“Хараал идсэн” ханиад

Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

“Хараал идсэн” ханиад

“Хараал идсэн” ханиад

-Танай хүүхэд гайгүй юу?

-Ахиад ханиад хүрчихсэн. Эмэнд дарагдахгүй байна?

-Манайх ч ялгаагүй бөөн ханиад. Яана даа.

Ийм яриа энд тэндгүй. Нусаа татсан, ханиалгасан хүнгүй айл өрх, албан газар ч гэж алга.

Хүү маань шөнөжин халуурав. Түргэн дуудсан боловч ачаалал их тул өөрсдөө аваачиж үзүүлсэн нь илүү хурдан болохыг зөвлөв. Шөнө оройгоор хүүгээ тэврээд эмнэлэгт очтол дүүрэн хүүхдүүд. Уйлсан, ханиасан, урвайсан, халуурсан. Харахаас сэтгэл өвдмөөр, бас эмзэглэмээр. Ийм л орчинд иргэдээ амьдруулж байгаа эрх баригчид зурагтаар инээмсэглэн яриа өгөх, харин хажууд  суух бүсгүйн охин их л зовиуртай уйлагнах. Яамаар ч юм бэ, дээ, ядаж өвөл хурдан дуусаасай.

Мэдээж “өвөл болохоор хүйтэн болдог” шиг жилийн жилд, өвлийн өвөлд хүйтрэхээр ханиад томууны дэгдэлт элбэгшдэг л дээ. Өвлийн өвөлд л ханиад томуунд өрхийн төсвөөс чамгүй мөнгө зарцуулагддаг нь худлаа биш. Гэвч, энэ жил арай биш ээ. Ханиад хүрлээ, эдгэлээ, эргээд хүрлээ.

Жил ирэх тусам улстөрчдийнх нь хэрүүл нэмэгдэж, Улаанбаатарын утаа нь өтгөрч, улаанбаатарчуудын уушгины өвчлөл ихэссээр л байна. Хохирогч нь голдуу хүүхэд, хөгшид. Улстөрчид нь сошиалд солиорцгоож, улсынх нь Ерөнхий сайд утаатай “танилцах” үдэшлэг зохион байгуулаад ч ханиад томуу, хатгаа туссан хүүхдийн тоо буурсангүй.

Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, ялангуяа бага насны хүүхдүүд нэрвэгдэж байгааг, амьсгаа бачуурах, гүйлгэх, залгиур хоолой идээлэх зэрэг шинж тэмдгээр өвчилж буйг эмч нар ярьж байна.

Харин албаны хүмүүс утаа өтгөрсөн ч хоруу чанар нь багассан, агаарын бохирдлыг 10 хувь бууруулна гэж зууныхаа шилдэг онигоог үргэлжлүүлээд сууж байхад эсрэгээрээ энэ улсад эрүүл уушигтай хүн үлдэхгүй нь бололтой.

Хүн амынхаа нийт тоогоор авч үзвэл ханиадны дэгдэлт бага байж болох ч хүүхдүүдийн дундах өвчлөл нь тахлын хэмжээнд хүрснийг мэдээлэх байтлаа “албан тушаалын хэрүүл”-д ач холбогдол өгөөд сууж байгаа Эрүүл мэндийн сайдад Монголын ирээдүйн эрүүл мэнд түй ч хамаагүй бололтой.

Ханиад тусаа биз, хамрын шуухинаа хүрээ биз гэж ханддаг эрүүл мэндийн ойлголтоо сайд нь ч, эмч нь ч, иргэд нь ч өөрчлөх цаг болж. Учир нь, Монголд уушгины хорт хавдрын өвчлөл нийт хавдраас эхний гуравт ордог аж. Тодруулбал, жил бүр 330-400 орчим хүн уушгины хавдраар өвчилдгөөс 50 дээш хувь нь амиа алдаж байна. Энэ нь гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсын хувьд SOS мөн үү, мөн.

Агаарын бохирдлын гол буруутан нь мэдээж ажилгүйдэл ядуурал. Харамсалтай нь, өнөөдөр ядуурлын хэмжээ нь 30 хувьд хүрч, SOS зарлах хэмжээнд хүрчихээд байхад Ерөнхий сайд нь утаатай танилцаж, агаар шүүгч тараахаас өөрөөр хүн амын хөгжил, айл өрхийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх юу ч хийсэнгүй. Ирээдүйгээ хардаг эрх мэдэлтнүүдтэй байсан бол нүүрс, алт, зэсээс олж байгаа орлогоо үр хүүхдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болгон, ашиглах байсан болов уу. Харамсалтай нь, ярихаас цааш хэтэрсэнгүй. Олигтойхон ажлын байр ч бий болгож чадсангүй, утаандаа дарлуулсаар эцэс сүүлд нь хараал идсэн ханиадын золиос нь үр хүүхэд маань болж дуусах нь ээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж