Хуучирсан мэдээ: 2017.12.22-нд нийтлэгдсэн

Аюултай зам

Хүйт тачигнасан өдрүүд үргэлжилсээр өнөөдрөөс ес эхэллээ.

Өвлийн улиралд нийслэлийн гэр хорооллын замуудад халтиргаа гулгаа ихээр үүсдэг. Бид энэ удаа нийслэлийн гэр хорооллын гудамж дах халтиргаатай замыг сурвалжиллаа.

Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд очиход явган хүн байтугай авто машинтай зорчиход ч бэрх зам угтав. Битүү цас тогтжээ.

Цас зарим газраа дагтаршиж мөс болж, хатуурсан байгаа аж. Айлууд угаадсаа ил задгай цацдаг нь замыг улам ч түвэгтэй болгодог байна. Гэхдээ цасанд хучигдсан учраас мөстсөн зам нь тодорч харагддаггүй. Өдрийн цагаар иргэд халтиргаатай замыг тойрч, унаж бэртэлгүй гардаг бол оройн цагаар маш хүнд байдаг гэж оршин суугчид хэлэв. Ахмад настнуудын хувьд дөрвөн хөллөхөөс наахнуур явж, гэртээ очдог гэдгээ нуусангүй.

Гэмтэл согог судлалын төвөөс авсан мэдээллээр энэ онд нийт 85597 осол гэмтэл бүртгэгдсэнээс халтиргааны улмаас 2533 нь бэртэж гэмтжээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн олонх нь ахмад настнууд байна.

Мөн тус эмнэлэгт өдөртөө 300 гаруй хүн хандаж, үйлчилгээ авсны 20 гаруй хувь нь халтиргаа гулгаанаас гэмтэл авсан иргэд байгаа юм. Ихэнх нь гэр хорооллын халтиргаатай замд бэртэж, гэмтжээ. Тэд дээд доод мөчдийн гэмтэл, битүү гэмтэл, тархины гэмтэл, мөчдийн  хугарал гэсэн оноштойгоор эмчлүүлдэг байна.

Хамгийн ноцтой нь зам дагуу угаадсаа асгаж, халтиргаатай зам бий болгосон хүмүүс хариуцлага хүлээдэггүй хэвшил нэгэнтээ тогтжээ.

Бид энэ асуудлыг хороо, хорин болон нийслэл хэрхэн анхаарч ажиллаж байгааг тодруулахаар Нийслэлийн хот тохижилтын газарт хандсан юм.

Албаны хүний тайлбараар бол тус хот тохижилт нь нийслэлийн төвийн хэсгийн зам талбайг хариуцдаг аж. Дүүрэг бүр Тохижилтын компанитай. Гэхдээ гэр хорооллын замыг хариуцдаггүй гэлээ.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ч “Халтираад уначих вий гэсэн айдастай алхдаг. Хороо, дүүргийнхэн татвар хураамж авахдаа л сайн болохоос хэн нь угаадсаа зам дагуу асгаж, бэртэж, гэмтэх зам бий болгоод байна вэ гэдэгт анхаарал хандуулдаггүй” гэв.

Уг нь бол гэр хорооллын гудамж талбайн цэвэрлэгээг тухайн хороо нь хариуцах ёстой аж. Хороо бүр хэсгийн ахлагчтай бөгөөд тэдэндээ үүрэг өгч, хариуцсан гудамжныхаа иргэдийг уриалж, цас мөсийг цэвэрлүүлэх үүрэг хүлээдэг байна. Мөн гудамж талбайд ил задгайгаар угаадсаа асгаж байгаа айлд хяналт тавьж, хариуцлага хүлээлгэх ёстой.

Гэтэл гэр хорооллын гудамжны цас мөсний асуудлыг хороо ч анхаардаггүй, хэсгийн ахлагч нь ч санаа тавьдаггүй явсаар эцэстээ эзэнгүйджээ.

Иргэдийн ухамсар ч мөн нөлөөлж байгааг шүүмжлэх хүн цөөнгүй таарлаа.

Одооноос эхлээд иргэд ухамсраа дээшлүүлж, биедээ хяналт тавин, хороо бүр ажлаа хийсэн шиг хийхгүй бол гэр хорооллын зам осол хамгийн их гардаг аваартай зам болж хувираад байгааг анхааруулъя.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж