Есдүгээр сард Карибын арлуудыг нөмөрсөн Ирма далайн шуурга Кубад асар их хохирол авчирсны улмаас удирдагч Раул Кастро огцрох төлөвлөгөөгөө хойшлуулахад хүрчээ.
Кубын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр хар шуурганы тарьсан гамшиг хохирлыг арилгах арга хэмжээ авах шаардлагатай учраас 86 настай Раул Кастро ирэх оны хоёрдугаар сарын 24-нд огцрох төлөвлөгөөг хойшлуулсан байна.
Кубын хувьсгал гарсан 1959 оноос хойш тул улсыг ах дүү Фидель, Раул Кастро хоёр удирдаж ирсэн юм.
Коммунист дэглэмтэй Кубын нэг намын системт сонгууль Ирма хар салхинаас болж хойшлогджээ. Кубын үндэсний ассамблей пүрэв гаригт улсын үндэсний телевизээр Кастрогийн залгамжлагчийг ирэх дөрөвдүгээр сарын 19-нд зарлана хэмээн мэдэгдсэн байна.
Раул Кастро Үндэсний ассамблейн хурал дээр хэлсэн үгэндээ “Миний хоёр дахь бас сүүлийн бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусч, Куб шинэ ерөнхийлөгчтэй болно” гэжээ.
Кубын дараагийн ерөнхийлөгчөөр Раул Кастрогийн итгэлийг хүлээсэн дэд ерөнхийлөгч Мигел Диаз Канел сонгогдох магадлал өндөр байгаа юм.
1960 онд төрсөн Диаз Канел Кубын армийн генералуудыг бодвол харьцангуй залуу ажээ.
Диаз Кубын хувьсгалын эхэн үед хориглодог байсан rock ‘n’ roll хөгжим сонсох дуртай гэнэ.
Эх сурвалж:CNN