол эрүүл мэнд. Тиймээс биеийн тамирын хичээлийн цагийг уртасгах тал дээр анхаарвал сайн байна. Мөн их, дээд сургуулийн нэгдүгээр курст биеийн тамирын хичээлийг оруулаад хаачихдаг. Гэтэл үүнийг дөрөвдүгээр курс хүртэл нь оруулж байвал зүгээр байна. Төрийн мэдлийн спорт заал олон байдаг ч иргэдэд үйлчилэх нь маш бага. Цаашид үүнийг бодлоготойгоор нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч байгаасай гэдэг саналыг хэлж байв.
Өнөөдрийн форум үдээс хойш Төрийн бус байгууллагын тогтвортой хөгжил, засаглал, Спортын арбитрын эрх зүйн орчин сэдвээр үргэлжлэн өндөрлөх юм байна.