УИХ-ын чуулганы хуралдаанаар Баруун бүсийн экспортын эрчим хүчийг гааль болон НӨАТ-ын татварыг чөлөөлөх УИХ-ын тогтоолыг баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Завхан аймгийн Тэлмэн суманд баригдсан цахилгаан станц бол өмнө нь Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайн дэргэд баригдсан юм. Үүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөл аймагт хятадын шаахай гишгүүлэхгүй гэж хөөж явуулж, тухайн компанийн хөрөнгө оруулалтыг зогсоосноор 35 мвт-ын цахилгаан станцыг төрд авахаар болж, суманд нь хүлээлгэж өгсөн.
Тухайн аж ахуй нэгжид маш их хэмжээний хохирол учруулсан. Тиймээс одоо төр ой санамжаа мартсан юм шиг төрийн албаны залгамж чанар алдагдуулсан шийдвэр гаргаад байвал хувийн хэвшил, аж ахуй нэгж, гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулахаас айна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн та Завхан аймгийн Тэлмэн сумын 100 мвт-ын цахилгаан станцыг барьж, баруун таван аймгийн цахилгаанаар хангах ажлыг эхлүүлэх ёстой. Энэ бол Ж.Эрдэнэбат сайдын Засгийн газрын үед гарсан шийдвэртэй. Энэ сайн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нэг гол заалт бол сэргээгдэх эрчим хүч, нар салхины станцуудыг ашиглах. Нар салхины эрчим хүчний хэрэглээ 12 хувьтай байгааг 30 хувь хүргэх тал дээр эхэлсэн байгаа төслүүдээ дэмжих шаардлагатай байна. Түүнээс гадна утаатай тэмцэх асуудал нэг, хоёр арга сонгоод шийдэх асуудал биш. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дагуул хотуудыг бий болгосноор агаарын бохирдлоос салах нь хамгийн бодит үнэн. Хий, газ ашиглан дагавар хот руу чиглэсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлбэл бидэнд илүү үр дүнтэй байж магадгүй.
Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний тариф хөнгөлөх, сайжруулсан зуух, дулаалга гэсэн олон цогц бодлого хэрэгжүүлж байж асуудлаа шийднэ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг сурталчлах, ойлгуулах нь маш чухал гэлээ.
Ш.ОЧ