Өнөө үеийн нийгмийн алдаа оноо, шүүмжлэлтэй талуудыг хөгжилтэй хэлбэрээр харуулж байгаа ‘Оннц дүмд’ анимейшн энэ сарын 17-нд эхний улирлын цувралаа үзэгчдэд толилуулж дууссан билээ. Кино багийнхан хэсэг хугацааны дараа хоёрдугаар улирлын шинэ ангиудаа үзэгчдийн хүртээл болгох аж. Vol+ сувгаар анх эфирт гарч эхэлсэн /2017.11.15/ цагаасаа цахим орон зай дахь хүмүүсийн ярианы сэдэв болж буй уг бүтээлийг монгол залуусын бүтээсэн онцлох монгол контент хэмээн үзэгчид ам сайтай байгаа.
Үзэгчдийн хайртай дүр болох Сандаг, Дамбжаа, Дамбжаагийн ах Гомбжоо нарын гол дүрд дуу оруулсан Ц.Бат-Оргилтой ярилцлаа. “Оннц дүмд” анимейшны фонын зураач, дууны эвлүүлэгч тэрбээр Оzgill нэрээр энэ бүтээлийнхээ гурван дууг дуулсан залуу уран бүтээлч юм.
/Жич: Киноны гол дүрүүдийн нэрийг уран бүтээлчдийн өөрсдийнх нь өгсөн болон бичсэн хэлбэрээр энд буулгасан болно. Жишээ нь Дамбажаа-Дамбжаа гэх мэт/
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу ?
-Намайг Ц.Бат-Оргил, манай аавыг Цолмонжаргал гэдэг. Улсын филармонийн "Баян Монгол" чуулгад хөгжимчин байсан. Би 2012 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
-Одоо мэргэжлээрээ ажилладаг уу?
-Их сургуулиа төгсөөд гурван ч телевизэд ажилласан. Гэхдээ сэтгүүлч мэргэжлээрээ биш эвлүүлэг, монтаж хийдэг байсан. Эвлүүлгийн найруулга хийх нь надад их сонирхолтой санагддаг. Шинэ зүйл их сурч мэдсэн. Хамгийн сүүлд Боловсрол телевизэд ажиллаж байгаад гарсан. Одоогоор “Beer night” 2D animation studio-ийн үндсэн гишүүнээр ажиллаж байна.
–“Оннц дүмд” хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бэ? Олон хүнтэй баг байдаг байх гэж бодогдсон?
-Манай баг чинь дөрвөн хүний л бүрэлдэхүүнтэй шүү дээ /инээв/. Найруулагч, зохиолч, зураач, хөгжмийн зохиолч, хоолойны жүжигчин О.Баярсайхан /буюу Rokit Bay, туслах найруулагч, аниматор, эвлүүлэгч, графикч Г.Анхныбаяр, туслах аниматор, ам тааруулагч, хянан тохиолдуулагч Л.Тэмүүлэн, гол дүрийн жүжигчин, арын фонын зураач, дууны эвлүүлэгч Ц.Бат-Оргил гэсэн дөрвөн залуу л ажилладаг. Манай багийн залуучууд энэ ажлаасаа огт өөр мэргэжилтэй хүмүүс. Анх анимейшн хийх талаар мэдлэг дутуу ч гэсэн зориглоод эхэлсэн.Гэхдээ хийж байгаа ажилдаа дуртай болохоор энэ тал дээр зовлон байгаагүй. Яваандаа сурч, сайжирч л байна.
-“Оннц дүмд” анимейшн өндөр үнээр бүтсэн үү? Энэхүү бүтээлийг ямар нэгэн нам санхүүжүүлсэн үү гэх хардлага ч сошиалд харагдсан. Санхүүгийн асуудлаа яаж шийдэж, энэ төслөө эхлүүлсэн бэ?
-Ямар ч намын санхүүжилт, улс төрийн оролцоо байхгүй шүү. Өнөөгийн нийгмийн дүр төрхийг л хошин маягаар шүүмжилж байгаа. Бидний бүтээлийг Монгол HD телевизийн дэд захирал Ц.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар дэмжиж, хамтран ажилласан. Эхний ангийг үзээд л хамтаръя, оръё гэж зориглосон хүмүүс гэвэл тэд. Энэ завшааныг ашиглаад баярласнаа илэрхийлье. Мөн Univision, Vol+ сувгийн хамт олондоо ч мөн талархал илэрхийлмээр байна.
-Кинон дээр алдартай “меме” болон гадаадын киноны хэсгүүдийг оруулсан нь гоё шигтгээ болсон байна лээ?
-Хүмүүс харин тэр хэсгийг олж харахаар аягүй кайфтай санагддаг /инээв/. Сериал ч юм уу, кино үзэхдээ их нарийн нягт үздэг хүмүүс байдаг. “Easter egg” буюу нарийн жижиг хэсгүүдийг киноноос олж хардаг хүмүүс гэх юм уу даа. Үзэгчид өөрсдийн олсон “easter egg”-үүдээ Facebook болон twitter -ээр постлох үед гоё санагддаг.
-“Оннц дүмд” дуу оруулах саналыг Rokit Bay тавьсан уу?
-Би олон жилийн өмнө найзуудтайгаа хамт “Nine magic studio”-д ажилладаг байсан. Яваандаа багийн гишүүд өөр ажлууддаа илүү их цаг зав зарцуулах болж гарсаар сүүлд нь дөрвөн хүн үлдсэн нь одоогийн “Онцц дүмд”-ийн баг бүрэлдэхүүн байгаа юм. Анх анимейшн хийх талаар Баяраа ахыг /Rokit Bay/ санал тавихад нь би яг албан ёсоор хүлээж авч чадаагүй. Бараг найзан дундаа яригдаж байгаад өнгөрөх асуудал гэж бодчихсон байсан. Тэгж явсаар шинэ оффист орж, компьютерүүдээ өрж тавиад суухдаа л “Ингээд эхэлдэг юм байж дээ” гэж бодож байсан /инээв/.
-Үзэгчдэд хамгийн алдартай Дамбжаа ноёны дүрийг танд шууд санал болгосон уу?
-Анх ажил эхлэх үед надад нэг их хийх зүйл байгаагүй гэхэд болно. Би энэ төслийнхөө хажуугаар ахтайгаа өөр нэг ажил эхлүүлж байсан болохоор бага ачаалал авах хүсэлт гаргасан юм. Дууны эвлүүлэг дээр л суух төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ Дамбжаа ноёны дүр авахыг бол маш ихээр хүсч байсан. Даанч найруулагч /Rokit Bay/ намайг эхлээд тоогоогүй ээ /инээв/. Битүүхэндээ энэ дүрийг авчих юмсан гэсэн бодолтойгоор зохиолын текстийг харж, хоолойны өнгөө янз бүрээр өөрчилж үздэг байлаа. Нэг орой Дамбжаа ноёны дүрд дуу оруулахаар хүн ирсэн байв. Түүнд дүрийг нь танилцуулах байдлаар Дамбжаагийн хоолойгоор яриад сууж байсан чинь найруулагч намайг харин илүү тоож, шууд гол дүрд дуу оруулах боломж өгсөн. Гэхдээ шууд тэгээд болчихоогүй ээ. Дамбжаа ноёны дүрийг хэд хэд гологдож, хэдэн хоног зүтгэж байж авсан. Би Дамбжаа ноёны дүрд дуу оруулахдаа “Зэрэг нэмэхийн өмнөх” киноны ноёноос санаа авсан. Манай Дамбжаа ноёнтон их сүржин мөртлөө цагаа тулахаар гэнэн ч юм шиг тийм дүр шүү дээ. Араас нь тэгээд Сандаг болон Гомбжоо нарын дүрийг авч, явсаар байгаад хэд хэдэн дүртэй болсон.
–Өмнө нь кинод дуу оруулж байсан туршлагатай юу?
-Үгүй ээ. Үнэндээ би энэ тал дээр ямар ч туршлагагүй. Өөрийнхөө хоолойг хувиргаж, өөр дүр гаргана гэж бодож ч байгаагүй.
-Найман өөр хүний хоолойгоор, дуу оруулна гэдэг хэцүү байх. Туслах дүрүүдээ хаслаа гэхэд гол дүрийн гурван дүрд дуу оруулахад ямар бэрхшээл тулгарч байна?
-Эхэндээ хэцүү байсан. Сүүлдээ сурч, сайжраад дажгүй болсон. Анимейшны зургадугаар ангиас эхлээд асуудалгүй дүрдээ хувирч, дуу оруулдаг болсон. Гомбжоогийн дүрд дуу оруулахад миний хоолой сөөчихдөг байсан. Сүүлдээ туршлага суугаад Сандагийн дууг оруулаад, араас нь Гомбжоогийн хоолойг хийдэг болсон. Тэгэхгүй бол Сандагийн хоолой шал өөр болчих гээд байдаг.
-Насанд хүрэгчдэд зориулсан хүүхэлдэйн киног багачууд нууцаар үзчихдэг гэм бий. Уг нь хязгаарлалт хийгээд байхад хулгайлж тавьдаг сайтууд их байна. Энэ нь өсвөр насны үзэгчдэд хүрэх магадлалыг нэмэгдүүлдэг?
-Уг нь бид насны хязгаарлалт тавьж байгаа учраас л ням гаригийн 22.00 цагийг сонгож, ухрааж үзэх боломжгүйгээр телевизийн vol+ сувгаар киногоо гаргасан. Харамсалтай нь, фейсбүүк хуудаснууд, youtube сувгууд өөрсдийн хандалтыг ихэсгэхийн тулд манай бүтээлийг ямар ч зөвшөөрөлгүйгээр интернетэд байрлуулчихдаг. Зөвшөөрөлгүйгээр хуулж, онлайнаар үзэх боломжийг нээж өгснөөр ямар ч шүүлтүүргүй болгочихож байгаа юм. Уран бүтээл хийж байгаа залуус болон байгууллагыг үзэгчид өөрсдөө үнэнчээр дэмжиж байвал их зүгээр. Хичнээн youtube дээр дуу нь байгаа ч гэсэн очоод CD-гээр нь худалдаж авдаг ч юм уу. Эсвэл хичнээн кино нь үнэгүй олдож байсан ч Univision-оос авч үздэг ч юм уу. Ингэж уран бүтээлчдийг дэмжсэнээр дараагийн уран бүтээлээ хийх мөнгө санхүүд дэмжлэг болно. Монголд сайн бүтээлийг дэмжих ийм үзэгчдийн эргэх холбоо, санхүүжилт сул байдаг. Дундуур нь хүмүүс оюуны эрхийг дур зоргоороо зөрчдөг нь маш их сөрөг тал болдог юм байна.
-Ёс бус үг хэллэг олон гарч байна гэсэн шүүмжлэл байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Шүүмжлэлүүдийг хүлээж авна. Ёс бус үгийг хэт ашиглаж байна гэх мэтчилэн ярьж байгаа. Гэхдээ байгаа юмыг байгаагаар нь харуулахгүй бол манай шоу, энэ анимейшн байгаад яахав дээ /инээв/.
-Анимейшны эхний ангиас эхлээд л үзэгчид дараагийн анги хэзээ гарах бол гэсэн хүлээлттэй болчихсон байсан. Үзэгчдээс ийм өндөр үнэлгээ авна гэж төсөөлж байсан уу?
-Аравдугаар сарын эхээр киноны treaser цацагдсан. Эхний анги цацагдах үед бид нар өөрсдөө бол гэр гэртээ догдолсон хүмүүс л байлаа. Хүн тэгээд сайн зүйлээс, илүү муу зүйлийг л түрүүлж боддог юм билээ. Зүгээр л энд тэндгүй муулаад эхэлбэл яах бол гэсэн бодол төрж, newsfeed-ээ гүйлгээд л хэвтээд байлаа. Тэгсэн харин дажгүй шүү. Үзэгчид их сайхан хүлээж авсан. Яг бидний хүргэх гэсэн мессежийг маш сайн ойлгож, хүлээн авсан. Тэгэхээр хүн их урам ордог юм билээ. Улиг болсон үг шиг сонсогдож магадгүй. Гэхдээ хүн чинь тийм юмнаас их урам авч, өөртөө итгэлтэй ажлаа хийдэг юм байна.
-Хоёрдугаар улирлын анги хэзээнээс хийгдэж эхлэх бол?
-Эхний цувралаа хийх гэж манай багийнхан машин шиг л зүтгэсэн. Найруулагчийн цагийн зөв төлөвлөлтөөр явсан учир харин яг таг цагт хугацаандаа амжсан. Хоёрдугаар улирлын ажилдаа илүү туршлагажсан байдлаар орно. Хугацааны хувьд одоогоор төлөвлөгөө гараагүй байгаа. Гэхдээ нэг их удахгүй ээ.
-Үзэгчид мэдэхийг хүсэж байгаа байх. Хоёрдугаар улирлын ангид Гомбжоогийн дүр эргэж ирэх болов уу?
-За ёстой хэн мэдэхэв /инээв/. Хоёрдугаар улирал эхлэхээр л үзэцгээж дээ.