Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүгээ нэг хувиар буурууллаа. Тодруулбал, бодлогын хүүг 12 хувиас 11 хувь болгон бууруулсан байна. Бодлогын хүүг бууруулсан шалтгаан нь эдийн засагт эерэг үзүүлэлт гарсантай холбоотой гэнэ. Монголбанк бодлогын хүүг он гарсаар хоёр ч удаа бууруулж байгаа юм. Өнгөрсөн онд 15 хувьтай байсан бодлогын хүү өнөөдөр 11 хувьтай болсноор жижиг, дунд үйлдвэрлэл нэмэгдэх, ажлын байр бий болох гээд эдийн засагт эерэг боломжийг авчирдаг.Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг. Монголбанкны бодлогын хүү арваас дээш хувь байгаа нь өндөртөө ордог. Бодлогын хүү өндөр байгаа нь арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байх нөхцөл нь болдог. Харин бодлогын хүүг бууруулснаар зээлийн хүү буурах боломжтой болж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ